Их дэлгүүрт гал гарч эхлэх үед дээвэр дээр 4-5 хүн байжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 08

Өчигдөр (2020.06.07) 16.48 цагт онцгой байдлын албаны шуурхай утсанд Улсын их дэлгүүрийн барилгад утаа тархсан талаар дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу  аврах анги очиход барилгын баруун хэсгээс гал авалзаж байжээ. Гал барилгын зургаан давхраас эхэлж, удалгүй долоон давхрыг хамарсан. Улмаар нэг цаг орчмын дараа таван давхрыг ч хамарсан юм. Нийтдээ 3-4 удаа тэсэрч дэлбэрэх дуу сонсогдсон гэдгийг иргэдийн зүгээс хэлж байлаа.

Барилгад байсан иргэдийн ярьснаар гал гарснаас 10-15 минутын дотор бүх иргэдийг гаргаж амжжээ. Мөн албаныхны зүгээс зургаан иргэнийг галын аюулаас аварсан талаар мэдээлсэн бөгөөд аврагдсан иргэдийн хоёр нь угаартсан байдалтай байсан аж. Харин гал авалзах үед 4-5 иргэн их дэлгүүрийн дээвэр дээр байсныг манай зурагчин дурандаа буулгасан. Анх гал гарсан зургаан давхарт бэлэг дурсгал, хоолны газрууд үйл ажиллагаа явуулдаг бол долоон давхарт ресторан ажилладаг. Урьдчилсан байдлаар гарсан мэдээллээр барилгад засвар хийж байсан иргэд гал алдсан байх магадлалтай аж. Гэхдээ энэ нь эцсийн шалтгаан биш гэдгийг газар дээр ажилласан аврагчдын зүгээс хэлсэн юм. Галыг 19.30 цаг орчим унтраасан.

Нийслэлийн хэмжээнд нийтдээ 14 гал унтраах анги үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл өчигдрийн гал дээр найман ангийн ээлжийн 100 орчим албан хаагчтай бүрэн бүрэлдэхүүн 25 техник хэрэгсэлтэй ажилласан байна.

Дашрамд дурдахад, их дэлгүүрийн 130 тасагт 260  түрээслэгч худалдаа үйлчилгээ эрхэлдэг. Нийт мянга гаруй ажилтанг ажлын байраар хангадаг. “Улсын их дэлгүүр” олон нийтийн өмчлөлтэй компани бөгөөд хувьцааных нь 61 хувийг "Номин холдинг"-ийн ах дүүс болох гурван том хувьцаа эзэмшигч эзэмшдэг. Үлдсэн 38.81 хувь нь 44 мянга гаруй жижиг хувьцаа эзэмшигчийн мэдэлд байдаг билээ.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.184.120) 2020 оны 06 сарын 08

Одоо БҮХ бараанд нь хиншүү утаа тортог үнэр шингэсэн байгаа даа . Манай гадныханд өндөр шат хүрэлцээгүй БАС усаар галаа унтраадаг хөөс хөөс байхгүй юм байна .

0  |  0
Сэтгэл(150.129.142.210) 2020 оны 06 сарын 08

Их дэлгүүрт түрээслэгч нь алтны тасаг, гоо сайхны тасаг буюу 1 давхарын үүдэн хэсэг бас бэлэг дурсгал ,нооллуурын тасаг нь түрээстэй ер нь дөө дийлэнх тасгаа номин холдинг өөрөө ажлуулдаг...Хүний амь үрэгдээгүй нь их юм даа...

0  |  0
Top