Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дээр ИЛҮҮДЭЛТЭЙ мэргэжлийн жагсаалтад ЭДИЙН ЗАСАГЧ ордог. Тэгвэл эдийн засагчдын үйл ажиллагааны үндсэн талбар болох эдийн засгийн орчин, бүтцийг аваад үзэхээр тулгуураар нь өөрчлөлт хийхгүйгээр солонгын өнгөт төрөлжсөн эдийн засагтай болох тухай сэдэв дахиад ч 30 жил яригдаж магад юм.
Манайд эдийн засагчид олон ч, улс төрийн түвшинд эдийн засгийн аливаа шийдвэрүүдийг гаргахдаа, бодлогын шинжилгээнд суурилах тал дээр учир дутагдалтай байдаг. Уг нь эдийн засагчид бодлого, зөвлөмж санал болгож, хэлж ярьцгаадаг ч, “сошиалын сэвээнүүд” улс төрийн шийдвэрт илүүтэй нөлөөлж байна гэх шүүмж дагах болсон. Тэгэхээр эдийн засагт хамгийн их оролцоотой байх ёстой эдийн засагчид яагаад ийм хүчгүй байна вэ. Сайн эдийн засагч гэж хэнийг хэлэх вэ гэдэг асуулт яах аргагүй анхаарал татдаг.
Монголд бараг хүн бүхэн шахуу эдийн засаг ярьдаг атлаа улс орны эдийн засгийг олон талаас нь харж судалдаг байгууллага ховор
Канадын Конкордиа их сургуулийн ассошиэт профессор, эдийн засагч Д.Лхагвасүрэн “Аль ч нам, юу ч ярьсан эдийн засаг манай “төв талбай” дээр ховор болж” гэж байсан юм. Түүнээс “Ер нь эдийн засагчид өөрсдийн санал зөвлөмжөө улс төрийн шийдвэрт тусгуулах тал дээр, оролцоогоо хангах талаас юу хийх боломжтой вэ?” гэж асуухад:
-Монголд эдийн засагчид их, магадгүй хэт их байх. Гэвч тэдний хамтран ажиллах дэд бүтэц хязгаарлагдмал. Монголд бараг хүн бүхэн шахуу эдийн засаг ярьдаг атлаа улс орны эдийн засгийг олон талаас нь харж судалдаг байгууллага ховор. Монголын эдийн засгийн тухай цэгцтэй ойлголт бага байдаг нэгэн шалтгаан энэ.
Сайн судалгаа хийдэг ганц нэг газар бий. Жишээлбэл, Монголбанкны Судалгаа, статистикийн газрыг олон жил тогтвортой бүтцээр явж ирсэн сайн боловсон хүчинтэй судалгааны нэгж гэж боддог. Эднийхтэй өрсөлдөхүйц, чадвартай судалгааны төвүүдийг зохион байгуулбал нийт эдийн засгийн бодлогод хэрэгтэй. Ер нь олон монгол залуусын оюуныг нэгтгэх боломж алдагдаад байх шиг санагддаг.
Их сургуулиуд нь судалгааны их сургуулиуд болох шат руугаа явж байгаа ч судлаачид нь бие даасан судалгаа хийх боломж, хөшүүрэг хомс байна. УИХ-ын дэргэдэх судалгааны төв гэж байсан. Тийм төвөөр дамжуулан, УИХ нь өөрийнхөө дэргэд их сургуулиуд, жижиг хүрээлэнгүүдийн зарим судалгааг нэгтгэх боломжтой санагддаг.
Нийслэлд байгаа их дээд сургуулиудын хамтын ажиллагааг сайжруулах талаар хийх зүйлс бий. Нэг хотод байгаа их сургуулиудын хамтын ажиллагааг дэмжихийн тулд яам нь тэдгээр сургуулиудын дунд нь судалгааны төв байгуулж тэр төвийг нь санхүүжүүлж явдаг туршлага Европ, Хойд Aмерикт бий. Ийм төвүүд нь заавал шинэ байшин барилга шаарддаггүй. Үйл ажиллагааны, судалгааны чиглэлээ зангидах маягаар ажиллах нь элбэг” хэмээн хариулсан.
