Д.Амаржаргал: "Ахиллис Монгол" багийн бүх тамирчид 2020 оны Нью-Йоркийн цахим марафонд оролцоно

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 20

Энэ сарын 24-нд Монголд “2020 Virtual New York City Marathon in Ulaanbaatar” гүйлтийн тэмцээн болох гэж байна. Яагаад Нью-Йоркийн марафон манайд болох гэж хэмээн уншигч та гайхаж болох. Тавин мянган хүн оролцдог алдарт Нью-Йоркийн марафон цар тахлын улмаас энэ жил цахимаар зохион байгуулагдах болсон юм.

Тэмцээнд оролцохоор “Ахиллис Монгол” багийн тамирчид Маршалын гүүрний дэргэдэх дугуйн зам дээр бэлтгэлээ базааж байна. Бид “Ахиллис Монгол” олон улсын байгууллагын Марафон аялал багийн ахлагч Д.Амаржаргалтай уулзаж, ярилцлаа.

-Юуны өмнө манай уншигчдад “Ахиллис Монгол” багийнхаа талаар танилцуулаач.

-“Ахиллис Монгол” байгууллага маань 2015 онд АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй “Ахиллис интернэйшнл” олон улсын байгууллагын Монгол дахь салбар болж байгуулагдсан түүхтэй. Анагаахын их сургуулийн багш О.Саранчулуун Нью-Йорк хотод суралцаж байхдаа энэ байгууллагатай холбогдоод элсэж байсан юм. “Ахиллис интернэйшнл” бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гүйлтийн спортоор хичээллүүлж, амьдралд итгэх итгэлийг нь нэмэгдүүлж, амьдралыг нь дээшлүүлэх зорилготой байгууллага юм. Үүсгэн байгуулагч Дик Траум нь өөрөө ослын улмаас өрөөсөн хөлөө тайруулсан хүн. Нью-Йоркийн марафоныг хиймэл хөлтэй бүтэн гүйсэн анхны хүн байгаа юм.

-Тэмцээн уралдаанаас гадна өөр ямар арга хэмжээ зохион байгуулдаг вэ?

-Бид жил болгон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, тамирчдаа тэмцээн уралдаанд тогтмол оролцуулж байна. Тамирчдын тоо жил бүр нэмэгдэж байгаа. Манай байгууллага Ахиллис хүүхэд. Даван туулагч, Ахиллис Монгол клуб, Марафон аялал гэсэн үндсэн 4 хөтөлбөр хэрэгжүүлдэг. “Ахиллис хүүхэд” нь хөгжлийн бэрхшээлтэй  хүүхдүүдэд чиглэсэн хөтөлбөр байгаа. Эрүүл хүүхдүүд Тусгай сургуульд очоод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөтлөж, гүйхэд нь тусалдаг. Жил болгоны хавар Ахиллис хүүхдийн марафоныг зохион байгуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй, бэрхшээлгүй хүүхдүүд хамтдаа гүйж, нэг өдрийг сайхан өнгөрүүлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд өөртөө итгэлтэй болох сайн талтай бол бусад хүүхдүүдэд эрүүл мэндийн шалтгаантай ч байсан бүгд ижилхэн хүүхдүүд гэсэн үзэл бодол багаас нь суудаг сайн талтай. “Даван туулагч” хөтөлбөрийг Халдвар судлалын эмнэлэгтэй хамтран манай О.Саранчулуун удирдаж 3 жил дараалан хэрэгжүүлсэн. Осол, өвчнөөр хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүс сэтгэл санаагаар унах, амьдралдаа итгэх итгэлээ алдаж, нийгмээс өөрийгөө тусгаарлах асуудал их байдаг. Эмнэлэг бол өвчнийг нь эмчлээд л гаргадаг. Харин эмчилгээний дараахь сэтгэл заслын эмчилгээний салбар Монголд   байдаггүй. Тийм хүмүүст туслахын тулд эхлээд хорт хавдар тусаад эдгэрсэн 20-30 хүнийг 3-4 удаагийн курс сургалтад суулгаад жирийн амьдралд хэрхэн орох вэ гэдэг талаас олон чиглэлийн хичээлүүдийг мэргэжлийн эмч нар заадаг.  Үүний дараа хэрвээ хүсвэл манай клубийн зохион байгуулдаг уулын алхалт, гүйлтийн хөтөлбөрүүдэд маань оролцож болдог. “Ахиллис Монгол клуб” хөтөлбөрөөр хагас сайн өдөр болгон “Гайхамшигт Бямба гараг” нэртэй ууланд алхалтын арга хэмжээ явуулдаг. Энэ арга хэмжээ бол өвдсөн, группт орсон, амьдралаас гутарсан, сэтгэл зүйн дэмжлэг шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах зорилготой. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сэтгэл санаа их эмзэг байдаг. Тэд хамт олонгүй, нийгмээс өөрийгөө тусгаарлачихсан байдаг. Тэдний амьдралд гэрэл гэгээ өгөх зорилготой. 

-Үйл ажиллагааны зардал мөнгө гээд нэлээд гардаг байх. Хаанаас санхүүждэг юм бэ?

-Сайн дурын хандив, ихэвчлэн гадаадын хандиваар үйл ажиллагаагаа явуулдаг. Марафон тэмцээнд оролцох болохоороо гэр бүл, хамаатан саднаасаа л дэмжлэг авдаг. Нью-Йоркийн марафон бол бидний жилийн гол оролцох тэмцээн, зорилго маань юм. Энэ марафонд л бид оролцох боломжтой байдаг. Учир нь “Ахиллис интэрнэйшнл” байгууллага маань энэ марафоны зохион байгуулалтад оролцдог, хамтран ажилладаг юм. Нью-Йоркийн марафон бол 200-300 мянган хүн сугалаанд оролцоод 50 мянга нь л гүйдэг тийм том тэмцээн. Харин манай Ахиллис багийнхан хэрвээ зардлаа олчих юм бол ямар ч шалгуургүй оролцох боломжтой. Манайхан бүгд Нью-Йоркийн марафонд оролцоно гээд л жилийн эхнээс хичээдэг. Мэргэжлийн тамирчид манайхныг марафонд 5-6 цаг гүйлээ, удаан гэж боддог байх. Тэгвэл манайхан бол өөрийгөө ялан дийлж байгаа хүмүүс. Урьд өмнө огт гүйж байгаагүй хүн тэнд очоод удаан ч гэсэн гүйж, бариандаа орж байна. Энэ бол ялалт юм. Тэр хүний амьдрал хэчнээн өөрчлөгдөж байгаа нь нүдэн дээр ил харагддаг. Гишүүд маань гүйлтийн бэлтгэл хийж, жин хасаад сэтгэл санаа нь ч өөдрөг сайхан болж байгаа нь шууд мэдрэгддэг. Манай Б.Төрбат гэхэд л өмнө нь хүнтэй харилцаж чаддаггүй, сандардаг байсан бол Нью-Йоркод гүйгээд ирлээ. Одоо ТВ-д ярилцлага өгөөд явж байна гэдэг чинь бид цөөхүүлээ ч гэсэн хүний амьдралыг ямар их  өөрчилж байна вэ гэдэг харагдаж байгаа юм. Гэрбүлд нэг өвчтэй хүн байхад ар талд нь маш олон хүн зовж байдаг. Тэгвэл тэр хүн амьдралдаа аз жаргалтай, баяр баясгалантай болоход ар гэрийнхэн нь ч баяртай, ажил төрлөө хийгээд явах боломжтой болдог.

-Гишүүддээ ажил төрөл олоход нь туслалцаа үзүүлдэг үү?

-Манай хөтөч, спонсор Жон Лионс гэж америк залуу байна. 2018, 2019 оны Нью-Йорк, Берлиний марафонуудад манай хоёр тамирчны хөтчөөр гүйсэн. Хөтөч нь болохын хажуугаар тэдний ахуй амьдралд тусалж дэмжинэ. Тусална гэдэг нь мөнгө төгрөгний асуудал биш юм, амьдралын туршлагаасаа хуваалцана, хамтран байнга бэлтгэл хийнэ. Жоны Берлинд хамт гүйсэн Л.Батхишиг гээд манай тамирчин дөнгөж ТИС төгссөн, өрөөсөн гаргүй тул тогтвортой ажил олж хийхэд хүндрэлтэй, олон газарт материалаа өгсөн боловч нааштай хариу авахгүй байсан. Харин Жон танилаараа дамжуулаад ажилд оруулсан. Хоёр жилийн дотор Батхишиг маань мэргэжлийн тал дээр хөгжиж, ажлын туршлагатай, амьдралын баталгаатай боллоо. Энэ мэт сайхан жишээнүүд байна.

