Есдүгээр сарын 1-нд хичээл эхлэх эсэх нь "Дельта"-гаас хамаарна гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 28

Засгийн газрын өнөөдрийн /2021.07.28/ хурлаар ковидын нөхцөл байдал, "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих 10 их наядын хөтөлбөр"-ийн явц, ГХ-ны сайдын БНХАУ-д хийсэн айлчлал зэрэг арав гаруй асуудал хэлэлцжээ.

Есдүгээр сарын 1-нд хичээл сургууль эхлэх эсэх талаар тодруулсан хэвлэлийнхний асуултад Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч хариулахдаа, дархлаажуулалтад  огт хамрагдаагүй 6-11 насны хүүхдүүдийн асуудал чухал байгааг хэллээ.

Түүнчлэн ковидын дельта хувилбараас хамаарсан эрсдэлт нөхцөл үүсэж болзошгүй. Хичээл сургуулийг хуулийн хугацаанд нь нээхийн төлөө бэлтгэлээ хангаж ажиллах үүргийг Засгийн газраас холбогдох байгууллагуудад өгсөн. Дельта хувилбараас шалтгаалж төлөвлөлтийг хийнэ гэв.

Сануулахад, Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан есдүгээр сарын 1-нээс танхимаар хичээл эхлэх эсэхтэй холбоотой асуудлаар өнгөрсөн долоо хоногт /2021.07.19/  байр сууриа илэрхийлсэн.

Тэрбээр хичээлийн шинэ жилийн эхлэх хугацаа Боловсролын хуулиар зохицуулагддаг. Бид хуулиа хэрэгжүүлж ажиллана, гэхдээ ковидын нөхцөл байдал сайжрах уу, муудах уу гэдгийг одоо хэлэхэд хэцүү байна. Хичээлийн шинэ жилийг хуулийн хугацаанд нээхийн  тулд чармайн ажиллана. Танхимын хичээлийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр аймаг,  орон нутаг, сургууль,  цэцэрлэгийн удирдлагуудад чиглэл өгч,  бэлтгэл ажлаа хангаж байна. Засгийн газар эцсийн шийдвэрийг гаргана гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top