ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 17

Өнөөдөр 2020.06.17. Энэ оны 168 дахь өдөр бөгөөд он дуусахад 197 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 52 минутад мандлаа. 20 цаг 54 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 25 хэм, шөнөдөө 8 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Цөлжилт, гантай тэмцэх олон улсын өдөр. Улс орнуудаас Латвид өнөөдөр Латви улсын өдөр бол Индонезид Хүүхдүүдийн өдөр тохиож байна.

Өнөөдөр Францын жүжигчин Дени Лаван, Америкийн жүжигчин Грег Киннир, Жэйсон Патрик, Мексикийн дуучин, жүжигчин Саша Сокол, Энэтхэгийн теннисчин Леандер Паес, Америкийн теннисчин Винус Уильямс, Австралийн усанд сэлэлтийн тамирчин, Олимпын гурван удаагийн аварга Стефани Райс зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1934 оны энэ өдөр тухайн үед дэлхийд томоохонд тооцогдож байсан онгоц болох “АНТ-20” (Максим Горький)-ийн анхны туршилтын нислэг болжээ.

1950 оны энэ өдөр Чикагогийн мэс засалч Ричард Лоулер дэлхийд анх удаагаа бөөр шилжүүлэн суулгах мэс ажилбарыг 45 минутад хийсэн байна.

1967 оны энэ өдөр БНХАУ устөрөгчийн бөмбөгийг анх удаа туршжээ.

1982 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Роналд Рейган НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурал дээр ЗСБНХУ-ыг харгис гүрэн гэж нэрлэж байжээ.

2000 оны энэ өдөр Москвад Их Британийн Элчин сайдын яамны шинэ барилгын нээлтийн ёслол болжээ. Ёслолд оролцохоор Их Британийн гүнж Анна, Гадаад хэргийн сайд Робин Кук нар ОХУ-д иржээ.

Өнөөдөр үс засуулбал жаргал үргэлж ирнэ гэжээ.

Энэ өдөр хонь, гахай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаарай. Өнөөдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин газар хагалах, ус, булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас тавих, балгадын суурь тавих, нохой худалдаж авахад таагүй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа юм. Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top