Амгалан Базархандаев: Үндэсний их баяр наадам бол Монголын Төрт ёсны өв билээ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 10

ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, ОХУ-ын Холбооны агентлаг “Россотрудничество”-гийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Амгалан Базархандаев Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан монголчууддаа мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр мэндчилгээндээ

“Эрхэмлэх түүхтэй, Их Монгол Улсынхаа эзэн нь болсон монгол анд нөхөд өө, өнө мөнхийн хөрш үнэнч ахан дүүс ээ.

Монгол хүн бүрийн хоног тоолон догдлон хүлээдэг их баяр Үндэсний их баяр наадам бол морьтон ардын өвөг дээдсээсээ өвлөн ирсэн тасаршгүй уламжлал, арвин түүх, далай их соёл, ёс заншлын цогц, Монголын Төрт ёсны өв билээ. Энэ их өв соёлыг эрхэмлэн тээгч, дээдлэн үргэлжлүүлэгч, дэлгэрүүлэгч нь Монголын хийморьлог наадамчин олон, бөхчүүд, харваачид, уяачид та бүхэн билээ.

Монголын Тулгар төрийн 2229, нүүдэлчин үндэстэн Их Монгол Улсаа байгуулсны 814, Ардын хувьсгалын 99 жил, Үндэсний их баяр наадмын мэндийг “Россотрудничество”-ийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, түүний үйл ажиллагааг хэрэгжүүлж буй Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

Монгол түмэн та бүхэн цар тахлын энэ үед Монгол Улсын Онцгой комиссын шийдвэрийг чандлан хэрэгжүүлж, эрүүл энхийн төлөө цаг наргүй зүтгэж буй цагаан нөмрөгт баатруудынхаа нөр их хөдөлмөрийг хүндэтгэж, өөрийнхөө болоод гэр бүл, хамт олныхоо аюулгүй байдлыг хангаж сайхан наадаарай.

Хүлэг бүхэн хурдан, бөх болгон даваатай, сум тоолон мэргэн байх болтугай" гэжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.126.89.218) 2020 оны 07 сарын 13

Жаргал зовлонгоо хуваалцаж амь нэгтэй ах дүүс та нартаа баярлалаа. Наадам баяр сайхан болж байна.

0  |  0
Z(202.9.46.129) 2020 оны 07 сарын 10

argaggui l mongol hun mun bn shuu

0  |  0
Top