Өнгөрсөн онд Канад улс гаднын ажиллах хүчнийг хамгийн их татсан орноор тодорч, АНУ-ыг ардаа орхижээ. Ажил хайгчид коронавирусний халдвартай илүү амжилттай тэмцэж буй улс орнуудыг сонгох болсныг “BCG”, “The Network” байгууллагаас хамтран явуулсан судалгаа харуулсан байна.
Судалгаанд оролцсон 190 орны 209 мянган оролцогчдын 50 хувь хөдөлмөрлөх зорилгоор өөр улс руу шилжин суурьшихад бэлэн буйгаа илэрхийлсэн байна. Энэ нь 2014, 2018 оны үзүүлэлтээс бага байгаа юм. Тухайн онуудад энэ үзүүлэлт 54, 57 хувьтай байжээ. Коронавирусний цар тахал гадаадад хөдөлмөр эрхлэх хандлагад ихээхэн нөлөөлсөн нь судалгаанаас харагдаж байна.
Канадын дараа Австрали, Герман, Их Британи, Япон, Швейцар, Сингапур, Франц, Шинэ Зеланд ажил эрхлэхэд хамгийн таатай 10 орны тоонд багтсан байна. Ази, Номхон далайн бүс нутгаас Сингапур, Шинэ Зеланд анх удаа энэ жагсаалтад орсон нь эдгээр орнууд коронавирусний халдвартай амжилттай тэмцэж буйг илтгэж байна гэж судлаачид онцолжээ.
Харин Герман, Франц энэхүү жагсаалтад хоёр байр тус тус ухарч, Итали, Испани жагсаалтаас хасагдсан нь Европ дахь цар тахлын нөхцөл байдал гаднын ажиллах хүчний сонирхол буурахад нөлөөлсөн байна.
Түүнчлэн, гаднын ажиллах хүчийг хязгаарласан бодлого ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнийг сулруулжээ. Цахимаар ажиллах боломж өргөжсөн нь мөн үүнд нөлөөлсөн гэж “BCG” байгууллагын судлаач Рйанер Штрак онцолжээ.
Гадаад улс оронд шилжин хөдөлмөр эрхлэх сонирхол буурсантай зэрэгцэн эх орондоо гаднын байгууллага, компанид ажиллах сонирхол нэмэгдсэн байна. Судалгаанд оролцогчдын 57 хувь нь зайнаас гаднын компаниудад ажиллахыг илүүд үзсэн ба энэ тал дээр АНУ-ын компаниуд хамгийн их сонирхол татаж байна.
Мэдээлэл, тоон технологийн салбарт ажилласан туршлагатай оролцогчдын 71 хувь зайнаас гаднын компанид ажиллах хүсэлтэйгээ илэрхийлсэн бол дээд боловсролтой хүмүүсийн 62 хувь ийм хэлбэрийн ажил эрхлэхэд бэлэн байна.
Сэтгэгдэл ( 0 )