Сүн улсын Хүйтэн уулын бичиг | 49 дүгээр бүлэг

Админ | Zindaa.mn
2021 оны 02 сарын 22

Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
 

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

Ү ШЮЭЖҮ ДАВХАР АРГА ХЭРЭГЛЭЖ ЭРХИЙГ БАРИХ

СҮН ГҮНМИН ГУРВАН УДАА ЖУ ЗЯЖУАНИЙГ БАЙЛДАХ

Өгүүлэх нь: Тэндээс Ү Шюэжү Лян Шаньд хүн илгээж дөрвөн хүн авчруулахаар тогтсонд, үүнд чухам хэнийг явуулахар хэлэлцэн байтал Сүн Жян хувилгаан явдалт Дай Зүнг явуулах хэмээсэнд Дай Зүн даруй дагаж Лян Шаньд буцав. Чухам хэн нэртэй хүнийг авчрах хэмээвээс Пэй Сюань, Жинь Дажянь, Сяо Ран, Хоу Жянь болой.

Тэндээс тэдгээр Сүн Жян нар найрлан сууж байтал нэг цэргийн хүн ирж өгүүлрүүн: - Эдүгээ энэ баруун зүгээс үхэр хөтөлж, түүний дэргэд бас нэг архи дамнасан ба үхэрт архи ногоо ачсан төлөв бүхий хүн ирэхийг үзээд орж Сүн Жян д мэдүүлсэнд, Сүн Жян даруй угтаж уулын дээр байгуулсан цацарт авчирсанд тэр хүн өгүүлрүүн: - Өчүүхэн хүн нь энэ баруун хотод суух Ху Зяжуаний харъяат Хучэн хэмээх хүн бөлгөө. Өчүүхэн хүний хот урьд нэгэнт Жу Зяжуан, Ли Зяжуан хоёр хот лугаа маш найртай учир эртнээс эдүгээ хүртэл хавсран аж төрж бие биенээ үхэх амьдрахад туслах хэмээн харилцан маш зузаан нөхөрлөсөн дээр басхүү хотын гурван тэргүүлэгч тэнгэрт мөргөж хүж барьсан нь эдүгээ ах дүү бололцож, үр хүүхдээ эр эм болгох худгуй бололцов. Тиймийн тул эрхэм жанжин ноён та бүгд морилон ирж, Жу Зяжуан лугаа байлдсанд өчүүхэн хүний төрсөн дүү И Жан Чин хэмээх бага охин таны өмнөөс Жу Зяжуаний төлөөнөө эсэргүүцэн байлдаж өөрийн биеийг баригдах. Энэ нь Жу Зяжуаний Жубяогийн гуравдугаар хөвгүүнд богтолсон охин тул гуйх нь: - И Жан Чинийг тавин илгээж өршөөх ажаамуу хэмээн мөргөсөнд Сүн Жян тосож аваад дээш босгож ийн өгүүлрүүн: - Чи эдүгээ ийм учирт ирсэн болбоос дотогш орж, бид хэдэн үг хэлэлцсүгэй хэмээсэнд тэр хүн даруй дотогш орж суув.

Тэндээс Сүн Жян өгүүлрүүн: - Чи эдүгээ ямар ажил хийж суудаг, чиний ураг төрөл хэн хичнээн хүн байдаг, басхүү чиний дүү И Жан Чин ямар эрдэм сурсан зэргийг нарийнаа асууж, ийн өгүүлрүүн: - Эдүгээ чиний дүү И Жан Чин манай сайн эрс лугаа байлдаж Ван Ихуг барьж аваачсан тул бид хариу бэлгээн авч, чиний дүүг барив. Чи хэрвээ дүүгээ авах хэмээвээс манай Ван Ихуг хүргэж ирвээс тавьж явуулахгүй бөгөөс бид хэрхэвч явуулахгүй хэмээсэнд тэр Хучэн өгүүлрүүн: - Өчүүхэн хүний харъяат Ху Зяжуаний ноён тэр Ван И Ху хэмээгчийг Жу Зяжуанд хүргэж илгээв хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Түүнийг яахин Жу Зяжуанд хүргэв. Эдүгээ тэр хаана баймуй? хэмээсэнд Хучэн өгүүлрүүн: - Эрхэм ноёны баатар Ван И Ху хэмээх хүний хүзүүнд гинж төмөр, гар хөлд төмөр гав тушаа торгож, гянданд хийв хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Чи миний Ван И Хуг авч гарган ирж чадах болбоос би чиний охин дүүг даруй сольж өгье хэмээсэнд Ү Шюэжү хажуугаас өгүүлрүүн: - Эрхэм түшмэл Хучэн чи сонс.

Эдүгээ миний харъяат ноён Сүн овгийн тэргүүлэгч хэдүй чиний төрсөн дүү Ху Жан Чинийг чамд өгч Ван И Хуг сольж авах хэмээсэн нь дэмий хэрэг. Чи миний үгийг дагаваас би чамд нэг үг зааж өгье хэмээсэнд Хучэн даруй “Сургахыг хүсмүй” хэмээн мөргөсөнд Ү Шюэжү ийн сурган өгүүлрүүн: - Эдүгээ бид чиний дүү И Жан Чинг Лян Шань ууланд цэргээр харгалзуулан хүргэв. Тэр гэм олох газар үгүй. Манай уулын нэг өвгөн Сүн Тайгүн хэмээх хүнд тушааж сайнаар асруулан буй хэмээгээд бас өгүүлрүүн: - Тиймийн тул чи эдүгээ Жу Зяжуан лугаа бидний эсэргүүцэх ба байлдаж алалцах цагт танай Ху Зяжуанаас бүү цэрэг хөдөлж, хүн илгээж хөдлөгтүн. Түүний гадна басхүү Жу Зяжуанаас хүн илгээж танай хотоос туслах цэрэг гуйваас тэр очсон хүнийг барьж даруй манай энд хүргэж ирвээс би нь чамд тэр хүнийг илгээж, чиний төрсөн дүү И Жан Чинийг авчруулж та нарыг бас тусалмуй хэмээсэнд Хучэн түшмэл тэдгээр авчирсан архи ногоогоо Сүн Жян нарт бэлэг болгон бариад Ү Шюэжүгийн хэлснийг цөм дагаж, Хучэн хотноо буцав.

Тэндээс Сүн Жян өгүүлрүүн: - Эдүгээ Дэнжоугийн Сүнь Ли, Сүнь Синь нарын мэдээ ойр ирэв хэмээгээд очиж цөм угтан гарав. Үүнд Сүнь Ли өөрийн дарцгийг Дэнжоу хотоос тусгайлан байлдах их цэрэг хэмээн Лян Шань Фүгийн дарцаг сольж засав. Тэндээс Сүнь Ли нарын арав шахам сайн эрс зуу шахам цэрэгээ дагуулан Жу Зяжуаний хойд хаалган дээр шууд ирэв. Үүнд Жу Зяжуан хэрэмний хаалгыг цагдан байцаасан нэг цэрэг дотогш орж Луань Тинюй ба Жубяо нарын хэдэн жанжидад мэдүүлрүүн: - Эдүгээ их хэрэмний гадна нэгэн их цагаан хуяг дуулга өмссөн их жанжин цагаан дарцаг барьжухуй. Биений байдал нь найман чи өндөр, маш их баатар хүчтэй мэт хүн ирэв.Тэндээс тэр дарцагны дээр тавьж бичсэн үсэг нь “Дэнжоугийн их цэргийн жанжин Сүнь Ли” хэмээмүй хэмээсэнд Луань Тинюй энэ үгийг сонсоод даруй Жубяод хэл хүргэв. Юу хэмээн үг хэлснийг түр өгүүлье.