-Энэ жил коронавирус гээд дэлхий даяараа хөл хориотой байлаа. Тамирчид марафоны бэлтгэлээ хэрхэн хийж байв?

-Бид дор дороо бэлтгэлээ хийж байлаа. МҮБТДС-ийн хөнгөн атлетикийн багш Ө.Батсайхан мэргэжлийн үүднээс дасгалжуулдаг. Фэйсбүүк, цахимаар зөвлөгөө өгнө. Гэхдээ манай Монголд давуу тал нь цар тахлын халдвар дотроо гараагүй болохоор маскаа зүйж, зайгаа барьсан болохоос гарч болохгүй гэсэн хөл хорио байгаагүй. Гадаа гүйхэд болж байсан. Манайхан байгаа газраа дор дороо өөр өөрийнхөө хэмжээнд гүйгээд бэлтгэлээ хийж байсан.  

-Мэргэжлийн багштай ажиллаж, бэлтгэл огт тасраагүй юм байна.

-Бид эхний жилүүдэд марафонд гүйхийн тулд гар утасны аппликэйшин суулгаад дор дороо бэлтгэлээ хийж байлаа. Мэргэжлийн тамирчин бус, тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст мэдэхгүй чадахгүй зүйл их гарна. Харин МҮБТДС-ийн хөнгөн атлетикийн багш Ө.Батсайхан манай багт дасгалжуулагчаар ажиллах болсноос хойш маш сайн өөрчлөлтүүд гарч байна. МҮБТДС энэ ажлыг нь дэмжээд, багшид маань цаг гаргаж сайн дурын ажил хийхийг нь дэмжсэний зэрэгцээ биднийг хүйтний улиралд бэлтгэл хийх үед заал танхимаа үнэгүй ашиглуулах болсонд сургуулийн захиргаа, хамт олонд бид маш их талархаж байна. Мөн хөнгөн атлетикийн мэргэжлийн ангийн оюутнууд манайхныг бэлтгэл хийх үеэр чаддаг зүйлсээрээ байнга дэмжиж урам зориг хайрладаг. Энэ удаагийн марафонд тус сургуулиас 10-аад оюутан манай шилдэг тамирчдад хөтөч хийж тусалж байгаа.

-Энэ жил цар тахлын улмаас Нью-Йоркт очиж оролцож чадахгүй боллоо.

-Нэг боломж хаагдахад дахин шинэ боломж гарч ирдэг. Бид анх 2 тамирчинтай оролцож байсан бол өнгөрсөн жил хамгийн сүүлд 10 тамирчин, 12 хөтөчтэй орсон. Ахиллисийн багууд дундаа Монголын салбар хамгийн олон тамирчинтай нь байлаа. Энэ жил нэгдүгээр сараас марафондоо бэлтгэж эхэлсэн ч ковид гараад бид АНУ-ын визэндээ орж чадаагүй. Гэхдээ бид ямар ч гэсэн дотоодоо марафон хийнэ гэж шийдээд бэлтгэлээ таслахгүй хийсээр байсан. Хугацаа үзүүлэлтээ ч бүртгэж байлаа. Нью-Йоркийн марафон цахимаар явагдах болоход бүгд их баярласан. Өмнө нь эрүүл мэнд, санхүүгийн боломжоос шалтгаалан, арван тамирчин шалгаруулаад оролцуулдаг байсан бол энэ жил манай клубын бүх тамирчин оролцоно. Энэ бол шинэ боломж юм.

-Цахим марафон ямар хэлбэрээр явагддаг юм бол?

-Цахимаар бүртгэлээ эхлээд хийнэ. Дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс байгаа газраа 42 км замаа гүйнэ. Тусгай апп ажиллуулах тул хугацаа бүртгэгдээд медалиа авна. Манай 50 тамирчин бүртгүүлсэн. Мөн биднийг дэмждэг 50 хүн нэмж бүртгүүлээд монголчууд нийт 100 хүн гүйнэ. Уралдааны замын хажууд уух ус, эмнэлгийн тусламж гээд бүх зүйл байна. Яаж гүйж байгааг цахимаар бүгд харах юм.  

-Танай баг мэргэжлийн холбоо, паралимпийн холбоотой хамтран ажилладаг уу?

