Дэлхий дээр 67 сая жилийн өмнө амьдарч байсан тираннозавр үлэг гүрвэлийн араг ясыг Нью Йорк хотод “Christie's” дуудлага худалдаагаар оруулахаар болжээ.
“The New York Times” сонинд мэдээлснээр, ирэх сарын 6-нд болох дуудлага худалдаа болтол араг ясыг Манхэттенд үзэсгэлэнгийн хоргонд байрлуулж, олон нийтийн хүртээл болгох гэнэ.
Шинжээчдийн үнэлгээгээр энэ олдвор 6-8 сая ам.долларт хүрэх магадлал өндөр байна. Тираннозаврын нийт 188 ясны хэсгээс бүрдсэн энэ ховор олдвор өнөөг хүртэл олдож байсан энэ төрлийн үлэг гүрвэлийн араг яснаас бүтнээрээ шахам олдсоноороо онцлог. Олдворыг Өмнөд Дакота мужийн палеонтологич Стэн Сэкрисон 1987 онд илрүүлж байв. Эхлээд үүнийг өвсөн тэжээлт трицератопс үлэг гүрвэлийнх гэж үзэж байсан бол 1992 онд тираннозавр болохыг тогтоожээ. Араг ясыг тунадаснаас цэвэрлэхэд нийт 30 мянган хүн/цаг шаардагджээ. Эрдэмтдийн үнэлгээгээр, эл тираннозавр 7-8 тонн жинтэй байсан бөгөөд шүд нь 27 гаруй см урт байжээ.
1997 онд тираннозаврын араг ясыг дуудлага худалдаагаар Чикаго дахь Филдийн Байгалийн түүхийн музей 8.36 сая ам.доллароор авч байжээ. Ирэх дуудлага худалдаагаар түүний үнэ дээд амжилт тогтооно гэж шинжээчид таамаглаж байна.
Сэтгэгдэл ( 0 )