Тэндээс Сүнь Ли өөрийн зоргоор худал зохион үг хэлэхийг дотроо хэдүйн бодож тогтоон, шууд хойд хаалгаар орох гэтэл их усны гүүр авсан тул орж болохгүй, усны захад хүлээн суув. Үүнд Луань Тинюй, Жубяод хэлсэн үг нь: - Манай хотын хойд хаалганы гадна “Дэнжоугаас ирсэн их цэргийн дарга Суньли” хэмээн дарцаг барьж ирэв гэнэм. Үүнд Жубяо чи гурван хөвгүүн лугаа гар хөдөлж муу санаж үл болмуй. Энэ Сүнь Ли болбоос миний нэг сайн танил бөгөөд басхүү цэргийн эрдэм хамт сурч, нэг багшид багаас явсан тул би урьд очиж түүн лугаа учирч, ирсэн хэргийг аминчхан эрье хэмээсэнд Жубяо даруй тэр үгийг дагаж Луань Тинюйгийн хариуг хүлээв. Тэндээс Луань Тинюй ёст малгай дээлээ өмсөж, хойд хаалганы хэрэм дээр гарч үзвээс үнэхээр Сүнь Ли дүү мөн тул даруй хаалгаа нээж дотогш оруулахаар усны гүүрийг тавьж гараас нь барьж мэндээ мэдээд, хоёр биеэ хүндлэн, бусад жанжин цэргүүд цөм дагаж оров. Үүнд Луань Тинюй гэртээ оруулж цай бариад, чухам ямар хэргээр ирсэн ба яахин ийм олон цэрэг дагуулан ирснийг нэг нэгнээр асуусанд Сүнь Ли өгүүлрүүн: -Өчүүхэн дүү Дэнжоу хотоос харъяат ноёны тушаал дагаж Юньжоу хотыг харгалзахаар хэдэн түмэн цэргийн жанжин болж ирээд байтал, харъяат ноёноос таны жанжин Жу Зяжуан хэмээх газрын хотыг Лян Шань Фүгийн урвасан хулгай Сүн Жян, Чаогай нар цэрэг жанжин мордуулж идэх хэмээн сонсоод, өчүүхэн намайг таныг туслуулахаар илгээв.

Тиймийн тул өмнө хаалгаар ирэх гэтэл Ляншаний урвасан хулгай нар урд ууланд бугшижухуй. Үүнд хойд хаалгаар ирэв хэмээсэнд Луань Тинюй маш баярлан, үлгэрлэвээс гандаж хатсан газар тэнгэрээс хур орж ногоо дэлгэрэх лугаа адил дотор нь маш тайтгарч, Жубяо хэмээх Жу Чюванг Жуху нарын гурван хөвгүүнийг уриулж ирүүлээд, их танхим дээр сууж бүгдээр ёс ёслон байв. Үүнд Луань Тинюй өгүүлрүүн: - Эдүгээ миний нэгэн төрлөөс өөргүй маш баатар дүү Сүнь Ли Дэнжоугийн цэрэг захирах их жанжин болж, эдүгээ манай гурван хүн хотыг хамгаалах ба Лян Шань уулын урвасан хулгай Сүн Жян нарыг хавсран барих хэмээн ирэв хэмээсэнд Луань Тинюйгийн үгийг Жубяо сонсоод “Тэнгэрээс зарлиг бууж биднийг тусалсан нь үнэхээр их заяатай билээ. Гагцхүү эрэхэм дүү Сүнь Лигийн алдар нэр, овгийг эрт сонслоо. Эдүгээ энд гийгүүлэн ирсэн нь маш сайн хэмээгээд гурван хүүхдээ ёслуулан мөргүүлж дуусгаад өгүүлрүүн: - Эрхэм дүүд эдүгээ нуух юун. Лян Шань Фүгийн хулгай нар ирж, хоёр удаа байлдсанд тэдний хэдэн хулгайг бариад гянданд хорив. Тиймийн тул тэр Ляншаний хулгай нар манай баруун хотын И Жан Чин хэмээх нэг охиныг дээрэмдэн аваачив.

Эдүгээ бас байлдаж өмнө Ду Лунтин ууланд цэрэг бэлтгэж баймуй. Үүнд харин мэргэн дүү морилон ирсэн нь үнэхээр гайхамшиг. Эдүгээ их гэрт орж хурим бэлтгэж нарийн учрыг зөвлөе хэмээсэнд Сүнь Ли дотор нь маш хорлох сэтгэл төрсөн боловч ам нь үнэхээр үүл арилсан гэгээн тэнгэр адил ариун тул, ийн өгүүлрүүн: - Эдүгээ бид нэгэн хамт тусалж, хулгай Сүн Жянийг барьж Дунжинд хүргэж өгвөөс та бүхэн ч гавъяа олох, би ч нэр олох хэмээн зөвлөлдөн байж Гү Дасаод өгүүлрүүн: - Эрхэм нянзи чи нь эм хүн тул эдгээр эрс лугаа нийлэлдэн байх юу хиймүй. Тиймийн тул Хучэн ахын Ху няня нар лугаа учирч тэдэн лугаа хамт найрлан сууж энгийн үг хэлэлцэгтүн хэмээсэнд Сүнь Ли эм Гү Дасаогаа сэмхэн нүдний булангаар дохиж гадагш гараад, ийн захируун: - Чи Хучэнгийн гэрт очоод түүний эм Ху нянятай учирсан цагт архийг бага уу. Амыг зангилга мэт бэхэл. Ийм тийм хэмээн бүү өгүүл. Гагцхүү нөхрийг дагаж Жу Зяжуанд ирэв хэмээн өгүүлэхээс өөр үг ер өгүүлж үл болмуй хэмээн захив. Тэндээс тэр Гү Дасао эм Хучэнгийн гэрийн хүн Ху Нянзитай найрлан суув.

Үүнд тэдгээр сайн эрс ширээ засан найр тавихаар дэс дараалан суух гэтэл Сүнь Ли өгүүлрүүн: - Энэ Сүнь Синь, Се Жэнь, Зебао гурав нь миний төрлийн дүү нэр. Түүний гадна Зоу Юань, Журун хоёр нь Дэнжоугаас цэргийн дарга болж ирсэн түшмэл жанжин. Энэ Юэ Хэ хэмээх нь манай Жунжоугийн гяндны дарга. Бид цөм харилцан сайн ах дүү хэмээн хэлэлцэн байтал, нэг цэргийн ард хэдэн архины зардас лугаа архи ногоо, будаа зэргийг бэлтгэж цөм авчирсанд ширээн дээр жагсан сууж, энгийн үг хэлэлцээд бас Ляншаний Сүн Жянийг хэрхэн барихыг зөвлөсөнд гэнэт хэрэм дээр чимээ гарч, харанга цохиж бас нэг цэрэг ирж мэдүүлрүүн: - Эдүгээ Ляншаний урвасан хулгай Сүн Жян нар хэрмийн гадна цэрэг жагсаан байлдахаар ирэв хэмээсэнд Жубяо өгүүлрүүн: - Эдүгээ би очиж урьд байлдах.Мэргэн дүү нэр хүлээж байгтун хэмээн хэлээд даруй зуу шахам цэрэг аваад хэрмийн гадна гарч үзвээс, Сүн Жян олон цэргийг дагуулан ирж. Өмнө нь нэгэн их цагаан хуяг дуулга өмссөн хүн явж баймуй.

Үүнд үзвээс Хуа Рүн нум сумаа барьж, сэлэм жадаа зүүж маш их сүрээр хашхиран орж ирсэнд, Жубяо бас өмнөөс угтан эсэргүүцэн байлдаж арван хэдэн удаа зөрөлдсөнд хэн хэнээ дийлэхгүй байтал Хуа Рүн хуурмагаар шид гаргаж, хойд зүг морио эргүүлэн татаж даруй буруулан зугтсанд, Жубяо түүний хойноос хөөх хэмээн явах гэтэл нэг цэргийн хүн өгүүлрүүн: - Жу даеэ энэ бага жанжны хойноос хөөж үл болмуй. Үүний байдлыг үзвээс хуурмагаар буруулав. Хэрвээ хойноос хөөвөөс түүний гарт барьсан нум сум эрхбиш эзэн таны биед гэм тавих хэмээсэнд Жубяо даруй үг дагаж Хуа Рүнг хөөсөнгүй, хэрмийн дотор орж, үүдээ ягшуулж хааж, их танхим дээр ирж найрласанд Сүнь Ли өгүүлрүүн: - Эрхэм ахын хүргэчилсэн хэрэг юу. Тэр зальхай хулгай нараас барив уу? хэмээн асуусанд Жубяо өгүүлрүүн: - Ах, би тэднийг барья хэмээтэл харин зугтан явав.

Иймийн тул барьж чадахгүй хойноос хөөе хэмээтэл эд нар хориод болсонгүй тул буцаж ирэв. Үүнд Сүнь Ли өгүүлрүүн: - Эдүгээ би очиж тэднийг барьж авах хэмээсэнд Жубяо өгүүлрүүн: - Эдүгээ тэд нэгэнт буруулан явсан тул дахин ирэхгүй. Маргааш ирэх цагт бид бүгдээр нийлж хулгай нарыг барих хэмээн зөвлөлдөн тэр өдөр шөнө дүлид архи ууж, маргааш нь босож будаагаа идэж байтал харуулын цэрэг ирж ийн өгүүлрүүн: - Эдүгээ Ляншаний урвасан хулгай нар бас жагсан ирэв хэмээсэнд Жубяо эцэг хөвгүүн дөрвүүл хуяг дуулгаа өмсч, цэрэглэн гарч угтан байлдахад хэрмийн хаалганы гадна бандан ширээ засаж Сүнь Ли, Сүн Жян, Зоу Рүнь, Зоу Юань нар сууж, тэд нэрийн байлдахыг үзэв. Үүнд Сүн Жяний цэрэг гурван хэсэг нэг нэг жанжинтай орж ирэв. Тэргүүн нь “Баози Тоу” хэмээх ирвэсийн толгойт Линь Чүн хэдэн зуун цэрэгтэй. Үүний өмнөөс Жубяо, Жумоу эцэг хөвгүүн хоёр эсэргүүцэн байлдав.

Энэ гурав гучин хэдэн удаа байлдаад хэн хэнээн дийлэхгүй. Түүний дараа хоёрдугаарт Мү Хүн хэмээх барс бас хэдэн зуун цэрэгтэй.Үүний өмнөөс Жубяогийн хоёрдугаар хөвгүүн угтаж байлдав. Мөн хорь илүү удаа байлдаж хагас өдөр болмогц аль этгээдээ дийлсэнгүйд, харанга дэлдэн хоёр талын цэрэг байлдахаа зогсож тархав. Үүнд Жубяо маш уур нь хүрч үхтэл байлдах хэмээсэн билээ. Арга буюу цаг хэмжээ нэгэнт тогтсон,байлдаанд тийнхүү дураар байлдаж болох буюу. Тиймийн тул гэдрэг буцаж ирсэнд Сүнь Ли үзээд гэдэсний доторхи хорхой нь хөдөлж бүх бие нь живүүрхэж, маш инээн байж даруй дүү Сүнь Синь, Чаофэн Чаобао нарыг хуяг дуулгаа засаж бэлтгэн байгтун хэмээн сэмхэн захиад өөрийн бие хуяг дуулгыг өмсч орохоор завдав. Тэндээс Сүнь Ли яаран хуурмагаар цэргээ дагуулан гарч, Сүн Жяний заасанд шууд орсонд Ян Сюнь, Хуа Рүн, Мү Хүн нарын гурван хүн угтаж, морио татаж, ийн өгүүлрүүн: - Эрхэм дүү чи юу хүлээмүй хэмээн сэмхэн өгүүлсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Би бас арай баахан болоогүй. Үндсийг олж бүрмөсөн хийвээс сайн

Үзүүрээр хийвээс хэрэг үл бүтмүй.Тиймийн тул та нараас нэг хүн барьсан нүүр олж, жич тэдий урьд барьсан манай хэдэн ах нар лугаа учирч, гяндангийн дотор энэ үгийг зөвлөлдөе, хэн учирваас сайн хэмээсэнд Ян Сюнь, Сүн Жян д энэ үгийг хэлсэнд Сүн Жян тэр Сүнь Лигийн бодсон арга үнэхээр зөв.Үүнд Ши Сюг илгээж Сүнь Литэй хуурмаг байлдаж Сүнь Лид баригдаж, гянданд орж, өөр ах дүү Ван Вэйху, Ян Линь нар лугаа учирч, бүгдээр Сүнь Лигийн мэдээг хүлээж урваад, гянднаас гарч хот дотор байлдагтун хэмээн сургаж, Ши Сюг гаргав. Үүнд Сүнь Ли их дуугаар хашхиран өгүүлрүүн: - Лян Шань Фү уулаас урваж ирсэн муу хулгай нар бүү явагтун. Эдүгээ над лугаа байлдах цаг болов хэмээн хашхиран ирэхэд Ши Сю өмнөөс угтаж арван хэдэн удаа хуурмагаар байлдаж, Сүнь Ли яаран худал буруулсанд Ши Сю хойноос хөөж ирсэнд Сүнь Ли даруй эргэж Ши Сюг морин дээрээс шүүрэн авч хотын зүг ирэв. Үүнд Жубяо, Жухун эцэг хөвгүүн ба Хучэн, Луань Тинюй нар маш баясан: - Үнэхээр баатар сайн эр. Эдүгээ бас нэгийг барьж ирэв хэмээсэнд Сүнь Ли өгүүлрүүн: - Одоо Ляншаний урвасан хулгай нараас бүгд барьсан хэд болов? хэмээсэнд Жубяо өгүүлрүүн: - Эдүгээ үүний хамт долоо болов хэмээсэнд Сүнь Ли маш баярлан, дотроо сэтгэрүүн: - Эдүгээ манай Ляншаний долоо бид бүгд ес нийлж арван зургаа болов хэмээн баярлаж, ийн өгүүлрүүн: - Энэ долоог хорлож болохгүй. Ляншаний урвасан хулгай Сүн Жянийг барьсан цагт жич хэлэлцэн, эдүгээ эднийг хийх төмөр тэрэг бэлтгэж байгтун хэмээн Жубяод захив.

