Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.07.30/ 11.00 цагийн ээлжит мэдээллээ өгч байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод халдварын 398 тохиолдол бүртгэгджээ. Харин хөдөө, орон нутагт 896 халдварын тохиолдол бүртгэгдсэн байна.
Энэ талаар ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр "Улаанбаатар хотод халдвар харьцангуй буурч байна. Харин Баян-Өлгий, Дархан-Уул, Увс аймагт халдвар нэмэгдэх хандлагатай байна. Өнөөдрийн байдлаар 12-17 насны хүүхдийн халдвар буурч эхэлсэн. Энэ бол цэвэр вакцинжуулалтын нөлөө. Нийт хүүхдийн дархлаажуулалт 60 орчим хувьтай явж байна. Ойролцоогоор 4000 орчим жирэмсэн эмэгтэйчүүд вакцинд хамрагдсан ч халдвар авах тохиолдол нь буурч байна. Нас баралт буурч байна. Гэхдээ орон нутагт нас баралт бүртгэгдэж эхэллээ. Өдөрт нас барж байгаа иргэдийн 2-3 нь орон нутагт бүртгэгдэж байна. Улаанбаатар хотын хувьд халдварын тохиолдлоо дагаад нас баралт буурах чиг хандлагатай байна. Гэрээр нас баралт бүргэгдээгүй. Нас барж байгаа шалтгааны 86.5 хувь нь вакцинд хамрагдаагүй байсан. Энэ бол харамсалтай зүйл юм" гэх мэдээллийг өглөө.