-Ж.Энхбат: Б.Бямбадоржийн хууль бус үйлдлүүд хэрээс хэтэрлээ
Нийслэлийн эрүүл мэндийн газар /НЭМГ/-т түр орлогч даргаар томилогдон ирсэн цагаасаа төрийн өндөр албан тушаалтан хүнээс гарч боломгүй ааш авир гаргаж, хууль журмаас дээгүүр эрх мэдлээ тавьж буй Б.Бямбадоржийн талаарх ноцтой баримтууд манай сонинд ирсээр байна. Тэрбээр энэ албанд томилогдсон цагаасаа хойш буюу наймхан сарын дотор НЭМГ-ын бүтэц, бүрэлдэхүүнийг данхайлгаж, тодорхой хууль тогтоомж, дүрэм журам, ёс зүйг уландаа гишгэж байгаа талаар эх сурвалжуудаас мэдээлэл ирсээр байгаа юм. Өнөөдрийнхөө дугаарт тэдний нэгэн төлөөлөл болох иргэн Ж.Энхбатаас дараах тодруулгыг авлаа. Түүний хувьд Б.Бямбадоржтой холбоотой хууль бус үйлдлүүдийн талаар баримт материалуудыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлээд байгаа аж.
-Та НЭМГ-ын дарга Б.Бямбадоржид холбогдох хууль бус баримтуудыг Ерөнхий сайдад хүргүүлсэн гэлээ. Энэ талаараа тодруулахгүй юу?
-Цар тахалтай холбоотойгоор чангахан өдрүүдийг монголчууд бид даван туулж байна. Нийслэл Улаанбаатар хот өнөөдөр 171 хороотой. Хороодын өрхийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байна. Гэртээ өвдөж буй маш олон иргэн байна. Эм тариа хүрэлцэхгүй, хэвтэх эмнэлгийн ор олдохгүй байна. Төсөв мөнгө ч чанга байгаа. Гэтэл ийм хүнд цаг үед хамгийн хариуцлагатай ажиллаж, эрүүл мэндийн салбарыг өөд нь татах учиртай төрийн байгууллагын удирдлага болох Б.Бямбадоржийн гаргаж буй үйлдүүд хэрээс хэтэрлээ. Хэрээс хэтэрсэн тэр баримтуудыг би Ерөнхий сайдад хүргүүлсэн.
-Ерөнхий сайдаас хариу ирсэн үү?
-Өчигдөр Ерөнхий сайдын Ажлын албанаас надтай холбогдсон. Ерөнхий сайд хотын даргад “Б.Бямбадоржтой холбоотой асуудлуудыг шийд “ гэсэн чиглэл өгснөө дуулгалаа. Учир нь энэ Б.Бямбадорж гэдэг нөхөр Засгийн газрын тогтоолыг эрс зөрчсөн болохыг Ерөнхий сайдын Ажлын албаныхан анхааралдаа авсан байсан.
-Яг ямар хууль бус үйлдлийг Б.Бямбадорж үйлдсэн хэрэг вэ?
-Засгийн газраас аль болох төрийн албыг данхар бүтэцтэй байлгахгүй байх чиглэл баримталж байгаа. Төсвийн тухай хуульдаа ч тусгасан. Гэтэл Б.Бямбадорж НЭМГ-ын даргаар томилогдон ирснээсээ хойш таван хэлтэстэй байсан газрыг найман хэлтэстэй болгосон. Хамгийн гутамшигтай нь НЭМГ өмнө нь ганц ч зөвлөхгүй байсан. Гэтэл энэ хүн даргаар ирснээсээ хойш өөртөө хоёр зөвлөхтэй. Зөвлөхүүд нь туслахтай болсон байх жишээтэй. Ийм байж болох уу.
-Маш олон хүнийг шинээр ажилд авсан гэсэн үү?
-Б.Бямбадорж НЭМГ-ын бүтэц бүрэлдэхүүнийг данхайлгаад зогсохгүй маш олон хүнийг шинээр ажилд авсан байгаа юм. Даргаар ирсэн цагаасаа хойш 20 гаруй албан хаагчийг шинээр томилжээ. Тэр ч бүү хэл ажилд авсан тэр олон хүн нь төрийн албаны шалгалт өгөөгүй байна. Төрийн албаны зэрэг дэв, нөхцөлийг хангаагүй ийм олон хүнийг ажилд авч, НЭМГ-ыг хувийн аж ахуй нэгжээ удирдаж байгаа мэт дураар дургиж байгаа ийм явдлыг зүгээр өнгөрөөж болохгүй. Үүнийг Төрийн албаны зөвлөл, АТГ, хууль хяналтын байгууллага шалгах хэрэгтэй. Энэ мэтчилэн яриад байвал Б.Бямбадоржтой холбоотой ноцтой өөр олон баримт бий.
-Жишээ нь?
-НЭМГ-тай холбогдох 700 гаруй сая төгрөгийн тендерийн асуудалтай холбогдох маш ноцтой хэрэг бий. Хуулийнхан анхаарч шалгаж байгаа гэв.
НЭМГ иргэддээ үйлчилдэг байгууллага байсан бол өнөөдөр бизнес эрхэлдэг, авлига албан тушаал хөөдөг аж ахуй нэгж болон хувирч буй талаарх мэдээллүүдийг дараагийнхаа дугаарт нийтлэх болно.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
үгүй ээ!!! хөө!!!сайн баг бүрдүүлж сайн менежмент .сайн зохион байгуулалт. сайн мэргэжилтэнгүүд хэрэгтэй болохоос орон тоо нэмээд ямарч нэмэргүй байдаг юм.харин тэдгээр хүмүүсдээ хангалттай цалин хөлс өгөх хэрэгтэй.
иймэрхүү хүнээс өөр боловсон үчин үнэхээр алга уу даа сайдаа
Энэ хүнд үед орон тоо ихсгэхээс өөрц арга байхгүй. Одоо тайван цагаас арав дахин илүү ажилтай байгаа.