Улсын их дэлгүүр (УИД)-ын 5, 6, 7 давхрыг хамарсан галыг унтраахаар Онцгой байдлын алба хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Яг одоогийн байдлаар галыг бүрэн унтрааж чадаагүй байгаа ч харьцангуй намжаалаа. Алба хаагчид дөнгөж сая нэг давхраар дамжин, дотогш нэвтэрлээ.
Сануулахад, нийслэлийн Онцгой байдлын албанд 16:48 цагийн орчимд УИД-т гал гарч байгаа тухай дуудлага ирсэн юм.
Анх гурван ангийн алба хаагчид ажиллаж байсан ч нөхцөл байдал хүндэрсэн тул нэмэлт хүч авчирч, нийтдээ долоон ангийн алба хаагчид дайчлагдаад байна.
Нийслэлийн Онцгой байдлын алба нийт 14 ангитай. Эдгээрийн долоо нь одоогоор УИД-т гарсан галыг унтраахаар ийн ажиллаж байна.
Эх сурвалжийн мэдээлснээр гал гарч эхэлсэн цагаас хойш Онцгой байдлын алба хаагчид нийт 11 хүнийг галын аюулд өртөх эрсдлээс хамгаалсан ба тэдний 2-3 хүн нь угаартсан байжээ. Угаартсан иргэдэд Түргэн тусламжийн гурван ч машин ирж, тусламж үзүүлсэн.
Их дэлгүүрийн дээд давхарт хоолны газрууд байдаг тул газ дэлбэрэх аюултайг гал унтраах ангийн алба хаагчид анхааруулан, ойролцоох иргэдийг холдуулж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
УИД-ийн долоон давхарт ресторан үйл ажиллагаа явуулдаг бол зургаан давхарт үндэсний үйлдвэрлэл, уран зураг, эртний үнэт эдлэл, жуулчдад зориулсан худалдаа, номын дэлгүүр, харин тавдугаар давхарт кино театр, цахилгаан болон гэр ахуйн барааны тасгууд үйл ажиллагаа эрхэлдэг.
Гэрэл зургийг А.Азжаргал
Сэтгэгдэл ( 0 )