Тэндээс Сүнь Ли нар даруй хуурамчаар сэмхэнээр далд газар очиж: - Эдүгээ энэ өдөр урвах тул гарах орох замыг сайтар үзэж байгтун хэмээн Зоу Юань, Зоурун хоёрт захив. Түүний гадна Ши Сюг дагуулан Сүн Жян, Се Жэнь хоёрыг гянданд хамт оруулж, далд мээдээ хүргэв. Бас Гү Дасао нарт Зебао, Юэ Хэ хоёрыг илгээж мөн гарах орох замыг сайтар ажиглаж, бидний хөдлөхийг хүлээгтүн хэмээв.

Үүнд Сүн Жян тэр өдөр нэгэнт эдгээрийн урвахаар тогтсон мэдээг хүлээж даруй морин цаг болсонд Сүн Жян цэрэг жанжнаа хуваан Жу Зяжуаний дөрвөн зүгээс тус бүр жанжин цэрэг тав таван зуу мордов. Зүүн зүгээс Ян Сюнь, Линь Чүн, баруун зүгээс Хуа Рүн, Мү Хүн, өмнө зүгээс Ли Күй нарын гурван жанжин бүгд дөрвөн зүгээс довтлон ирэв хэмээн хаалганы цэрэг орж мэдүүлсэнд Жубяо яаран Луань Тинюй гурван хөвгүүнээ дуудаж даруй хэнгэрэг харангаа цохиж, их цэргийг цуглуулж даруй мордохоор завдтал үүнийг Сүнь Ли мэдээд өөрийн нөхөр дүү нарыг цуглуулж сэмхэн өгүүлрүүн: - Эдүгээ морин цаг шахав. Эдний байдлыг үзвээс хэнгэрэг харангаа цохиж, цэргээ жагсаав. Тиймийн тул Сүньсин, Юэ Хэ хоёр гяндын үүдэнд балт сүхээ авч нууц бэлтгэж байгтун.

Се Жэнь, Зебао хоёр Гү нянзийг битүүлэг хамгаалалцаж байгтун. Зоу Юань, Зоурун хоёр хойш урагш явж, нууц сэлмээ авч хотын дотор үлдсэн эдний төрөл ургийг гяндангийн дотроос гарах сайн эрс лугаа элсэж хавсран хүйг тэмтрэн алагтун. Гү Дасао охин дүү хоёр хурц сэлмээ хормогчин дотор нууж, их танхимын дэргэд нууж, мэдээ хүлээгтүн хэмээн тус тус сургаж тушаав. Тэндээс эцэг хөвгүүн дөрвүүл хуяг дуулгаа өмсөөд дөрвөн зүг цэргээ авч угтан байлдахаар хэрмээс гарав. Луань Тинюй хараахан цэрэглэх хэмээн байтал Юэ Хэ даруй хотын доторхи цэрэг ба эцэг хөвгүүн бүгд гарсныг мэдэж, чимээ өгөх дуу дуулсанд бүгдээр мэдэж Сүн Жян, Юэ Хэ хоёр гяндан сахисан хорин цэргийг алж, хаалгыг эвдээд долоон ах Ян Линь, Тун Вэй, Ван И Ху, Жанхун, Ши Сю, Ши Чянь нарын долоон ахаа гаргаж, тус тус жад сэлэм бариулан үүдэнд үлдсэн цэргийг хядаж алав. Бас их танхим дээр нуусан Гү Дасао охин дотоод гэрт орж Луань Тинюй, Жубяо нарын гэрийн их бага, эр эм бүгдийг цавчиж алаад бас Луань Тинюйг эрж бүхүйд, Луань Тинюй аргагүй энэ учрыг мэдэж даруй зууран гарах газар үл олдмогц, худагт орж үхэх хэмээтэл, Гү Дасао яаран ирж бие толгойг салгав.

Тэндээс хотын бүгд цэрэг ба хүнийг алж дуусгаад, Сүн Жян, Сүнь Ли хоёр их хаалганы дээр Лян Шань уулын их цагаан дарцгаа хатгаж, гүүрний дээр зогсов. Үүнд Се Жэнь, Зебао, Ши Сю, Ян Линь нар бүгдээр морь тэжээх өвсийг дөрвөн зүг овоолж, хотод гал тавив. Үүний тавьсан гал утаа нь тэнгэр тэлж, наран бүрхэгдэв. Үүнийг Жубяо, Жухун нар үзээд даруй цэргээ хураах харанга хэнгэрэг дэлдсэнд цэрэг нь салж хойш хотдоо ирэх хэмээсэн нь Сүн Жян яахин хүлээмүй. Тэр үхдэл байлдах харанга цохиж дөрвөн зүг зовхисос, хот дотор гаднаас бүгд хавсран бүгдийг алж, заримыг амьдаар барьж, цэргийг алсан нь уул мэт овоолж, мах цусны нуур байгуулжухуй. Тэндээс Сүнь Ли, Сүнь Синь нар Сүн Жянийг урьж хот дотор оруулав. Үүнд Жулун хэмээх хоёрдугаар хөвгүүн Линь Чүн лугаа байлдаж, хэдэн удаа зөрөлдөөд хэн хэнээ дийлсэнгүй байтал гэнэт хотын дотроос гал гарсныг үзэж, хойш буцаж ирэхэд Се Жэнь, Зебао хоёр усны гүүр дээр тосож байлдсанд гэнэт Хэй сюаньфэн хэмээн Ли Күй балт сүхээ барин чармай нүцгэн гарч Жулун лугаа эсэргүүцэн байлдан ирэв. Үүнд Жулун арга үгүй зугтъя хэмээвч Хэй Сюаньфэн яахин түүнийг тавимуй. Даруй үсэрч түүний мориноос барьж Жулуныг татан буулгаж бие толгойг салгаж орхив.

Тэндээс Жубяо даруй нэг замаар нуун гарч Ху Зяжуанд буруулан одсоныг Ли Күй мэдээд, хойноос нь хөөж очоод Ху Зяжуаний өмнө хаалганы дэргэд очиж, Жубяог барьж алав. Үүнд Ли Күй үнэхээр тэнхэл орж сэтгэл нь ханаж, маш улангассан үхэр, галзуу барс адил хоёр нүд нь ув улаан болоод чухамхүү хүнийг алах нь харцага шувуу болжморыг түүх лугаа адил, гар хөлийн судас шөрмөс нь суларч үнэхээр аятайхан болов. Тэндээс Ли Күй даруй Ху Зяжуаний үүдэнд Жубяог барьж алсныг Хучэн мэдэж, өмнөөс эсэргүүцэх хэмээн цэрэг байлдахаар ирвээс Ли Күйгийн сүрээс айж ер халах хүн үгүй. Гагцхүү Ли Күй Хучэнг барих хэмээн давшин ороход бүгд цэрэг хэдэн зүг зугтаж тархав. Үүнд Хучэн гагцаар Ян Юаньзугийн замаар буруулан амь аварч сугарахыг хичээв. Тэндээс Хэй Сюаньфэн Ли Күй Ху Зяжуаний хотны дотор орж Ху овгийн гэрийн хотлоор өчнөөн зуун хүнийг цөм гагцаар алаад эдүгээ бас алт мөнгө тэргүүтнийг цөм хураан авч Жу Зяжуанд ирэв.

