Олон улсаас ЭМЧИЙН ТУСЛАМЖ хүсэх цаг болжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 18

Хүн төрөлхтөн коронавирусний цар тахалтай нүүр тулсан мөчөөс эхлээд дэлхийн улс орнууд бие биедээ тусламжийн гараа чадах чинээгээрээ сунгаж эхэлсэн. 2019 оны арванхоёрдугаар сард БНХАУ-ын Ухань хотод тухайн үед үл мэдэгдэх шинэ төрлийн коронавирусний халдвар дэгдэж, олон хүн халдвар авч, цөөнгүй хүн амиа алдсан.

Ямар эм, тариа, эмчилгээний арга хэрэглэх битгий хэл ямар өвчинтэй нүүр туулж буйгаа мэдэлгүйгээр, өөрсдийнхөө амь насыг эрсдэлд оруулан байж эмч, эмнэлгийн ажилтнууд өргөсөн тангаргаа биелүүлэн, хүний алтан амийг аврахаар ханцуй шамлан хүч тэнцвэргүй тулаанд орсон. Асар их золиос гаргаж, туйлдталаа ажиллаж буй мэргэжил нэгт нөхдөдөө туслахаар Хятадын өнцөг булан бүрээс цагаан нөмрөгтнүүдийн арми Уханийг зорьж байсныг бид бүгд л харсан. Хүнд хэцүү цагт бие биедээ тусалдаг нь хүний ёс. Аюулт өвчинтэй цуцашгүй тэмцэж буй Хятадын ард түмэнд дэлхийн улс үндэстнүүд тусламжийн гараа сунган, ядуу буурай гэлтгүй чадах чинээгээрээ дэмжлэг туслалцаа үзүүлсэн. Манай улс ч зүгээр суугаагүй. Ард иргэд, аж ахуйн нэгжүүд сэтгэлийн хандив цуглуулж, төр засгаас 30 мянган хонь хандивлаж байсан.

Ингэж хүн төрөлхтөн улс төр, нийгэм, эдийн засгийн хувьд ялгаатай ч нийтийн дайсны өмнө, тэр нь нүдэнд үл үзэгдэгч ч хүн төрөлхтнийг сөхрүүлэх чадалтай бичил биет байсан ч нэгдэж чаддагаа харуулж байна. Үнэхээр ч халдварт өвчинд хамгийн их өртсөн Итали, Испаниас авахуулаад хожим нь Бразил, Энэтхэг гээд улс орнууд руу амны хаалт, эмнэлгийн хэрэгсэл ачсан тусламжийн цуваа дэлхийн өнцөг булан бүрээс цувсан. Эд материалын тусламжаас гадна SARS-CoV-2 вирусний эсрэг тулаанд гол үүргийг гүйцэтгэж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын туслалцаа хамгийн чухал энэ үед цагаан нөмрөгт баатруудаа харамгүй илгээж байна.


Тухайлбал, анагаах ухааны салбарын хөгжлөөр дээгүүрт бичигддэг Куба улсад дэлхийн 45  гаруй улс хандан, эмч, сувилагчаа ирүүлэх хүсэлт тавьсны дагуу арлын орон 3000 мянга гаруй эмч, сувилагчаа илгээжээ. Кубын цагаан нөмрөгтнүүд Итали, Бразил, Андорра, Болив, Эквадор, Никарагуа, Суринам, Ямайка зэрэг улсын эмнэлгүүдэд ажиллаж, коронавирустэй тэмцэхэд нь тусалжээ.

Коронавирусний эсрэг тэмцэлд багагүй амжилт гаргасан БНХАУ Итали, ОХУ, Иран, Серби, Малайз, Мьянмар, Пакистан, Казахстан болон Африкийн улс орнууд руу эмч нараа илгээж байв. Цар тахлын хугацаанд манай хойд хөрш цэргийн эмч, мэргэжилтнүүдээ Итали, Серби, Азербайжан, Армен зэрэг дэлхийн 11 оронд илгээж, коронавирустэй тэмцэхэд нь тусалжээ. Германы эмч нар Португал, Колумб руу томилолт авч байсан бол Европын Холбооны гишүүн орнууд шаардлагатай үед эмч, эмнэлгийн ажилтнуудаа харилцан илгээх замаар бие биедээ тусламж үзүүлж байна.
 


