Гадаад улс руу зорчиж буй 5-аас дээш насны бүх зорчигчид очиж буй улсын хилийн албаны шаардлагын дагуу тухайн улсад буух цагаас 24-48 цагийн дотор COVID-19 PCR (ПГУ) шинжилгээг шаардлага хангасан лабораториудад өгсөн байх шаардлагатай гэж МИАТ компаниас мэдээллээ.
Түүнчлэн "Улс болгон тус тусын шаардлагыг тавьж байгаа бөгөөд жишээ нь одоогийн байдлаар Герман улс 48 цагийн дотор antigen түргэвчилсэн тест хийлгэсэн байхыг шаардаж байна.
Иймд зорчигч та шинжилгээний ‘’Сөрөг‘’ гарсан хариуг англи хэл дээр хэвлүүлж, тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажуулан эх хувийг цаасаар авч нисэх буудалд ирнэ.
Монгол Улсаас гадаад руу зорчсон зорчигчдоос эерэг тохиолдол олон илэрч байгаагаас шалтгаалан таны шинжилгээний хариуг нисэх буудал дахь бүртгэлийн цэгт дахин онлайнтай тулгах шаардлагатай болсон тул зорчигч та ГЭРЭГЭ системийг гар утсандаа суулгах эсвэл “Интермед” эмнэлэгт өгсөн бол интермедийн онлайн системд шалгуулахад бэлтгэж ирэхийг анхааруулж байна" гэжээ.
Тэгвэл Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын мэдээллээс үзэхэд, гадаад улс орон руу нислэг үйлдэхийн өмнө зорчигчдоос 24-48 цагийн дотор PCR шинжилгээ авах шийдвэр ирэх наймдугаар сарын 1-нээс хэрэгжих юм байна.
ХӨСҮТ-ийн Био аюулгүй байдлын III зэрэглэлийн лабораторийг ирэх сарын 5-ны дотор бүрэн ашиглалтад оруулах хугацаатай үүргийг Шадар сайд С.Амарсайхан холбогдох хүмүүст өгөөд байна.
Тэгэхээр Шадар сайдын үүрэг ажил хэрэг болтол МИАТ компани зорчигчдоос "Интермед"-ийн шинжилгээний хариуг шаардах нь.
Сэтгэгдэл ( 0 )