Тэндээс Сүн Жян Жу Зяжуанийг нэгэнт авсан тул их танхим дээр сууж баярлан бүхүйд олон жанжин цэрэг цөм “Гавъяа бүтээв” хэмээн магталцан байв. Эдний олсон алт мөнгө, үхэр мал, морь хонь ер тоолох үгүй. Гагцхүү хэдэн зуун хүнийг амьд оруулан авав. Үүнд Сүн Жян өгүүлрүүн: - Гагцхүү Луань Тинюй хэмээх хүнийг алсан нь тэр хайран хэмээхүйд гэнэт Ли Күй орж ирээд Ху Зяжуаний үүдэнд Жубяог алаад бас Хучэн түшмэлийг зугтуулсан ба бас Хучэн буруулсан. Ху Зяжуаний хүнийг цөм алсан, нохой ч үлдээсэнгүй. Учрыг гаргаж Жубяогийн толгойг авчирч Сүн Жян д өгсөнд, Сүн Жян хараан өгүүлрүүн: - Төмөр үхэр, тэнэг адгуус. Чи гагцхүү Жубяог алваас барав. Юунд дэмий олон хүнийг алж ирэв. Чамайг хэн явуулсан,яахин цаазаас зөрчиж надаас үг асуусангүй зоргоор Ху Зяжуанд очив. Хучэнгийн урьд үхэр хонь хүргэж манай тал болсныг чи үл үзэв үү? Зүй нь чамайг цааз зөрчсөн ял хүлээлгэж чиний толгойг авбаас зохих бөлгөө. Эдүгээ чамайг нэг удаа өнгөрүүлье. Гагцхүү Жубяо, Жулун хоёрыг алсан гавъяа бодож чамд энэ удаа нүүр шагная. Үүнээс хойш энэ мэт зоргоор явж хүн албаас хэрхэвч хэлтрүүлэхгүй хэмээсэнд Ли Күй инээн өгүүлрүүн: - Дүү нэгэнт байлдааны газар ирж эсэргүүцэн эс албаас яахин болмуй. Түүний дээр би хүн алах нь угаас дуртай тул чухам миний санаа тохирч сэтгэл ханав. Харин алсан нь хөнгөн. Миний санаа болбоос үхсэн хүүрийг шавар болгож хэмхчивээс сая болох байхнаа. Зүй нь Хучэнг барьж албаас зохих бөлгөө. Эдүгээ түүнийг алдав хэмээн амаа барьж гаслахад Сүн Жян өгүүлрүүн: - Чи яахин ийм тэнэг адгуус болов. Харин Хучэнг алах байтугай залж ирвээс зохих билээ хэмээсэнд Ли Күй өгүүлрүүн: -Хучэн хулгайн төрсөн дүү охин Ху Юй хэмээх И Жан Чин урьд харин миний ах Ванвэй И Хуг барьж авсан нь журам бодсон ёс буюу. Сүн ах чи эдүгээ И Жан Чинийг барьж уулнаа хүргэж Сүн Тайгүнд тушаасан нь чи гэргийгээ хийх хэмээмүй хэмээсэнд Сүн Жян энэ тэнэг лугаа юу хэлэлцмүй хэмээв.

Тэндээс тэнэг Ли Күй: - Би хэдий гавъяа байгуулсангүй боловч басхүү гэм хор хийсэнгүй хэмээлцэн байтал Ү Шюэжү хэдэн зуун цэрэгтэй ирж Жу Зяжуан хэмээх хотод орж Сүн Жяний дэргэд ирж гавъяа байгуулсан ба ухаан гаргаж өстнөө дарсан зэргийг магтаж баярын хундага барив. Үүнд Сүн Жян өгүүлрүүн: - Мунхаг дүүгийн ухаан хүч үгүй. Гагцхүү олон жанжин баатрын хүчин чадал. Түүний гадна ялангуяа Сүнь Ли, Сүнь Синь нарын зэрэг хэдэн хүн маш их гавъяа бүтээв хэмээсэнд Ү Шюэжү хариу өгүүлрүүн: - Эдүгээ жанжиндаа уг нутаг ууландаа харьсан хойно жич тус тус шагнаж зэрэг олгоё хэмээгээд эдүгээ энэ Жу Зяжуан хотны дотор бүхүй өчнөөн байшинтай бараа хогшлыг яахин уулнаа аваачих буюу. Иймийн тул гал тавьж үнсэн товрог болговоос зохих хэмээсэнд Ши Сю өгүүлрүүн: -  Эрхэм  ах  нар  та  миний  үгийг  сонсогтун.  Өчүүхэн  дүү  бидэнд  орох  гарах  зам ба Жубяогийн гурван хөвгүүний баатар, бас Ху Зяжуаний хотонд И Жан Чин  хэмээх  хувилгаан  шидтэй  охин  буй  зэргийг  зааж  өгөн  тусалсан  өвгөн  Жунлид  шагнан  хүртээвээс  зохих  тул  эдгээр  орон  байшинд  гал  тавиваас  хайран  миний  санаа.  Түүний  ачийг  хариулж  эдгээр  юмыг  цөм  түүнд  өгч,  үүрд  амь  тэжээх  алба  өргөхөд  тус  болговоос  ямар?  хэмээсэнд  Сүн  Жян:  -Үнэхээр тийм. Би эдүгээ мартав. Ши Сю тэр өвгөнийг даруй дуудаж ирэгтүн хэмээсэнд  Ши  Сю  маш  баярлан  гарч  өвгөн  Жунлид  хүрэв.  Ши  Сю  Жунли  өвгөнийг дуудаж ирсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Өвгөн чиний нэр алдар хэн? хэмээсэнд өвгөн өгүүлрүүн: - Өчүүхэн хүн угаас энэ хотын хүн бус. Гагцхүү бага  цагаас  энд  идээшин  олж  нутагшсан  тул  эдүгээ  насан  өвгөн  болж,  уг  нутагтаа буцах аргагүй болов хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Өвгөн чиний гавъяа  бүтээж  бидний  гарах  орох  зам  зэргийг  зааж  тусалсан  тул  эдгээр  барьсан олон хүн, эдний гэр орон, эдлэх эдлэл зэргийг цөм чиний өмнөөс нүүр  тавьж  ач  хариулъя.  Чи  эдүгээ  эдгээрт  жанжин  дарга  болж  суугтун.  Тэдний хүн нарт айл бүрд будаа нэг нэг шуудай шагнасугай хэмээсэнд өвгөн Жунли  маш  баярлан  олонтаа  мөргөсөнд,  Сүн  Жян  өгүүлрүүн:  -  Өвгөн  бүү  мөргөгтүн. Чи энд эс байсан бөгөөс бид эднийг яахин үлдээмүй. Түүний гадна энэ хотыг арилгаж гал тавих билээ. Гагцхүү чиний өвгөн насыг бодож үхтэл жаргахаар өмч өгөв. Чи одоо энд суугтун. Бүү ийш тийш явагтун хэмээсэнд өвгөн хишигт мөргөж даруй хүлээн авав. Үүнд Сүн Жян өгүүлрүүн: - Эдүгээ бид гагцхүү олсон алт мөнгө, эдлэл зүйл, хонь мал морь, будааг бодвоос маш их.  Гагцхүү  будааг  багцаагаар  бодвоос  тавин  түмэн  шуудай  будаа  баймуй.  Үүнийг  даруй  хурааж,  уулнаа  аваачих  хэмээн  зөвлөж,  олон  цэрэгт  тушаан  өгч илгээв.