Улс орнуудаас гадна олон улсын байгууллагууд ч зүгээр суугаагүй. Цар тахал дэгдсэнээс хойших хугацаанд Хил хязгааргүй эмч нар дэлхийн 70 гаруй улс оронд ажиллаж байна. Тэд өвчтөнүүдийг эмчлэхэд оролцохоос гадна мэргэжил нэгт нөхдөдөө мэргэжлийн арга зүйн туршлага хуваалцаж байна. Вирус хил хязгааргүй шиг цар тахлын эсрэг хамтын хүчин чармайлт хил хязгааргүй байх ёстой гэж “Хил хязгааргүй эмч нар” олон улсын байгууллагын ерөнхийлөгч Кристос Кристоу хэлсэн байдаг. Энэ мэт жишээ олон.


3.7 сая хүнтэй Монгол Улсын хувьд эмч, эмнэлгийн ажилтнуудын эгнээ үнэхээр туйлдаж байна. Дэлхийн стандартаар, нэг эмчид 20 өвчтөн ногдох ёстой. Харин өнөөгийн нөхцөл байдалд Монголд нэг эмчид дор хаяж 35 өвчтөн ногдож байна.

Коронавирусний халдварын анхны тохиолдлууд бүртгэгдэж эхлэхэд тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл халдварын тоо 30 мянга хүрэхэд эрүүл мэндийн салбар ачааллаа даахгүй гэж анхааруулж байсан. Харин одоо энэ хязгаарыг хэд дахин давжээ.

Эмч нар өндөр ачаалалтай ажиллаж, нойр хоолгүй зүтгэж, туйлдаж, харин халдвар авсан хүмүүс эмнэлгийн үйлчилгээ хүрэлцэхгүйд хүрээд байна.

Ийм үед олон улсын дээрх жишгийг судалж үзэхэд гэмгүй мэт. Олон улсын эмч нарын тусламж, туслалцаа илүүдэхгүй. Энд монгол эмч нарынхаа ур чадвар, мэдлэг, хүчин зүтгэлийг үгүйсгэсэнгүй. Тэртээ тэргүй манай эмч нар олон улсын түвшинд салбартаа үнэлэгдэж, хүлээн зөвшөөрөгдсөн улс.

Франц зэрэг гаднын эмч нар туршлага хуваалцахаар Монголд ирж ажиллаад, ийм тоног төхөөрөмж, нөхцөлд дэлхийн топ түвшний мэс засал хийдэг мэргэжил нэгт монгол нөхдийнхөө ур чадварыг магтан, шагширч буцдаг. Харин өнөөдөр тэд сөхөрч байна. Тэд дэндүү цөөхөн, тулааны талбар дэндүү хурдаар өргөжиж байна.

Хүн хүчний нөөц дутагдаж, эмч эмнэлгийн ажилтнууд хэмжээлшгүй их тэвчээр, сэтгэл гарган ажилласаар. Хүний потенциалд хязгаар үгүй ч тэдний ажлыг багахан ч атугай хөнгөлж, хүнд цаг үед тэвнээр туслах боломж бийг олон улсын практик бэлээхэн харуулж байна.
 


Итали, Испани, ОХУ, Энэтхэг зэрэг томоохон орнуудад мэргэжлийн ур чадвар, тэр бүү хэл тоног төхөөрөмж дутаагүй. Урьд өмнө нь хүн төрөлхтний нүүр туулж байгаагүй үл мэдэгдэх өвчинтэй тэмцэх туршлага, ноу хау, хүн хүч л дутсан учраас гаднын улсад хандан эмч, эмнэлгийн ажилтнаа илгээхийг хүсэхэд хүрсэн. Тусламж ч ирсэн.

Дэлхий даяараа ингэж л хамтын хүчээр коронавирустэй тэмцэж байна. Монгол Улс бүс нутагтаа төдийгүй дэлхийн бүх оронтой сайн харилцаатай. Аль ч улсад хандахад нүүр бардам. Холоос ч эрэх  хэрэггүй. Коронавирустэй амжилттай тэмцсэн туршлагатай, хүн хүчний арвин их нөөцтэй газарзүйн бөгөөд гуравдагч хөршүүд дэргэд байна. Ийм боломжийг эрх баригчид судалж байгаа гэж найдна.