Олон нийттэй үзэл бодлоо хуваалцдаг эдийн засагчид бий. Гэвч тэд орчин үеийн эдийн засаг дахь хамгийн сонирхолтой судалгаа хийх тэвчээргүй, бас хатуухан байр суурьтай хүмүүс байдаг.
Тэгвэл Эдийн засагч Д.Ган-Очир Нобелийн шагналтнууд болох А.Банержи, Э.Дуфло нарын 2019 онд гаргасан “Хүнд үеийн эдийн засаг” номноос Эдийн засгийн судалгаа, Эдийн засагчийн талаарх тун сонирхолтой эшлэлүүдийг онцлон хуваалцаж буйг хүргэе.
“Бидний амьдарч буй энэ цаг үед нийгэм улам л хуваагдсаар л. Баруун, зүүнтний үзэлтнүүд эвлэрэх орон зай үлдээлгүй биесээ элдвээр доромжилж, муу муухайгаар хэлэх нь улам ихсэв.
Мунхаг харанхуй эдийн засгаас болж дэлхий даяар тэгш бус байдал гаарч, нийгэм улам хуваагдаж байгааг анзаарах сөхөөгүй байна. Байгаль орчны сүйрэл хаяанд ирснийг үл хайхарч үйлдэл хийхгүй хойшлуулсаар байгаагийн үр дагаврыг залруулах боломжгүй ч байж мэднэ.
Эдийн засгийн болон бодлогын чухал асуудлуудын хариулт твиттерт жиргэх төдийд олдчихгүй. Иргэдийг хагаралдуулж уур бухимдал, үл итгэлцлийг улам өөгшүүлсээр иргэд хамтдаа ярилцаж, бодож асуудлыг шийдэх боломжгүй болно. Яг л “чөтгөрийн тойрог” гэлтэй.
Яагаад зарим улс хөгжиж, зарим нь хөгждөггүй талаар эдийн засагчид шамдан ажилласаар ирсэн. Харин “зурагтын эдийн засагчид” болон ахлах ангийн сурах бичгийн хэт хялбаршуулсан хариултуудад дассан хүмүүст сүүлийн үеийн судалгаануудын үр дүн гэнэтийн тусах нь түгээмэл. Шинэ судалгаануудын ачаар л эдийн засгийн, бодлогын чухал асуудлуудыг ойлгох боломжтой юм. Харамсалтай нь хуруу дарам хэдхэн хүн л “жинхэнэ” эдийн засагчдын яриаг анхааралтай сонсож, тэдэнд итгэдэг. 2017 онд Англид явуулсан “Ажилладаг салбарынхаа талаар ярих үед Та доорх хүмүүсийн хэнийх нь үзэл бодолд хамгийн их итгэдэг вэ” гэсэн санал асуулгад 84 хувийн саналаар сувилагч нар тэргүүлжээ. Харин 25 хувийн саналаар улс төрчдийн яг өмнө орсон байна. Ард иргэдийн дийлэнх олонх нь эдийн засгийн талаар эдийн засагчдыг сонсохоо больжээ.
Эдийн засагчид бид ихэвчлэн өөрсдийн загвар, аргачлалд хэт автсанаас болж заримдаа шинжлэх ухаан, үзэл санаа хоёрын заагийг мартчихдаг улс. Загвар аргачлалдаа тулгуурлан бид бодлогыг тодорхойлдог. Эдийн засгийн загварын суурь нь таамаглал тул түүнээс гарах үр дүн, бодлого нь өөгүй байдаггүй. Гэхдээ өөр бусдад байдаггүй хэрэгтэй мэдлэг бий.
Эдийн засагчдад итгэх итгэл алдрахад хүргэсэн шалтгааныг олох хэрэгтэй. Нэг шалтгаан нь, тааруу эдийн засагчид олон байдаг. Олон нийтийн хэлэлцүүлэгт “эдийн засагчид”-ыг төлөөлдөг хүмүүс ихэвчлэн судалгааны эдийн засагчид байдаггүй.
