Дэхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчид коронавирусний гарал үүслийн талаарх судалгааны тухай тайланд SARS-CoV-2 вирус лабораториос алдагдсан гэх таамгийг цаашид судлах шаардлагагүй гэж үзжээ.
“The Washington Post” хэвлэлийн олж авсан тус тайлангийн төслөөс үзвэл шинжээчид вирус амьтнаас хүнд эсвэл хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнээр дамжин халдварласан замыг судлах ажлыг үргэлжлүүлэхийг зөвлөжээ.
Тайланд Хятадын Ухань хотод вирус судлалтай холбоотой гурван лаборатори байдаг бөгөөд эдгээр нь бүгд “өндөр түвшинд” “сайн удирдлага” дор ажилладаг болохыг онцолсон байна. Лабораторийн ажилтнууд халдвар авсныг гэрчлэх баримт байгаагүй гэнэ. Цар тахал дэгдэхээс өмнө коронавирус болон сарьсан багваахайтай холбоотой бусад төрлийн вирусийг хадгалж байсан эсвэл ямар нэгэн судалгаа хийж байсан талаар лабораторийн ажилтнууд мэдээлээгүй байна.
Түүнчлэн, ДЭМБ-ын олон улсын шинжээчдийн баг коронавирусний тархалтын эх уурхай Хятадын хилээс гадна байсан байх боломжтой гэсэн таамгийг үгүйсгээгүй байна. Тайланд мэргэжилтнүүд вирус хэзээ, хаана, хэрхэн тархаж эхэлсэн тухай асуултад эцсийн хариулт өгөөгүй байна.
Шинжээчид вирус Хятад улсын хилийн гадна үүсэж, хожим нь тус улсад орж ирсэн байх боломжтой гэж үзжээ. Энэ таамгийг Хятадын эрх баригчид дэвшүүлж байсан бол АНУ болон барууны бусад орнууд үүнийг эсрэг байр суурьтай байсан гэж тайланд тодруулжээ.
ДЭМБ-ын шинжээчид Хятадын эмнэлгүүд дэх халдварын талаарх мэдээлэл болон 2019 оны арванхоёрдугаар сараас өмнө авсан цусны дээжүүдийг нарийвчлан судлахыг зөвлөсөн байна. Түүнчлэн тэд Хятадын амьтны фермийн аж ахуйг шалгах шаардлагатай гэж үзжээ. Үүнээс гадна Уханийн “Хунань” далайн бүтээгдэхүүний зах коронавирусний эх уурхайн байгаагүй ч халдвар тархахад ямар нэгэн үүрэг гүйцэтгэсэн байж магадгүй гэж тайланд дурджээ. Тиймээс мэргэжилтнүүд “Хунань” болон Хятадын бусад захуудад нэмэлт шалгалт явуулахыг зөвлөсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )