Эрүүл мэндийн яамны өнөөдрийн /2021.09.24/ мэдээлэл дээр томуугийн улирал эхэлж байгаатай холбогдуулан дараах мэдээллийг ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа өглөө.
Тэрбээр "Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн дотор 61,6 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд, үүнээс 41,5 хувийг 4 хүртэлх насныхан байна. 4 хүртэлх насныханд өвчлөл нэмэгдсэн байдалтай байгаа.
Томуу, томуу төст өвчний шалтгаантай түргэн тусламжийн дуудлага улсын хэмжээнд 9,2 хувийг эзэлж байна. Улаанбаатар хотод 24,2 хувь, аймгуудад 13 орчим хувийг эзэлж байна.
Бид зөвхөн Ковид-19-ийн сорьц цуглуулаад, шинжлээд байгаа юм биш. Зарим үед түүвэр аргаар, зарим тандалтын нэгжүүдээс ирсэн сорьцонд томуугийн вирусыг, мөн бусад амьсгалын замын вирусыг үзэж байгаа. Үүнээс харахад, томуугийн вирус хараахан эргэлтэд орж ирээгүй байна. Томуутай төстэй адилхан шинж тэмдгээр илэрдэг өчвнүүд буюу эрновирус, аденовирус, улирлын коронавирусний мэр сэр тохиолдлууд байна. Энэ нь зөвхөн коронвирус биш бусад вирусууд байна гэдгийг харуулж байна.
Сургууль, цэцэрлэг цугласан, үйл ажиллагаа жигдэрч, хүмүүсийн нягтрал эхэлсэнтэй холбоотойгоор томуугийн вирус нэмэгдэнэ. Тэгэхээр ковидтойгоо зэрэгцээд томуу, томуу төст өвчин, бусад томуугийн вирус эргэлтэд орж ирвэл ирэх томуугийн улиралд нэлээд хүндрэлтэй байх болов уу гэсэн зүйл ажиглагдаж байна.
Өнгөрсөн 7 хоногт коронавируст халдварын нийт 33.626 шинэ тохиолдол бүртгэгдсэн. 7 хоногт бүртгэгдэж байгаа тохиолдлууд нэмэгдэж байна. Дунджаар есдүгээр сарын 04-10-ны өдрүүдээс харахад батлагдсан тохиолдлын тоо өдөрт дунджаар 4803 тохиолдол байсан бол одоо түүнээс өссөн байдалтай байна. Тэгэхээр бид томуу, томуу төст өвчин, мөн ковид-19 халдвартай тэмцэхээс өөр арга байхгүй. Вакцинаа сайн хийлгэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй.
Бид хүндрэлийг яаж үздэг вэ гэхээр Улирлын болон томуугийн цар тахлын эрсдэлийн үнэлгээ гэж байдаг. Энэ бол харьцангүй бага түвшинд явж байгаа. Гэхдээ 16 хүртэлх насны хүүхдүүдийн дунд эмнэлэгт хэвэж байгаа хувиар аваад үзвэл мөн бага байна. Насанд хүрэгчид ковидоор өвчлөөд хэвтэж байгаа нь их байгаа учраас энэ тоо арай бага харагдаж байна гэж ойлгож болно" гэлээ.