Зурагт болон хэвлэлээр гарах өөрсдийгөө эдийн засагчид хэмээн цоллосон хүмүүс өөрийн ажилладаг байгууллагынхаа ашиг сонирхлыг төлөөлөх нь түгээмэл. Тэд чухал баримтыг орхигдуулахдаа ихэнхдээ ер нь санаа зовдоггүй. Эдийн засагчид хэмээн иргэдийн боддог хүмүүс эдийн засаг, зах зээлийн төлөвийг өөдрөгөөр харах хандлагатай байдаг. Итгэлцлийн заагийг үүсгэж буй өөр нэг шалтгаан бол онолын эдийн засагчид нарийн ширийн дүгнэлт хийхдээ ашигласан төвөгтэй аргаа тайлбарлахад цаг гаргадаггүйд оршино. Өнөөгийн хэвлэл мэдээллийн соёлын улмаас үл ялиг юм уу, урт сунжирсан тайлбар хийх боломж гардаггүй. Тиймээс онолын эдийн засагчид ярилцлага өгөх хариуцлага үүрэх хүсэлгүй байдаг.
Олон нийттэй үзэл бодлоо хуваалцдаг эдийн засагчид бий. Гэвч тэд орчин үеийн эдийн засаг дахь хамгийн сонирхолтой судалгаа хийх тэвчээргүй, бас хатуухан байр суурьтай хүмүүс байдаг. Нэг хэсэг нь аль эрт няцаагдсан уламжлалт уламжлалт үзэл бодолд хүлэгдчихсэн, түүндээ үл нийцэх баримтад анхаарлаа хандуулдаггүй. Бусад хэсэг нь голлох эдийн засгийн байр сууриудыг буруушаадаг.
Ж.М. Кейнс: “Ямар нэг үзэл бодлоос болж аливаа зүйлийг оролдож үзэхээс татгалздаг прагматик хүмүүс үнэндээ хуучин үеийн аль нэг эдийн засагчийн боол нь болдог. Хий хоосон үзэл бодолд автдаг эрх мэдэлтнүүд өөрсдийн санаагаа өмнөх үеийн эдийн засагчдын судалгаанаас олж авч байдаг.”
Хүн бүр л алддаг. Гэвч алдаа гаргахдаа биш, өөр баримт нотолгоонд итгэдэггүй болтлоо өөрийн бодолд хэт автах л аюултай юм. Үргэлж тоо баримтаа эргэн харж, алдаагаа хүлээн зөвшөөрч, цааш урагшилж байж ахиц гарах учиртай.
Сайн эдийн засагчид бий. Тэд санаа зовоож буй асуудлаа тоо баримттай ажиллахаас эхэлдэг. Мэдлэгтээ үндэслэн таамаглал дэвшүүлж, өгөгдөл ашиглан тухайн таамгаа шалгаж, шинэ баримтдаа тулгуурлан арга барилаа сайжруулж эсвэл бүр өөрчилж эцэст нь багахан азтай байснаар шийдлээ олдог.
Сайн эдийн засгийн онол, судалгаа бидэнд дангаараа тусалж чадахгүй ч үүнгүйгээр бид өмнөх алдаагаа давтах нигууртай. Олон бодлого өмнөх үеийнхээ сайн, муу бодлогоосоо суралцан сайжирч байдаг.
Гоёмсог амлалтуудад эргэлзэж, үндэслэлийг нь асууж, судлан мэдэх боломжтой зүйлс дээрээ шударга, тэвчээртэй хандсанаар бид олиггүй үзэл санаатай тэмцэж чадна. Харин энэ бүх сонор сэрэмжгүйгээр олон чухал асуудлын талаарх хэлэлцүүлгүүд уриа, лоозон, элэглэл болж, хуурамч шийдлүүд бодлогын шинжилгээг орлох болно. Зөвхөн эдийн засагчид бусдыгаа уриалах бус, илүү сайн сайхан, эрүүл саруул, хүнлэг нийгмийг хүсэж буй хүн бүр үүнд оролцох хэрэгтэй. Эдийн засгийг зөвхөн эдийн засагчдад даатган орхиход хэтэрхий чухал шинжлэх ухаан юм” гэсэн байна.