Тэндээс  олон  цэрэг,  Сүн  Жян  нар  жанжнаа  авч,  их  жагсаалын  уулнаа  ирж  хурим  хуримлаад,  эдүгээ  Лян  Шаньд  харихаар  зөвлөвөөс  Ү  Шюэжү  өгүүлрүүн: - Сүн ах чи нь бас хүний хийсэн тусыг үл мэдмүй. Энэ Жу Зяжуан хотыг идэж булаасан нь гагцхүү Сүнь Ли, Сүньсин, Се Жэнь, Зебао, Жу Юань, Зоубао, Юэ Хэ, Гү Дасао охин нарын нарийн ухаан хүчээр авсан нь үнэн тул эдний  гавъяа  байгуулсныг  урьд  Чаогайд  мэдүүлж,  данснаа  тэмдэглүүлж,  басхүү эднийг эндээс сайн хүндлэн авч яваваас зохимуй хэмээн хэлсэнд Сүн Жян: - мөн хэмээн даруй хоёр Гү нянзид хоёр жууз тэргэнд суулгаж, тэдгээр долоон  сайн  эрсэд  сайн  шилдэг  морь  унуулж  явуулахаар  тогтоод,  хурим  будаа идэж тэнгэр дэлхийг тахиад, уулнаас бууж Лян Шань ууландаа буцав. Үүнийг үл өгүүлмүй.

Өгүүлэх  нь,  “Тэр  Жу  Зяжуан  хэмээх  гурван  хотыг  бүрнээ  түйвээж  дуусгаад,  үлдсэн  хэдэн  зуун  хүнийг  шагнаж  орон  байшин  үлдээж  өгсөн  учирт тэдгээр Жу Зяжуаний хүн өдөр шөнөгүй залбиран Сүн овогт тэдгээр хэмээн  зул  хүж  өргөв.  Үүнийг  өгүүлэхгүй  өгүүлэх  нь,  Ли  Зяжуаний  Ли  Ин  хэмээх  түшмэл  Жу  Зяжуаний  Жубяод  сумаар  харвагдсан  шарх  эдгэрч  ер  өдөр  шөнөгүй  хэрмийн  хаалгыг  ягшуулж,  гагцхүү  нэг  хүн  нууцаар  Жу Зяжуанийг  хэрхэн  болгохыг  тагнуулж  байв.  Үүнд  тэр  тагнуулч  ирж:  -  Жу  Зяжуанийг  Лян  Шань  Фүгийн  Сүн  Жян  нар  идэж  дийлээд,  эдүгээ  явав  хэмээсэнд  бас  нэг  цэргийн  хүн  ирж  өгүүлрүүн:  -  Эдүгээ  харъяат  Жугийн  мэдэгч  Жизя  хэдэн  гяндангийн  дарга  дагуулан  ирэв  хэмээсэнд  Ли  Ин  түшмэл  маш  айж,  даруй  босон  ёст  малгай  хүрмээ  өмсч  угтан,  хэрэмний  хаалга  үүдийг  нээж  усны  гүүрийг  тавьж  угтан  ёсолж  оруулав.  Тэндээс  тэр  Жися орж цай уугаад, их танхим засуулж даруй ширээ тавьж, Жугийн мэдэгч Жизя  ширээн  дээр  сууж  басхүү  нэгэн  бичгийн  түшмэлийг  сойвонгийн  хамт  дэргэдээ  сууж  байцаан  асуужихуй.

Нэг  түшмэлийг  бас  нэг  сандалд  суулгаж бусад дагуулан ирсэн гянданы дарга нар хоёр этгээдээр жагсуулан Ли Ин түшмэлийг дуудаж сөгтгөөд, ийн өгүүлрүүн: - Чи эдүгээ Жу Зяжуан тосгоныг  Лян  Шань  уулын  урвасан  хулгай  нар  яахин  бүрэлгэснийг  мэдэх  буюу?  хэмээсэнд  Ли  Ин  өгүүлрүүн:  -  Өчүүхэн  хүн  ер  очиж  мэдсэн  зүйл  үгүй.  Гагцхүү  хүнээс  сонсвоос  Жу  Зяжуан  хотыг  Лян  Шань  Фү  дээрэмдэж  бүрэлгэв  хэмээснийг  сонсов.  Үүнд  өчүүхэн  хүн  басхүү  айж,  өөрийн  суух  хотын  хаалга  хэрмийг  хааж  батлаад,  нүд  балар  Бурхан  тэнгэрт  залбиран  байтал харин манай Ли Зяжуанд халдсангүй өршөөж буцав хэмээсэнд ноён хүйтнээр  инээн  өгүүлрүүн:  -  Чи  бүү  худал  өгүүл.

Эдүгээ  чамайг  Лян  Шань  Фүгийн Сүн Жян хэмээгч лугаа эв найрлаар танилцаж, хахууль мөнгө, торго магнаг авав хэмээн Жу Зяжуанаас өргөдөл өргөж мэдүүлсэн зүйл буй тул чи яахин тийнхүү мугуйдаар гүтгэн заалдаж болмуй. Даруй үнэнээ мэдүүлбээс би  чамайг  бага  уучлах.  Эс  үнэнээ  мэдүүлбээс  чиний  биеийг  барьж  шүүн,  эрүү  тулгаж  үнэнийг  тодорхойлмуй  хэмээсэнд  Ли  Ин  маш  бачимдан  ийн  өгүүлрүүн:  -  Өчүүхэн  хүн  дээд  эзэн  хааны  хишгийг  хүртэж  түшмэл  зэрэг  олоод, яахин Ляншаний урвасан үзэмжгүй муу хулгай нар лугаа сүлбээлэн хуйвалдаж  тэр  мэт  хүнд  хэрэг  хиймүй  хэмээн  мэдүүлсэнд  Жизя  ноён  зандран  өгүүлрүүн:  -  Төрд  самуун  хэрэг  хийж  түмэн  иргэнийг  бусниулах  хэрэг  хийгээд  бас  ийнхүү  чимж  мэдүүлэх  нь  аль  газрын  ёс?  Эдүгээ  үүнийг  даруй барьж авагтун. Жугийн яамнаа хүргэж, Жубяогийн өргөсөн өргөлийн ёсоор чангалан шүүж, нягтлан байцааж, эрүү тулган учрыг эс тогтоовоос үл болмуй хэмээн дагаж ирсэн гяндангийн олон дарга нарт тушаасанд тэдгээр дарга нар даруй давхин орж Ли Инг барьж авав.

