Б.Баянзул: Хүүхэд түлэгдэж ирэх нь их байна

Админ | Zindaa.mn
2020 оны 07 сарын 08

Зуны амралт, аялал зугаалга эхэлсэнтэй холбоотой хүүхдийн осол, гэмтлийн талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн статистик, мэдээ­лэл, тандалт судал­гааны албаны, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Б.Баянзулаас тодрууллаа


-Зуны амралт эхлэхээр хүүхэд ахуйн осолд их өртдөг. Он гарснаас хойш эхний зургаан сарын байдлаар хэчнээн хүүхэд гэмтэж, бэртсэн бэ?

-Энэ оны эхний зургаан сарын байдлаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд гол усны аюулд өртсөн гурван тохиолдол, түлэгдэлт 1710, зам тээврийн осол 1427, хүчирхийллийн нийт 378 тохиолдол бүртгэгджээ. Энэ тоо баримт нь улсын хэмжээнд биш зөвхөн Гэмтэл согог судлалын үндэсний төвд тусламж үйлчилгээ авсан, үйлчлүүлсэн хүмүүсийн тохиолдол учраас ослын тоо бага байгаа. Харин өмнөх оны эхний зургаан сарын байдалтай харьцуулж үзэхэд нийт тохиолдлын тоо буурсан хандлага ажиглагдаж байна. Тодруулбал, хүчирхийлэл, зам тээврийн ослын тохиолдлын тоо буурахад хөл хорионы үе ихээхэн нөлөөлсөн. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хэмжээнд тохиолдлын тоо буурсан ч улсын хэмжээнд тохиолдлын тоо их байх боломжтой. Жишээ нь, мориноос унах, малд өшиглүүлэх зэрэг хөдөө орон нутагт гарах ослыг нэмээд улсын хэмжээний тоон мэдээллүүд энэ сарын сүүлээр эцэслэн гарна.

-Эдгээр ослуудын аль осол нь илүү давамгайлах хандлагатай байна вэ?

-Хүүхдийн хувьд хамгийн давамгайлах ахуйн осол бол түлэгдэлт. Энэ оны эхний зургаан сарын байдлаар 0-18 хүртэлх насны түлэгдэлтийн 1710 тохиолдол бүртгэгдсэн байна. Бага насны хүүхдийн түлэгдэлтийн ихэнх нь цахилгаан тогоонд ус, цай, хоол хийх, буцалгах явцад гарсан байна. Мөн зам тээврийн осол давамгайлах хандлага ажиглагдаж байна. Он гарснаар хойш 1427 хүүхэд зам тээврийн осолд өртөн бэртэж, гэмтсэн. Эцэг эхчүүд хүүхдээ зориулалтын суудалд суулгахгүй өвөр дээрээ авч зорчих, хурд хэтрүүлэх зэрэг нь осол гарах үндэс болдог.

-Гэр бүл, эцэг эхийн анхаарал, болгоомжгүй байдал нь хүүхэд хохирох шалтгаан болж байна. Үүнд эцэг эхчүүд хэрхэн анхаарах вэ?

-Гэр бүл, эцэг эхийн хараа хяналт муу, анхаарал, болгоомж суларсан үед хүүхэд хохирох, гэмтэх тохиолдол ихэвчлэн гардаг. Эцэг эхийн хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах боловсрол олгох нь хамгаас чухал. Мөн эцэг эхчүүд гэрийнхээ техник хэрэгсэл, тог цахилгаан, аюулгүй байдлыг сайжруулах, цонхондоо хаалт хийх, тээврийн хэрэгслээр зорчихдоо хүүхдээ зориулалтын суудалд суулгах гэх мэт энгийн аргаар урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна. Аялал зугаалга эхэлсэн үед хүүхдээ ганцааранг нь орхихгүй, тоглуулахгүй байх дээр илүү анхаараарай. Хүүхэд ч гэлтгүй томчууд аялал зугаалгад явж байгаад хорхог боодог хийх явцад бидон дэлбэрэх, газ дэлбэрэх зэрэг ахуйн осол их гардаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top