Хятад-Австралийн маргаанаас МОНГОЛ хожих уу!

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 13

-Шууд утгаар нь харвал БНХАУ Австралиас нүүрсний импортоо зогсоох нь манайд ашигтай мэт байж болох. Гэвч ингэж дүгнэхэд бэрх...- 

Хятадын томоохон компаниуд Австралиас нүүрс импортлохгүй байх тухай амаар сануулсан тухай мэдээлэл дэлхий даяар цацагдав. Энэ мэдээлэл хуучирч ч амжаагүй байхад Хятадын томоохон импортлогчид худалдан авалтаа аажмаар зогсоож эхэллээ. Гэхдээ энэ бол гайхаад байхаар үйлдэл биш. Автсрали-Хятадын харилцааны сүүдэр олон салбарт сүүдрээ тусгасны нэг нь нүүрсний салбар. Одоогоос таван сарын өмнө Хятадын тал мөн л Австралиас нүүрс импортлохгүй гэж мэдэгдэж байв. Хятад улс Австралид яагаад шахалт үзүүлж байгааг товч тоймлое.

Сүүлийн хоёр долоо хоногт Хятадын талаас Австралийн нүүрсийг худалдан авах санал эрс бууржээ. Буурахаас гадна өөр нэг асуудал үүссэн нь Хятадын гааль Австралийн импортын нүүрсийг нэвтрүүлэхгүй байсан нь томоохон “бөглөрөл” үүсгэсэн юм. Мэдээж хэрэг хил нэвтрэхэд үүссэн асуудал, улс төрийн уур амьсгалаас шалтгаалан Хятадын топ импортлогчид нүүрсний захиалгаа хойшлуулах болжээ.

Угтаа нүүрс худалдан авахгүй байх тухай мэдээлэл өчигдөр цацагдсан ч аравдугаар сар гарахтай зэрэгцэн үйл явдлын өрнөл тавигдсан юм. Энэ сарын эхээр Хятадын засаг захиргаа Австралийн талд импортын квотыг бууруулах, хил нэвтрүүлэхгүй байх зэргээр “чангалах” болсон билээ. Үр дүнд нь Хятадын дотоодын зах зээлд нүүрсний фючерс ханш өсөж эхлэв. Аравдугаар сарын эхэнд Австралийн нүүрсний тээврийн ханш тонн тутамдаа 614.4 юань байсан бол Хятадууд чангалж эхэлснээс хойш энэ ханш 626.4 юань болж өсжээ. Өнгөрсөн оны мөн үед 583.2 юань байсантай харьцуулбал огцом нэмэгдсэн үзүүлэлт.

Хятадын талаас худалдан авалтаа бууруулах шийдвэрийг албажуулаагүй байна. Гэхдээ Австралийн нүүрсийг импортлохгүй байх, квотыг бууруулах тухай мэдээлэл худалдагч, худалдан авагч талын аль, алинд нь эргэлзэх, тодорхойгүй нөхцөл байдал үүсгээд байна

Түүхий эдийн зах зээлийн талаар мэдээлдэг Аргус Медиагийн мэдээллийг харвал БНХАУ-д тохиосон алтан долоо хоногийн амралтын үеэр Австралид импортын шахалт үзүүлэх нь нэгэнт тодорхой болсон байжээ. Өөрөөр хэлбэл энэ сарын 01-08-ны өдрүүдэд Хятадын засаг захиргаа  импортлогч компани, аж ахуйн нэгжүүдтэй уулзаж Австралиас нүүрс импортлохгүй байхыг үүрэгдсэн байна. Үүнээс үүдэн зах зээл дээр эргэлзээ төрж эхэлсэн ч эсрэгээрээ ОХУ болон Индонезийн тээвэрлэлт нэмэгджээ.

Хятадын талаас худалдан авалтаа бууруулах шийдвэрийг албажуулаагүй байна. Энэ нь зарим компаниуд боомт дээрээ Австралийн нүүрсийг буулгаж байгаагаас тодорхой харагдана. Гэхдээ Австралийн нүүрсийг импортлохгүй байх, квотыг бууруулах тухай мэдээлэл худалдагч, худалдан авагч талын аль, алинд нь эргэлзэх, тодорхойгүй нөхцөл байдал үүсгээд байна

Энэ сарын эхээр Хятадын дорно хэсгийн мужуудад орших импортын компаниуд 10 орчим томоохон гэрээгээ цуцалсан байна. Нүүрс худалдан авахгүй тухай мэдээлэл нийтэд цацагдахаас сар гаруйн өмнө дээрх гэрээг үзэглэж, 11-12 дугаар саруудад импорт хийхээр төлөвлөж байжээ. Үүнтэй адил дүр зураг Хятадын өмнөд хэсгийн пүүсүүдэд нэгэнт ажиглагдаж эхэлсэн бөгөөд 12 дугаар сард хийх импортын гэрээгээ цуцлахаар төлөвлөж байна.

Нийлүүлэгч Австралийн тал ийнхүү маш том шахалт, ацаан шалаанд орчихлоо. Хятадын голлох нийлүүлэгчдийн нэг Glencore компани Шинэ Өмнөд Уэльс болон Күинслэнд дэх уурхайнуудаа 2-3 хоног амрааж, зул сарын баярын амралтын хугацааг сунгахаар төлөвлөж байна. Цар тахлын нөхцөл байдал, импортын хязгаарлалт зэргээс шалтгаалж Австралийн компаниуд хэдэн сарын турш алдагдалтай ажиллаж буй аж.