Тэндээс  Ли  Ингийн  шадар  түшмэл  Дүсин  ирж,  ноёноо  хамгаалах  арга бодож дэмий зогсон байтал Жизя: - Энэ хүн хэн гэгч хүн буй? хэмээн Ли  Ингээс  асуусанд  Ли  Ин:  -  Энэ  нь  өчүүхэн  хүний  гэрийн  хэргийг  дааж,  гадаад дотоодыг үзэх нэг зардас хэмээсэнд Жизя энэ зүгийг сонсоод элдэв учрыг  мэдээд:  -  Тийм  бөгөөс  үүнийг  бас  барьж  авагтун  хэмээн  хамтаар  барьж,  Ли  Зяжуанаас  харив.  Энэ  нь  Ли  Ин,  Дүсин  хоёр  өөрийн  эрхгүй  хүний  гарт  баригдсан  нь  торонд  орсон  шувуу  адил  баригдан  явав.  Тэндээс  нэлээд  газар  явсны  хойно  нэгэн  шугуй  модноос  Сүн  Жян,  Хуа  Рүн  нарын  нэлээд  жанжин  цэрэг  гарч  ирээд  зам  хөндөлдөн  зогсов.  Үүнд  Жизя  ноён  маш айж, ийн өгүүлрүүн: - Эдүгээ Ляншаний урвасан хулгай нар гарч ирэв.

Бид зөвхөн амь сугарахыг хичээвээс зохимуй хэмээн явтал, Линь Чүн өндөр дуугаар хашхиран давхин ирж өгүүлрүүн: - Өчүүхэн нохойн зулзага адгуус адил  хүн  чи  ямар  аймшиггүй  хүнийг  дарлах  буюу.  Чамайг  даруй  барьж  албаас  зохимуй  хэмээн  Жизяг  барих  хэмээсэнд,  энэ  Жизя  хэдүйн  оргон  зугтаж зайлсан тул, түүний хойноос хөөж юу хиймүй, гагцхүү Ли Ин, Дүсин хоёрыг  авав  хэмээн  бодоод  Сүн  Жян  даруй  Ли  Инд  өгүүлрүүн:  -  Эрхэм  түшмэл  эдүгээ  бид  эс  тохиолдсон  аваас  таны  амь  гарах  бэрх  болов.  Эдүгээ  биднийг  дагаж  Лян  Шаньд  очиж  хэдэн  өдөр  сууваас  ямар?  хэмээсэнд  Ли  Ин өгүүлрүүн: - Би Лян Шаньд очиж үл болмуй. Учир нь Жугийн энэ Жизя нь амьд байсан цагт ер өнгөрүүлэхгүй.

Тиймийн тул хржим над гэм их ирэх хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Эдүгээ нэгэнт намайг орхиж явлаа. Чи одоо биднийг эс дагаж Лян Шаньд очвоос энэ Жизя бидний явсан хойно чамайг эрхгүй хорломуй хэмээсэнд Ли Ин өгүүлрүүн: - Эрхэм нөхөд Жизяг барьж алсан болбоос нэн сайн. Эс түүнийг нэгэнтээ алдсан тул энэ хэрэг хэрхэвч өнгөрөхгүй  хэмээсэнд  Сүн  Жян  өгүүлрүүн:  -  Чи  бүү  зовогтун.  Манай  Лян  Шаньд  нэгэнт  очвоос  чамд  халдах  хэрэг  үгүй.  Хожим  энэ  хэргээ  өнгөрсөн  хойно дахин ирж хотдоо сууваас зохимуй хэмээсэнд Ли Ин: - Хэрхэвч очиж болохгүй хэмээсэнд тэдгээр Сүн Жян нар яахин түүний дураар болно, шууд олон цэргээр хашуулан авч Ляншаний зүг ирэв. Тэндээс басхүү Ли Ингийн гэрийн  хотлоор,  их  бага  цөм  авч,  эдлэл  ба  үхэр  морь  зэргийг  хурааж  мөн  Лян  Шаньд  аваачив.  Үүнийг  Ли  Ин  яахин  мэдмүй.  Гагцхүү  ууланд  очоод  Чаогайд ёслон журмыг хуруулагч “Жү И Тан” хэмээх их танхим дээр их бага жанжин  цөм  Сүн  Жян,  Ли  Ин  нарт  баярын  хундага  барьж  маш  их  хурим  бэлтгэв.

Тэндээс Ли Ин арга үгүй хавчигдан Лян Шаньд очоод Чаогай, Сүн Жян нарт ийн өгүүлрүүн: - Мэргэн дүү нар сонс. Өчүүхэн ах би гагцаар энд ирж эрхэм олон жанжин лугаа хоршсон боловч, Ли Зяжуанд эдүгээ миний эм хүүхэд буй билээ. Эд нарыг яахин орхиж болох буюу хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн:  Да  Гуаньрэнь  үүнд  бүү  зовогтун.  Гагцхүү  таны  биеийг  авчраад,  таны  гэрийн  эм  хүүхдийг  үл  авчрах  ёс  хаана  байх  буюу.  Эдүгээ  энд  ойр  авчрав  хэмээсэнд  Ли  Ин  маш  их  цочин  сэтгэж  байтал,  уулын  доороос  нэг  хэсэг цэрэг нийлж, үхэр мал бас хэдэн тэрэг ирсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Ли Да  гуаньрэнь  эдүгээ  таны  гэрийн  хүн  хүүхэд  ирэв.

Орж  авагтун  хэмээсэнд  Ли Ин гарч уулнаас бууж очоод, эм лугаа учирч, яахин энд ирэв? хэмээсэнд эм нь өгүүлрүүн: - Чиний биеийг Жизя барьж аваад явсан дараа хэдэн цэрэг жанжин  нар  очиж  бидний  гэрийн  хотлоор  ба  эдлэл  авдар  сав,  үхэр  малыг  хурааж энд авчрав. Түүний гадна манай суух гэрийн бүгд хороог гал тавин түймэрдээд  өдөр  шөнөгүй  довтлон  авчрав  хэмээсэнд  даруй  Лян  Шань  ууланд очиж Чаогай лугаа эм хүүхдээ ёслуулж сөгдсөнд Чаогай өгүүлрүүн: -  Эдүгээ  энд  нэгэнт  ирсэн  хойно  арга  буюу  Ли  Дагуань  рэний  эм  хүүхдэд  тусгай нэг шилдэг байшин засаж суулгагтун хэмээсэнд олон цэрэг даруй нэг байшин засаж суулгав. Үүнд Ли Ин эмдээ өгүүлрүүн: - Эдүгээ бид энд нэгэнт ирсэн  тул  хэрхэвч  уг  нутагтаа  буцах  аргагүй  болов  хэмээн  зөвлөн  байтал Сүн  Жян  инээн  өгүүлрүүн:  -  Ли  Дарэнь,  таны  энд  авчирсан  учрыг  нарийн  мэдэх буюу. Тэр өдрийн Жизя болж, таны гэрт очиж, чиний биеийг барьж шүүсэн нь манай Ү Шюэжү. Гяндангийн дарга хэмээгч бид Ян Линь, Ван И Ху болон олон цэрэг чиний биеийг хууран Жугийн яамнаа хүргэн аваачмуй хэмээн яваад, зам тосож булаасан нь чиний сэтгэлийг мунхруулж авчирсан Ли  Дарэнийн  учрыг  эдүгээ  эдүгээ  чамд  хэлсүгэй  хэмээсэнд  Чаогай  нарын  олон  цэрэг  жанжин  алгаа  ташиж  маш  их  инээлцэв.  Тэндээс  Сүн  Жян,  Чаогай нар бүгдээр маш баярлан үнэхээр их арга хэрэглэж барьснаа магтан хэлэлцэхийг үл өгүүлмүй.