Бодлогын эдийн засагч гэх хүний хөдөлмөрийн үр дүнд ажлын байр бий болж байх ёстой. Яг л малчин хүний хөдөлмөрийн үр дүнд малын чанар сайжирдаг шиг, барилгачин хүний гараар барилга байгууламж бүтээгддэг шиг, тариаланчид ургацаа хураадаг шиг Бодлогын эдийн засагч хүн бол ажлын байрыг л бүтээх бодлого бүтээх ёстой.
“Сайн эдийн засагч гэж ямар хүнийг хэлэх вэ?” гэдэг асуултад эдийн засагч Ч.Отгочулуугийн өгсөн хариултыг хүргэе.
- Ер нь эдийн засагч гэж ямар хүнийг хэлэх вэ гэдэг дээр нэгдсэн ойлголтод хүрэх амаргүй л дээ. Жишээ нь, академик эдийн засагчид гэж бий. Олон улсын сэтгүүлд эрдэм шинжилгээний олон ажлаа нийтлүүлэхээр л мундаг эдийн засагчид гэж үздэг хүмүүс байдаг. Зарим нь бизнес хийгээд, том корпорац байгуулсан хүнийг сайн эдийн засагч гэх. Миний хувийн ойлголтоор ажлын байр бий болгох нөхцөлийг бүрдүүлж чаддаг хүнийг л эдийн засагч гэнэ. Яг практикт Бодлогын эдийн засагч гэх хүний хөдөлмөрийн үр дүнд ажлын байр бий болж байх ёстой. Яг л малчин хүний хөдөлмөрийн үр дүнд малын чанар сайжирдаг шиг, барилгачин хүний гараар барилга байгууламж бүтээгддэг шиг, тариаланчид ургацаа хураадаг шиг Бодлогын эдийн засагч хүн бол ажлын байрыг л бүтээх бодлого бүтээх ёстой. Тэрнээс биш санхүү юм уу, ня-бо, нярав шиг ажиллах ёсгүй.
-Манайд тийм бодлогын эдийн засагч байна уу?
- Байхгүй. Мэдээж хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр мэргэшсэн эдийн засагчид байгаа. Гэхдээ бодлогын эдийн засагч хүн зөвхөн хөдөлмөрийн зах зээл, зөвхөн төсөв, мөнгөний бодлого биш асуудлаа цогцоор нь, томоор нь глобал түвшинд харах ёстой. Манайхтай ижил төстэй улс орнуудад ажлын байрыг маш чухалд үзэж байна. Гэтэл манайд ажлын байрыг хариуцсан гэхээр НХХЯ гэж байна. Тэд нар нь хэтэрхий зүүний бодлого, нийгмийн халамж тал руугаа хэлбийгээд байгаа. Энэ нь бэлэнчлэх сэтгэлгээг ихэсгээд, ажилгүйдэлд дэм болоод байна. Монголбанк бол валютын ханш, инфляц хоёртойгоо ноцолдсоор байгаад таарч байна. Сангийн яам нь УИХ-ын гишүүдээ аргалж, хэдэн цаас батлуулж авахад л хамаг анхаарал нь хандаад, тэгээд ер нь татвараа л цуглуулдаг. Тэрийгээ тараахдаа л анхаараад байгаа юм. Гэтэл нийт макро эдийн засгийнхаа орчин, ажлын байрыг хардаг, тэрэнд хариуцлага хүлээдэг бүтэц байхгүй. Ингэхээр ирэх дөрвөн жилийн туршид бүх Монголчуудыг хөтлөх уриа бол миний хувьд зургаан үг л байна. Ажлын байр, ажлын байр, ажлын байр” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 2 )
Тэр олон эдийн засгийн сургууль нь зохих байраа эзлэж баймаар, доод түвшинд зөвхөн мөнгө мөнгө гэхгүй баймаар юм даа.
Яг үнэндээ бол .. Монголд Зах зээлийн эдийн засгийн баримжаатай 1-ч зөвлөх бусад нь яалт ч гүй зөвшөөрсөн мэргэжилтэн алга даа. Худлаа нэгнээ магтан тэр лаг энэ илүү гээд ...л зарим нь Тв гээр мэдэмхийрэх л юм.