Тоон мэдээллийг харвал энэ оны эхний найман сарын байдлаар БНХАУ Австралиас 38.6 сая тонн эрчим хүчний нүүрс импортолжээ. Энэ нь өнгөрснө оны мөн үеийнхээс 14 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Гэхдээ долоодугаар сар, наймдугаар сараас импортын хэмжээ алгуур буурах болов. Эхний хагас жилийн гүйцэтгэл сайн байсан учраас ерөнхий үзүүлэлтээрээ нэмэгдсэн дүнтэй гарчээ.

Австралид үзүүлж буй шахалт Монгол Улсад ашигтай гэж дүгнэхэд бэрх. Учир нь манай талын нийлүүлдэг нүүрсний нэр төрөл өөр, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хилээ хаасан, экспорт жирийн үеийнхээс тодорхой халдвар, хамгаалалтын дэглэмд өрнөж байгаа зэрэг олон шалтгаан бий.

Хятадын зах зээлд Австралийн 5500 ккал илчлэгтэй эрчим хүчний нүүрсний эрэлт өндөр. Австралийн зүгээс бусад улстай харьцуулахад Хятадад нийлүүлэх эрчим хүчний нийлүүлэлтийг үүнээс өсгөх бодлого баримталдаг. Гэвч зах зээл дээр үүссэн нөхцөл байдлаас шатгаалан 5500 ккал бүхий илчлэгтэй Австралийн нүүрсний тонн тутам дахь үнэ 40.15 доллар болж буураад байна. Хэрэв зүүн хойд хэсгийн ихэнх компаниуд ирэх хоёр сарын нийлүүлэлтээ цуцлах шийд гаргавал ханш нь үүнээс ч буурна.

Энэ байдал манайд хэрхэн ашигтай эргэх вэ гэж олон хүн бодож байж болох. Шууд утгаар нь харвал БНХАУ Австралиас нүүрсний импортоо зогсоох нь манайд ашигтай мэт байж болох. Гэвч ингэж гэж дүгнэхэд бэрх. Учир нь манай талын нийлүүлдэг нүүрсний нэр төрөл өөр, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хилээ хаасан, экспорт жирийн үеийнхээс тодорхой халдвар, хамгаалалтын дэглэмд өрнөж байгаа зэрэг олон шалтгаан бий.

Өөр нэг шалтгаан байгаа нь нийлүүлэлтийн хэмжээ. Уншигч та анзаарсан бол Австралийн нийлүүлэлт 38.6 сая тонн. Харин манай хувьд эрчим хүч, коксжих, чулуун нүүрс нийлээд 2020 оны эхний найман сарын байдлаар 11.5 сая тонн нүүрс экспортолжээ. Өнгөрсөн есдүгээр сарын статистик мэдээллийг харахад экспортын хэмжээ үүнээс ч буурсан дүр зураг ажиглагдаж байна. Австралид нийлүүлэлт яаж ч тасалдсан монголын нийт нүүрсний хэмжээнээс илүү байна.

Хэрэв нүүрсний экспортын нэр төрлийг нэмэгдүүлэх, өөр дэд бүтцээр нийлүүлэх, цар тахлаас үүдсэн хязгаарлалтын арга хэмжээгээ нүүрсний экспорт дээр сулруулах арга хэмжээ авахгүй бол гадаад зах зээл дээр байдал яаж ч эргэсэн ашгийг нь хүртэж чадахгүй. Өнгөрсөн жил манай улсын нүүрсний экспорт 36.6 сая тоннд хүрч түүхэн амжилт тогтоосон. Гэвч энэ жил цар тахлын сүүдэрт нөмрүүлээд чадахгүй нөхцөл үүслээ. Гадаад зах зээлээс хүртэх өгөөжөө нэмэгдүүлэхийн тулд баримталж буй бодлогоо эргэн харах шаардлагатай.

  

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
энхээ(202.55.188.43) 2020 оны 10 сарын 15

Хэдэн жолооч нарыг хараад дургүй чинь хүрээд байгаа ац минь ! Гашуунсухайтаар 1 ѳдѳрт 1200 машинн нүүрс гардаг юм. Энэ нь ойролцоогоор 1800 вагон нүүрс гэсэн үг багадаа. Тэнэг дебил толгойдоо хүн муулахаасаа ѳмнѳ ѳдѳрт 1800-2000 вагон нүүрсийг ТЗ тавиад трвиад зѳѳж чадах уу гэдгээ тѳсѳѳлчихѳѳрэй!

0  |  0
Б(202.126.88.191) 2020 оны 10 сарын 13

Манайх гэсэн болгоомжтой хоёрдох гарцаа бодож л байх хэрэгтэй! Улс төр хэцүү! Далай ламыг хориглочоод байгаа шүү дээ!

0  |  0
зочин (66.181.180.62) 2020 оны 10 сарын 13

төмөр замаар түргэн тээвэрлэхгүй бол хэл амтай хэдэн машинаар тээвэрлээд ямар ч ашиг гарахгүй дээ тэр хэдэн жолооч нарыг харахаас шал дургүй хүрэх юм хэдэн сар тэвчээд байна л бииз дээ болохгүй бол болино л биз дээ

4  |  0
Top