С.Өлзийбаяр: Төрийн өмчит компани байгаль, экологийг хамгаалахын эсрэг нэхэмжлэл гаргасанд гайхаж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 06

Төрийн өмчит “Мон-Атом” ХХК компани “Өглөөний сонин”-оос 100 сая төгрөг нэхэмжилсэн талаар МСНЭ, салбарын эрдэмтэд болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл өнөөдөр /2021.09.06/ мэдээлэл хийлээ. 

Сэтгүүлч С.Өлзийбаяр “Өглөөний сонин”-ы “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” буланд 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр “Ураны хор Дорноговийн нүүдлийн цагаан, нутгийн бор зээрийг сүйрүүлж байна” гарчигтай нийтлэл хэвлүүлжээ.

Уг нийтлэлтэй холбогдуулан “Мон-Атом” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани тус сониныг бусдыг төөрөгдүүлэх замаар ажил хэргийн нэр хүндэд халдсан хэмээн үзэж, 2021 оны тавдугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх нэхэмжлэл гаргажээ. Ингэхдээ, дээрх нийтлэлийг түгээсэн хэлбэр, хэрэгслээр сонины эхний нүүрэндээ нийтлэх байдлаар залруулга, няцаалт хийхийг даалгах, мөн ажил хэргийн нэр хүндэд учруулсан хохирол болох 100 сая төгрөгийг гаргуулж, “Мон-Атом” ХХК-д олгуулахыг шаарджээ.

 "Өглөөний сонин"-ын сэтгүүлч С.Өлзийбаяр энэ талаар мэдээлэл хийхдээ: 

"Би Дорноговийн Улаанбадрах суманд үүсээд байгаа асуудлын талаар хөндөж, долоон цуврал нийтлэл хэвлүүлсэн. Ингэхдээ орон нутгийн иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу бодит нөхцөл байдлын талаар мэдээлэл бэлтгэж хүргэсэн. Гэтэл Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж, 100 сая төгрөг нэхэмжилсэн байна.

Төрийн өмчит Мон-Атом компанийг ийм зүйл гаргасанд үнэхээр гайхаж байна. Төрийн байгууллагын хувьд улс орон, байгаль экологийн төлөө ажиллаж энэ асуудлыг шийдвэрлэхийн төлөө хичээх байтал эсрэгээрээ асуудлыг хөндсөн хэвлэлийн байгууллагыг шүүхэд өгч байгаад гайхаж байна" гэсэн юм. 

“Минаматагийн гунигт түүх Монголд давтагдах гэж байна”

Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Ш.Түвдэнбалжир хэлэхдээ "Уусган баяжуулалтын технологи байгалиас тусдаа, битүү хаалттай орчинд хийгдэх ёстой. Гэтэл ард иргэдийнхээ төлөө тэмцдэггүй энэ компани байгаль дээр шууд уусган баяжуулалт хийж байна.

25 мянган хүнтэй Японы Минамата гэх тосгон дайны дараах эдийн засгаа сэргээхийн тулд  байгаль дээр уусган баяжуулалт хийсэн. Улмаар 10 гаруй мянган хүн нь халдвар авч, өвчилсөн гунигт түүх байдаг.  Үүнтэй адил үйл явдал өнөөдөр Монголд болох гэж байна.

Уусган баяжуулалтын улмаас байгальд нөлөөлөх нөлөөллийн тайланг нь шүүхэд өгөх гэсэн боловч шүүх хурал хүлээж авахгүй байна. Тэгэхээр шударга шүүх хурал болох эсэх нь эргэлзээтэй болоод байна" гэв. 

"Төрийн өмчит компани нэр төр, алдар хүндийн тухай ярих нь өрөөсгөл ойлголт"

МСНЭ-ийн өмгөөлөгч Г.Балжмаа "2021 оны тавдугаар сарын 18-ны өдөр “Мон-Атом” ХХК-аас “”Өглөөний сонин”-д нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ Иргэний хуулийн 21-р зүйлд зааснаар нэр төр, алдар хүндээ сэргээлгэж, үүнээс учирсан гэм хор болох 100 сая төгрөгийг хэвлэл мэдээллийн байгууллага буюу “Өглөөний сонин”-оос нэхэмжилсэн. Шүүх хурал нь зарлагдсан боловч хойшлоод байна.

Төрийн өмчит компани өөрөө нэр төр, алдар хүндийн тухай ярих нь өрөөсгөл ойлголт юм. Төрийн өмчит компани болон төр засгийн газрын агентлагууд ажлаа хуулийн хүрээнд хийж байвал нэр төрийн асуудал ярих боломжгүй.

Төрийн өмчит компани өөрсдийн ажлаа хууль дүрмийн дагуу явуулаагүйгээс болсон үр дагаварыг “хэвлэл мэдээллийн байгууллага бидний талаар буруу мэдээлэл өглөө” гээд 100 сая төгрөг нэхэмжлэх нь байж боломгүй" гэлээ. 

"Дэлхийн хаана ч хэрэглэхгүй байгаа хүчлээр уусгах аргыг манайд ашиглаж байна"

“Урангүй монгол” ТББ-ын тэргүүн хурандаа Я.Хундаганай хэлэхдээ  "Стратегийн ордыг ашиглахдаа  байгаль, орчны аюулгүй байдлыг хангах ёстой. Гэтэл дэлхийн хаана ч хэрэглэхгүй байгаа хүчлээр уусгах аргыг манайд ашиглаж байна. Бид үүнийг эсэргүүцэж 11 жил тухайн орон нутагт ажиллаж байгаа. Байгальд хортой энэ уусган баяжуулалтыг хийсний улмаас эрэмдэг төрсөн хүүхдийг шүүх хурлын дараа харуулна. Мөн хоёр жил дараалан төрөөд 11, 13 хоноод хүүхдүүд нь нас барсан тохиолдол ч гарсан.

Харин байгальд учирч байгаа хор хөнөөл нь гүний усыг маш их хордуулж байна. Ундны усны 10 гаруй худгийг ашиглах боломжгүй болсон. Энэ мэт байгаль орчинд учруулж буй хор хөнөөлийг монгол түмэн мэдэх хэрэгтэй" гэсэн юм. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top