ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 18

Өнөөдөр 2020.06.18. Энэ оны 169 дэх өдөр бөгөөд он дуусахад 196 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 53 минутад мандлаа. 20 цаг 54 минутад жаргана.

Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө 28 хэм, шөнөдөө 12 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Азербайжанд Хүний эрхийн өдөр бол Камбожид Хатан хааны төрсөн өдөр, Сейшелийн арлуудад Үндсэн хуулийн өдөр тохиож байна.

Өнөөдөр Америкийн жүжигчин, “Эмми”-гийн хоёр удаагийн шагналт Кэрол Кэйн, Италийн жүжигчин, модель Изабелла Росселлини, Америкийн рок хөгжимчин, “Guns N' Roses” хамтлагийн гишүүн Диззи Рид, жүжигчин Ким Диккенс, Канадын хоккейчин Мартен Сен-Луи, Оросын хөтлөгч, сэтгүүлч, нэрт дуучин Алла Пугачевагийн нөхөр Максим Галкин зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1812 оны энэ өдөр АНУ Их Британид дайн зарлажээ.

1907 оны энэ өдөр Лондонд Жорж Бернард Шоу, Марк Твен нар уулзав.

1946 оны энэ өдөр Италийг бүгд найрамдах улс гэж зарлажээ.

1959 оны энэ өдөр Англиас АНУ-д анх удаагаа телевизийн нэвтрүүлэг дамжуулагджээ.

Мөн оны энэ өдөр пуужин тээвэрлэгч “Восток-Л” Зөвлөлтийн “Луна-2А” станцаас хөөрөв.

Өнөөдөр үс засуулбал өлзийтэй сайн гэжээ.

Энэ өдөр хулгана, бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаарай. Өнөөдөр буян номын үйл эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр, байр авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Харин гүүр тавих, газар шороо ухахад таагүй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай юм. Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top