А.Амбасэлмаа: Халдвар авсан эмч, ажилчдын түрүүч нь эдгэрсэн

2020 оны 12 сарын 02

ЭМЯ-наас өгч буй коронавируст халдварын нөхцөл байдлын хэвлэлийн хурлын үеэр албаны хүмүүс сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө. /2020.12.02/


-Вакцин зөөвөрлөх, тээвэрлэх, хадгалалтын горимын талаар ЭМЯ болон Дархлаажуулалын үндэсний хорооноос төлөвлөгөөг гаргасан гэж найдаж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

Д.Нарангэрэл: -Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-ны хувьд дархлаажуулалт вакцины асуудал гэдэг өндөр ач холбогдолтой асуудлын нэг. Бид дархлаажуулалтын тухай хуулиараа дархлаажуулах бүх арга хэмжээг авдаг. Коронавируст халдварын вакциныг авахын тулд бид долоодугаар сараас эхэлж холбогдох шатны байгууллагуудад санал тавьж, бэлэн байдлаа хангаж байгаа. Вакциныг түгээх, хадгалах, дархлаажуулах гэсэн төлөвлөгөөгөө гарган, Дархлаажуулалтын зөвлөх хорооны хурлаар хэлэлцүүлээд, Шадар сайдаар батлуулахаар УОК-т албан бичгээр хүргүүлсэн. Монгол Улсын хувьд дархлаажуулалтыг товлолын дагуу хийхээс гадна "Н1N1"-ийн вакциныг ДЭМБ-ын шугамаар хамгийн түрүүнд авч хийсэн туршлагатай орон. Энэ туршлагадаа үндэслээд бид төлөвлөгөө, бүх зүйлээ бэлдээд явж байгаа. 

-Өнөөдрийн байдлаар 445 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 11 нь ХӨСҮТ-ийн эмч, ажилтан байгаа. Одоогоор тэд эмнэлэгт хэвтээд 20 гаруй хонож байна. Биеийн байдал нь ямар байгаа вэ. Эмчлүүлэх дундаж хугацаа ямар байна вэ?

-А.Амбасэлмаа: -Халдвартын клиник, Цэргийн төв эмнэлэгт нийт 445 хүн эмчлэгдэж байгаа. Энэ бол сүүлийн голомтын хавьтлаас халдварлагдсан хүмүүс. Түрүүнд нь зөөвөрлөгдөн ирж, Халдвартын клиникт эмчлэгдэж байсан 70 гаруй хүн байгаа. Эмнэлгийн эмч, ажилчдын түрүүч нь эдгэрсэн. Дараагийн шатны 14 хоногийн ажиглалтынхаа хугацаанд шилжсэн зургаа, долоон хүн байгаа. Бусдынх нь эмчилгээ үргэлжилж байна. Биеийн байдлууд нь сайн. Эхний 14 хоногийн эмчилгээгээ дуусгаад хоёр дахь шатны ажиглалтын тусгаарлалтад орсон байна. 

-Өчигдрөөс хэвтэрт байгаа иргэдэд шинжилгээнд хамрагдах боломжтой гэсэн мессеж ирж эхэлсэн. Хэрвээ иргэд тусгай дугаарын утас руу холбогдсон тохиолдолд түргэвчилсэн оношлуураар хэвтэрт байгаа, босох боломжгүй иргэдийг шинжилгээнд хамруулна гэсэн үг үү?

-Я.Амаржаргал: -Хэвтэрт байгаа, суга таягтай, хүнд өвчтөн болон нялх хүүхдүүд гэх мэт хүмүүсийг эхний өдөр хот хооронд иргэдийг зорчуулах болсонтой холбоотойгоор авчирч байна. Хэвтэрт байгаа иргэнээ хэвтүүлээд дамжлаад ирж байна. Энэ байдлыг бид аль болох иргэддээ хүндрэл учруулахгүй зохицуулах үүднээс ЭМЯ-ны 18000119 утсаар холбоо барьж байна. Үнэхээр хот, орон нутагт зорчих гэж байгаа, хүнд өвчтэй, өвчтэй, босч чадахгүй, суга таягтай, явж чадахгүй байгаа иргэд 18000119 утас руу хандаад, цааш ямар тусламж, үйлчилгээ авах боломжтой вэ гэдэг мэдээллийг аваарай. 

Top