Өгүүлэх  нь:  Сүн  Жян  нар  маш  их  хурим  хийхээр  үхэр,  хонь,  гахай  алуулж  их  бага  олон  жанжин  ба  бас  хуучин  уламжилж  ирсэн  эрс  эмс  бүгдийг залж, журмын ширээ танхим дээр сууцгааж тус тус яахин Сүн Жян нарт хууран барьсан, мөн яахин дуртайяа дагаж орсон зэргийг хэлэлцэхдээ: - Энэ Ли Инг яахин хуурмаглан, хэний хүч ухаан санаагаар тийнхүү хуурамч Жизя болсон зэргийг нэг нэгнээр хэлэлцэв. Тэндээс энэ Лян Шань ууланд дөрвөн  далай  найман  зовхисын  чадал  бүхий  эрс  цөм  цуглан  ирсэн  нь  жар  шахам  хүн  болов.  Энэ  шинэ  ирсэн  Ли  Ин,  Сүнь  Ли,  Сүнь  Синь,  Зебао,  Се  Жэнь,  Зоуюань,  Зоурун,  Дүсин,  Юэ  Хэ,  Ши  Чянь  нарын  зэрэг  арван  хүн,  эм  дарга  нь  Ху  Саньнян,  Ху  Дасао,  Гү  Дасао  нарын  хоёр  хүн  бүгд  нийлж  арван хоёр хүнийг оруулж авав. Үүнд Сүн Жян өгүүлрүүн: - Эдүгээ бид энд нэгэнт  журмын  ах  дүү  барилцан  бололцсон  нь  одоо  ер  бие  биенээс  гадуур  санаж үл болмуй.

Тиймийн тул Ли Ин ахын гэргийг эдүгээ олон Гү нянзийн дарга   тавьж,   тусгайлан   дарга   дарцаг   байгуулж   сайнаар   засан   цагдаж   байгтун.  Түүний  гадна  басхүү  ширээ  бэлтгэн  охид  бүгдийг  цөм  цуглуулан  найр  наадам,  хөгжим  үүсгэж  жарган  цэнгэлдэн  түүний  гадна  басхүү  над  нэгэн чухал тусгай зөвлөх хэрэг буй. Урьд Жинь Вансинь ууланд байх цагт зальхай  хулга  Люгайгийн  эмийг  Ван  И  Худ  эм  болгон  авах  хэмээсэнд  би  түүнийг журамгүй хэрэг үүсгэсэн эм тул эс учруулж, дараа нь түүний нөхөр Люгайг зам тосож барьж алаад эмийг нь хөрөнгөний хамтаар Жинь Вансинь уулнаа авчирч, хамтаар зүрх уушгийг сугалан авч түүний өст Хуа Рүн нарын гавъяаг  бодож  алсанд  миний  Ван  И  Ху  хэмээх  богино  хөлт  барс  тэр  учирт  Занжюн  лугаа  сэтгэл  эвдэрч  хараахан  ноцолдохуйд  би  нэг  удаа  хориглон,  хожим чамд маш сайхан чадалтай эрдэм төгссөн эм авч өгөх хэмээн нэгэнт тангараг  тавьж  хэлсэн  тул  эдүгээ  миний  эцэг  Сүнь  Дайгүнгийн  дэргэд  үрчлэн  өгсөн  Ху  Зяжуаний  газраас  олж  ирсэн  Ху  Жан  Чин  хэмээх  маш  үзэсгэлэн, чухам миний Ван И Ху лугаа зохилдох тул тэр хоёрыг эдүгээ эр эм  болгон,  тэнгэрт  мөргүүлж  ёсолвоос  ямар?  хэмээсэнд  Чаогай,  Ү  Шюэжү  нар  маш  баясан  магтан  өгүүлрүүн:  -Эдүгээ  манай  Сүн  Жян  ахын  бодлого  мэргэн бөгөөд Бурханы зааснаас нэн ч хурц, эрс тодорхой дээр баатар чадал нь хэтэрхий, чухамхүү тэнгэрийн эрхийг барьсан хурмаст бурханы шашны дэлгэрүүлсэн  гайхамшигт  бодисадваас  юуны  өөр  хэмээн  магталцан  даруй  Сүн  Дайгүнийг  дуудаж  энэ  учрыг  хэлсэнд  Гүн  яахин  үл  дагамуй. 

Даруй зөвшөөрч  Ху  Жан  Чин  хэмээх  охиныг  авчирч  Ван  И  Ху  лугаа  тэнгэрт  ёслуулан  хүж  бариулж,  нэгэн  насны  эр  эм  болгон  богтлов.  Ху  Жан  Чин  басхүү Ван И Хугийн зүс байдлыг үзвээс үнэхээр үзэмжгүй боловч аргагүй дагаж  эм  болов.  Ван  И  Ху  урьд  энэ  эмийг  байлдах  цагт  түүнийг  мөрөөдөн  санаж баригдсан бөгөөд эдүгээ түүний эм болгон авсан нь тэнгэрээс дагинас олсон мэт маш баярлан, олон жанжин цэрэг нар жич бас Сүн Жян, Чаогай, Сүн  Дайгүн  нарт  бүгд  ёсолж  хойд  хүрээлэнд  очив.  Тэдгээр  олон  жанжин  Чаогай,  Сүн  Жян  нар  маш  их  хурим  хийж,  гурван  өдөр  шөнө  найр  тавин  байтал, уулын доороос Жү Гүйгийн архины пүүснээс нэг цэргийн хүн маш довтлон  ирж,  Сүн  Жян,  Чаогай  хоёр  лугаа  учирч  ёслоод  ийн  өгүүлрүүн:  -  Эдүгээ манай архины пүүсэнд урьд шөнө нэгэн гийчин ирж архи будаа идэв. Түүний амандаа өгүүлэх нь: - Юнь Чэнсяний хотны хүмүүн гэнэм. Нэрийг асуусангүй.  Эдүгээ  манай  Лян  Шаньд  ирж  олон  жанжин  нар  лугаа  учирч,  ах  дүү  бололцох  хэмээмүй.  Түүний  байдал  төлөвийг  үзвээс  мөн  ч  цэргийн  эрдэм  төгссөн  баатар  янзтай  хүн.  Иймийн  тул  манай  Жүгүй  дарга  намайг  илгээж мэдээ бариулав хэмээсэнд Чаогай өгүүлрүүн: - Энэ нь зүгээр суусаар байтал дөрвөн зүгээс цугларан ирэх баатар эрс нь тэнгэр илгээж тэтгэсний харгаа. Үгүй бөгөөс яахин өөрөө ирж гуйх буюу. Тиймийн тул түүнийг очиж авах  хэмээн  зөвлөв.  Үүнд  үнэн  журмаар  тосон  сайн  эрийг  үл  авах  болбоос  дэлхий дахинд Ляншаний баатрууд хэмээх нэр цол үгүй болмуй. Хар цагаан хоёрыг  ялгаж  үл  чадах  ахул  түшмэл  хэмээн  нэрийдсэн  хэрэггүй  болмуй  хэмээгээд тэр цэргийн хүнийг даруй буцааж, хойноос дагаж уулнаас буув.

Энэ  нь  чухам  ямар  газрын  хэн  нэртэй  хүн  ирж,  Чаогай  нар  лугаа  хоршиж ах дүү болохыг хойд бүлэгт үзэгтүн.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top