-Үгүй, манайх сайн дурын байгууллага тул нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Харин Паралимпийн холбоо бол мэргэжлийн чиглэлийн холбоо. Манайд санхүүжилт байхгүй. Энд ажиллаж байгаа хүмүүс, тамирчид бүгд л сайн дурынхан. Нэг нэгэндээ туслах гэсэн хүслээр л нэгдсэн хүмүүс. Гэхдээ бид паралимпын холбооноос зохион байгуулж байгаа тэмцээнд оролцдог. УАШТ-д байр эзэлсэн тамирчин ч бий. Б.Ванданпүрэв гээд манай тамирчин улсын шигшээ багт сонгогдсон.  

-Танайхны бэлтгэлийг харахад их сайхан гэрбүлсэг уур амьсгалтай юм. Хөтчүүд нь тамирчнаа хайж гүйгээд, туслаад л.

-Хөтөч гүйгч хоёр жилийн турш хамт гүйчихээр бие биенээ сайн мэдэрдэг, нэг гэрбүл шиг болдог. Хөгжлийн бэрхшээлтэй хүн ганцаараа гүйж чадахгүй. Хажууд нь хөтөч заавал байх шаардлагатай. Хөтөч нь тэр хүнийхээ биеийн байдал, алхалтын хэмжээ, сэтгэл зүйг нь ч сайн мэдрэх ёстой, хариуцлагатай ажил. Үнэхээр л сайхан уур амьсгалтай болохоор манай багт нэг ирсэн хүн гардаггүй. Бүгд бие биедээ хайртай.

-Та бүхнийг тусалж дэмждэг ямар байгууллага, хувь хүмүүс байна вэ?

-Олон бий. “Ахиллис интернэйшнл” байгууллагын олон улсын салбар хариуцсан захирал нь Гэрэлцогт гээд монгол эмэгтэй байдаг. Нөхөртэйгээ цуг бүх талаар дэмждэг. Вашингтонд амьдардаг монголчууд байна. Тэнд байдаг манай ангийн гурван хүүхэд байнга хандив цуглуулж, тусалдаг. АНУ-д амьдардаг өвөр монгол охин бий. Тэр жилийн турш сайн дурын ажил хийж, цалингаа цуглуулаад намар биднийг очихоор өгдөг. Нислэгийн тийзээр дэмждэг МИАТ компаниа хэлмээр байна. Манай клуб байгуулагдаад гурван жил боллоо, гишүүдийн тоо нэмэгдлээ. Олуулаа болохоор ууланд очих гэхэд л унааны асуудал гардаг. Машинтай хүмүүсийнхээ байдлыг харна, гуйна. Ингээд энэ жил өөрсдийн унаатай больё гээд хандив цуглуулаад, үлдсэнийг нь зээлээд нэг автобустай болсон. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд жилийн гурван улирал гүйж болдог. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол бидэнтэй хамгийн ойр хамтран ажилладаг газар. Бид энэ жил дэмжигчдийнхээ тусламжтайгаар Хүрээлэнд өөрсдийн хувцас сольдог жижигхэн байшин барих гэж байгаа. Манайд байшин барих зөвшөөрөл олгосон. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн жил бүр манай марафоныг зохион байгуулахад хамтарч ажилладаг.

-Засгийн газар, яамнаас тусламж авч болохгүй юу?

-Тусламж байхгүй. Манайд бүх нийтийн спорт гэж их ярьдаг ч яг хийж байгаа зүйл цөөхөн. Хүн болгон мэргэжлийн тамирчин болж чадахгүй. Өвчин эмгэг бол эрүүл мэндийн боловсрол тааруу, биеийн тамираар хичээллэх нөхцөл муугаас гардаг. Шинэ гүйлтийн зам, дугуйн зам гарахад хүн маш их ирж байгаа нь хүмүүс спортоор хичээллэх хүсэлтэй байгааг харуулж байна.  Хичээллэх нөхцлийг нь бүрдүүлээд өгөхөд хүн болгон эрүүл мэндийнхээ төлөө хичээдэг цаг ирчихжээ. Эм тариа, эмчилгээ гэхээсээ илүү хүүхдийг багаас нь спортоор хичээллүүлэхэд эрүүл энх өснө. Иргэн эрүүл байхад улс оронд ч тустай, төсөв мөнгөд хэмнэлт болдог. Манай багт ирж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байна гэдэг бид улс орны хөгжилд хувь нэмрээ оруулж байна гэсэн үг.   

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Та бүгдэд амжилт (66.181.161.53) 2020 оны 10 сарын 21

Амжилт

0  |  0
Top