Онцгой байдлын алба хаагчид УИД-т гарсан галын тархалтыг зогсоож, галыг бүрэн унтраахаар ажиллаж байна.
Цагдаагийн байгууллагаас "Их дэлгүүрийн дээврийн хэсэгт хар цаас нааж байсан ажилтнууд гал алдсан. Онцгой байдлын алба хаагчид 11 иргэнийг аварч, хоёр иргэн угаартсан байсныг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн" гэх мэдээллийг өглөө.
Харин ослын газарт ажилласан Гал унтраах, аврах ангийн алба хаагч “Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд өнөөдөр 16:48 минутад УИД-ын зургаан давхарт утаа гарлаа гэсэн дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн гал унтраах 10-р ангийн нэгдүгээр тасаг анх ирсэн. Ирэхэд гал тархах эрсдэлтэй байсан тул нэмэлт хүч дуудсан. Яг одоогоор гал унтраах найман ангийн 100 орчим алба хаагч, 25 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Цагдаагийн байгууллага гал гарсан объектыг хамгаалалтад авлаа. Гал гарах үед дотор байсан зургаан иргэнийг Онцгой байдлын байгууллагын зүгээс аварч, эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Угаартсан байдалтай иргэд байсан. УИД-ын барилга өөрөө онцлогтой барилга, гонхон хийцтэй буюу голдоо хөндийтэй. Гал зургаан давхраас тархаж, дээврийн хэсэг бүхэлдээ шатсан. Дөрөв болон тавдугаар давхар галд тодорхой хэмжээгээр өртсөн. Доод давхрууд буюу УИД бүхэлдээ утаатай, галын нөлөөнд автсан байдалтай байгаа. Гал тархахад нөлөөлсөн гол зүйл барилгын өөрийнх нь хийц. Голын хэсэг буюу агаарын хөндий урсгал үүсэж байдаг барилга тул дээврийн хэсэг рүү гал хурдтай тархсан. Галын тархалтыг бүрэн зогсоолоо. Одоо дотогш орж, галыг бүрэн унтраах ажил үргэлжилж байна. Урьдчилсан байдлаар завсар хийж байсан хүмүүс гал алдсан байх магадлалтай гэсэн таамаг байна. Галын улмаас дэлбэрэлт явагдсан. Баруун урд хэсэгт төмөр, тоосго нурсан. Хохирлын хэмжээ, шалтгаан нөхцөлийг тогтоох ажил одоо эхэлнэ” гэсэн мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөн юм.
Гэрэл зургийг А.Азжаргал
Сэтгэгдэл ( 2 )
гал 7 давхараас биш 6 давхараас гарч эхэлсэн, ажилчид энд хамаагүй байтал буруутгах?
маш харамсалтай, энд олон түрээслэгч бараа материалаараа хохирлоо. Номин даатгалаас хохирлыг барагдуулах л байх, тэхдээ л үндсэн орлогоо яаж гүйцэхэв. Номин ч өөрөө их хохирч байна. Хариуцлага, аюулгүй байдлыг хангах асуудалд их анхаарах хэрэгтэй байжээ. Би энэ дэлгүүрт, хуучны энэ барилгад нь хайртай байдгийн, аав минь намайг багад энд ажиллаж байсан, агуулахад шинэ даавуу өрөөд тавьсан , тэрнээс үнэртдэг үнэр сэтгэлээс гардаггүй, сайхан засаад хуучнаар нв байлгаасай. Номингийнхноо дэмжье, улсын нүүр царай болсон дэлгүүр шүү, өөртөө их дэлгүүр гэж цоллосон өрөвдмөөр юмнууд бий