Цагаан нөмрөгт баатруудынхаа хүчийг өнөөдөр л сэлбэхгүй бол хэзээ вэ? Тэд туйлдсан ч шүд зуун буянтай үйлсээ нэр төртэй гүйцэтгэсээр л.

Хятадаас 100 эмч урилаа гэж бодоход “Буянт-Ухаа”, “Бөхийн өргөө” зэрэгт ор дэлгэн, эмч, өвчтөнүүдээ зөв хуваарилж чадвал эмч нараа туйлдуулахгүй аварч, ковидыг ч хурдан хумих бус уу... Энэ бол ичиж, болгоомжилж, хойш тавих асуудал биш ээ.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(91.168.149.21) 2021 оны 06 сарын 24

hezee 3,7 say huntei bolson be????teneg setguulchee

0  |  0
Зочин(66.181.188.81) 2021 оны 06 сарын 19

Юм л бол хятад овш юмаа

0  |  0
Зочин(103.57.93.246) 2021 оны 06 сарын 19

Манайх цар тахлыг одон мeдаль тарааж сонгууль хийснээс болж алдаж тавьлаа Одоо гадны тусламж,ялангуяа эмч нарын багийг цаг алдахгүй уриачээ нэмж ор дэлгэж эмчлээчээ гэрээр байлгах нь өвчнийг хүндрүүлж нас баралт ихэсч бна ЗГ ОК бодьтой эрчтэй арга хэмжээ аваачээ болохоо байлаа шүүдээ

0  |  0
Зочин(202.9.46.162) 2021 оны 06 сарын 24

Гадны эмч авчирвал булхай нь илэрнэ. Тиймээс авчирахгүй.

1  |  0
зочин(202.179.27.213) 2021 оны 06 сарын 19

Ковид эрчимтэй тарсан нь МАН, Баттулга нарын гавьяа. Сонгууль хийх гэж хот хөдөөгүй сурталчилгаа, нөгөөх нь шагнал бөөндөж улс даяар бөөгнөрөл үүсгэсэн

0  |  0
Дугар(150.129.141.210) 2021 оны 06 сарын 19

үнэн

0  |  0
Зочин(203.91.115.53) 2021 оны 06 сарын 18

Төрийн албаныхан одоо болио. Ажлаа хийж чадахгүй бол зүгээр зайлцгаа. Та нарыг төтвөр төлөгчид хэдэн үеэр чинь сул тэжээх ёстой юм уу? Яахаараа бүхэл бүтэн салбар байж хэдхэн мянган хүн эмчилчихэж чадахгүй ингэж булайгаа дэлгэж байдаг юм бэ? Аль вэ нөгөө мундаг бэлэн байдал, нөөц бололцоо, бэлтгэл хүч чинь хаана вэ? Сарангэрэл ээ, Хүрэлсүх ээ, Содбаатар аа, Оюун-Эрдэнэ ээ? Та нар хэнийг молгидоод байсан хэрэг вэ?

0  |  0
Зочин (202.9.40.38) 2021 оны 06 сарын 18

Эмч урьж авчраад хэдэн төгрөгөөр цалинжуулах вэ? Тэнэг юм бичихээ больж үз. Манайд эмч хангалттай байгаа. Цалин мөнгө муу ,ажиллах нөхцөл тааруу, хэл ам ихтэй ,дарамт шахалт их учраас мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй эмч нарын тоо жил ирэх тусам багасч байна. Ийм газар тэгээд гадаадаас эмч нар ирээд ажиллах уу?

0  |  0
Зочин(202.126.90.123) 2021 оны 06 сарын 18

Яагаад коммунист хятад куба солонгос Вьетнам дундад азийн хуучин зху-ын станууд энэ аюултай коронавирусыг ялж дийлээд байгааг хэлж тайлбарлана уу\n

0  |  1
Иргэн(5.184.95.174) 2021 оны 06 сарын 18

Жонхуу гийн гавьяа

1  |  1
Top