ЭМЯ-наас өнөөдөр (2020.11.17) ээлжит мэдээллээ өглөө. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж унших боломжтой.
Хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ын холбогдох албаны хүмүүс сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг тоймлон хүргэж байна.
-Сэлэнгэд бүртгэгдсэн коронавирусний анхны үүсгэвэр нь хаанаас халдварласан байх боломжтой вэ?
-Халдвар дамжих зам, эх уурхайг тодорхойлох нь өөр өөр аргатай байдаг. Баталгаажуулж байж иргэдэд мэдээлнэ.
-Дархан-Уул аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрсэн байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Дархан-Уул аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрсэн. Одоо PCR шинжилгээгээр баталгаажуулалт хийгдэж байна.
-ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа иргэдэд стресс, дарамт байна уу?
-Өвчтнүүдэд стресс, дарамт байхгүй. Ард иргэдээсээ тэдний сэтгэл зүйг засах талаас нь сайнаар нөлөөлөхийг хүсье.
-Халдвар авсан нэг иргэнд дунджаар хэдэн төгрөгийн эмчилгээ хийж байна вэ?
-Дунджаар 600-700 мянган төгрөгийн эмчилгээ хийгдэж байна. Одоогоор маш хүнд буюу эрчимт эмчилгээ, амьсгалын аппарат шаардлагатай хүн байхгүй.
-Улс орнууд эхнээсээ вакцин амжилттай боллоо гэж зарлаж байна. Манай улс вакцин авах чиглэлээр ямар судалгаа, тооцоо хийсэн бэ?
-Одоогоор дэлхий нийтэд 10 вакцины туршилт хийгдэж байна. Үүнээс хоёр вакцин нь 90-94 хувийн үр дүн үзүүлж байна. ДЭМБ баталсны дараа Монгол Улс хүн амынхаа 60-80 хувийг вакцинд хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.
-Хүнсний бүтээгдэхүүнээс коронавирусний халдвар авах магадлал бий юу?
-Хүнсний бүтээгдэхүүнээс халдвар дамжих боломж бий. Махыг сайтар буцалгах, өндгийг бүлээн усаар угаах, түүхий ус хэрэглэхгүй байх, жимс ногоог хальслахын өмнө давс, содатай бүлээн усаар угаах, мах ногооны тавцанг тус тусад нь байлгах шаардлагатай байна. Мөн гадуур явж байгаа иргэд хамгаалах хувцас өмсөх шаардлагагүй. Харин маск зүүж, бээлий өмсөх нь зүйтэй. Хаалганы бариулыг тусгай бодистой алчуураар боож байгаа нь халдвар тархаах эрсдэлтэй. Хаалганы бариулыг тусгай бодисоор шүршиж ариутгах хэрэгтэй гэдгийг сануулмаар байна.
-Монгол улс коронавирусийг дотооддоо алдсан тохиолдолд халдвар хэр хурдацтай тархах талаар тооцоо судалгаа хийсэн үү?
-Халдвар тархах эрсдлийг тооцсон. Одоо өвчлөл болон халдварын тархалтыг тооцоод бүх бэлэн байдлаа ханган ажиллаж байна.