“Squid Game”-ын найруулагч стресст орж, 6 шүд нь унажээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 19


“Netflix” стриминг үйлчилгээний шилдэг кино контентоор тодроод буй Өмнөд Солонгосын “Squid Game” цувралын зохиолч, найруулагч Хван Дон Хюк “The Hollywood Reporter” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа цувралын зураг авалтын үеэр маш их стресстэй ажилласны улмаас зургаан шүд нь унасан тухай ярьжээ.

“Цуврал кино маань есөн ангитай. Анги бүрийн зохиолыг би өөрөө бичиж, найруулсан. Энэ бүхэн бие хүч, сэтгэл зүй болон сэтгэл санааг маш их сорьсон даалгавар байсан” гэж Хван (50 настай) онцолсон байна.

Түүний хэлснээр “Squid Game” цуврал энгийн нэг үзэл санааг илэрхийлдэггүй, зураг авалтын үеэр маш олон шинэ санаа төрж байсан ба алдаа гарсан даруйд засаж, залруулах, зохиолын ахин дахин засаж, шинэчлэх шаардлага гарч байжээ. Сэтгэл зүйн энэ их дарамт бие махбодод нь нөлөөлсөн гэж тэрбээр ярьсан байна.

“Netflix” стриминг үйлчилгээгээр гарсан даруйдаа “Squid Game” үзэгчдийг байлдан дагуулж, тус стриминг үйлчилгээний шилдэг кино контент болоод байна.

“Netflix”-ийн мэдээлснээр, энэ сарын 12-ны байдлаар тус цуврал нийт 111 сая үзэгчид хүрч, дээд амжилт тогтоогоод байна. Үүнээс өмнө “Bridgerton” цуврал “Netflix” стриминг үйлчилгээний бүх цаг үеийн шилдэг цувралаар тооцогддог байв.

Тэрбээр “Squid Game" цувралын хоёрдугаар хэсгийг хийх талаар эргэцүүлж байгаа талаар дурджээ.
 

Найруулагч Хван Дон Хюк

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top