"Жолооч Д-ийн ахын гурав дахь шинжилгээ эерэг гарсан"

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 17

ЭМЯ-аас коронавирусний нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өгч байна (2020.11.17, 11:00 цаг).

2020 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр нийт 1762 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнд коронавирус илэрч, Монгол Улсад халдварын батлагдсан тохиолдол 434 боллоо.


ХӨСҮТ-ИЙН ТАНДАЛТ СУДАЛГААНЫ АЛБАНЫ ДАРГА А.АМБАСЭЛМАА:

-Нийслэл болон Сэлэнгэ аймагт халдвар нэмж бүртгэгдлээ. Нийслэл хотод шинжилгээ авах 18 цэг байгуулсан, энэ цэгт шинжилгээ хийлгэсэн хүмүүс бүгд сөрөг гарсан. Лавлах 119 дугаарт 2000 гаруй хүн хандаж, зөвлөмж авсан. Өчигдөр (2020. 11.16) ХӨСҮТ-ийн болон салбар лабораториудад 1762 хүнд шинжилгээ хийхэд гурван тохиолдол нэмж илэрлээ. 

Тодруулбал,
 

  • Сэлэнгэ аймагт орж ирсэн ТИР машины хоёр жолоочоос халдвар илэрсэн.
     
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүний давтан шинжилгээнээс халдвар илрээгүй. Нийслэлд бүртгэгдсэн кластер голомт буюу жолоочийн ойрын хавьтал болох  80 хүнээс шинжилгээ авсан. Ингэхэд нэг хүний гурав дахь удаагийн шинжилгээнээс халдвар илэрсэн. Энэ нь жолоочийн ах юм. Ингээд Монгол улсад батлагдсан тохиолдол 434 боллоо. Үүнээс 328 нь эдгэрч, 310 хүний ажиглалт тандалт дууссан.


Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээг танилцуулъя.

Токио-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн хүмүүсийн давтан, Франкфуртаас ирсэн иргэдийн давтан, Замын-Үүдэд  илэрсэн сэжигтэй тохиолдлын давтан шинжилгээ, тусгаарлах байрны эмч, ажилтнуудын давтан шинжилгээ, "Алтанбулаг" боомтоор орж ирсэн 133 иргэний шинжилгээг өчигдөр мөн хийлээ. КОВИД илрээгүй.

Бусад, 
 

  • Сэлэнгийн тохиолдол 4 хэвээр байгаа. Сэлэнгэ аймагт эхлээд нэг гэр бүлийн гурван хүн өвчилсөн. Гурвуулаа ХӨСҮТ-д ирж тусгаарлагдсан. Дараа нь өөр нэг хүн тус аймагт коронавирусийн халдвараар өвчилсөн. Сэлэнгэ аймагт тухайн хүний ойрын болон холын хавьтлуудыг түүж, тандалтын зорилгоор сорьцыг цуглуулж байгаа. 19 хүний түргэвчилсэн тестээр авсан шинжилгээний хариу эерэг гарсан. Түргэвчилсэн тестээр эерэг гарсан сорьцыг PCR-аар заавал баталгаажуулна. 

  • Ховд аймагт тандалтын зорилгоор шинжилгээ авсан. Халдвар илрээгүй.
     
  • Хэнтий аймаг руу хулгайн замаар зорчсон хоёр иргэнээс өчигдөр коронавирусний сэжигтэй тохиолдол илэрсэн бол PCR шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ. Тус иргэдийн ойрын хавьтал болох найман хүнээс шинжилгээ авахад СӨРӨГ гарсан.

 

Top