ДЭМБ-ын зөвлөх баг өнөөдөр Монгол Улсад ирнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 26

ДЭМБ-ын зөвлөх баг өнөөдөр /2021.07.26/  Монгол Улсад ирнэ гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ. Өнөөдөр орой 22:00 цагт Улаанбаатарт буух зөвлөх баг зургаан долоо хоногийн хугацаанд манай улсад ажиллах төлөвлөгөөтэй юм байна. Зөвлөх багийнхан Монгол Улсад ажиллах хугацаандаа эмч, сувилагчдын ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлийн сургалтууд хийнэ. Ковид цар тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдтэй танилцана гэлээ.

Сануулахад, энэ сарын 23-нд Эрүүл мэндийн сайд С.Энхболд ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн орлогч Моника Фонг, ДЭМБ-ын Эрүүл мэндийн ноцтой байдал, гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа, ДЭМБ-ын Халдварт өвчин, дархлаажуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн П.Анузаяа, ДЭМБ-ын Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Оюундарь нарыг хүлээн авч уулзсан юм.

ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн орлогч Моника Монгол улс вакцинжуулалтыг амжилттай хийж,  КОВИД-19 халдварын тархалтыг хумих, Эмнэлгийн тусламжийг өвчтөний гэрт ойртуулах зохицуулалтыг хийж, эмчилгээг эрт эхэлж, эмчилгээний удирдамжуудыг тогтмол шинэчлэн, шинэ эм ба шинэ аргыг нэвтрүүлэн, маш хүнд  үед орны тоог хангалттай тоогоор нэмж, хүндрэл нас баралтаас амжилттай сэргийлж, эм эмийн хэрэгслээр өвчтнүүдийг  үнэ төлбөргүй хангаж байгаа  зэрэг жишээ нь бүсийн хэмжээнд ихээхэн сайн жишээ болж байгааг бүсийн захирал  Такеши Касай онцолж байгааг дамжуулсан.

Цаашид орон нутаг руу анхаарал хандуулах, орон нутаг дахь өвчлөл нэмэгдэж байгаа нь Улаанбаатар хотоос орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн улам нэмэгдэх хандлагатай байгаа болон халдвар зөөвөрлөгдөх эрсдэлтэй байгаа талаар санал солилцсон. ДЭМБ-ын зүгээс орон нутгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллана гэдгийг онцолсон гэсэн мэдээллийг ЭМЯ-наас өгч байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top