Өнөөдрөөс 1 сар 5 хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 23-ны өдрийн Эрүүл мэндийн яамны мэдээллээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн ковидын нийт халдварын тоо 100.263 болсон байсан.
Тэгвэл Эрүүл мэндийн яамны өнөөдрийн /2021.07.28/ мэдээллээр Монгол Улсын хэмжээнд батлагдсан нийт халдварын тоо 160,344 болж байна.
Ингэснээр нэг сарын хугацаанд Монгол Улсад ковидын 60 мянган тохиолдол илэрчээ.
Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллээр, өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусний 1243 тохиолдол илэрсэн байна. Шинээр батлагдсан нийт тохиолдлын 511 нь Улаанбаатар хотод, 732 нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ. Орон нутагт батлагдсан тохиолдлын хамгийн олон буюу 150 нь Дархан-Уул аймагт бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар 10,477 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бол 10,835 иргэн гэрийн хяналтад байна. Эмнэлэгт 1748 хүүхэд, 424 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байна.
Харин өнгөрсөн хоногт халдвар авч, эмчлэгдэж байсан долоон хүн энджээ. Тодруулбал, 41-ээс дээш насны дөрвөн эмэгтэй, гурван эрэгтэй нас барсан байна. Улмаар улсын хэмжээнд нийт нас баралт 796 боллоо.
Халдвар авсан 2100 иргэн сүүлийн 24 цагт эдгэрсэн бол ХӨСҮТ-д нэн хүнд гэсэн оноштой 178 хүн хэвтэн эмчлүүлж байна. Харин биеийх байдал хөнгөн гэсэн оноштой 6552 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )