Дэлхий дахинд тамхичдын тоо 20 саяар буурав

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 17

Дэлхий дахинд тамхи татдаг хүмүүсийн тоо 1.3 тэрбум болж буурсан ч улс орнууд хорт зуршлаа хаяхыг хүссэн хүмүүст үзүүлэх тусламжид оруулах хөрөнгө оруулалтын хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлагатай гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайланд дурджээ. 2015 оны байдлаар, нийт 1.32 тэрбум хүн тамхи татдаг байжээ.

2025 он гэхэд тамхичдын тоо 1.27 тэрбум болж, буурах төлөвтэй байна. Дэлхий дахинд тамхитай тэмцэх суурь конвенцыг хэрэгжүүлэх үр дүнтэй бодлого явуулсны дүнд олон сая хүний амь насыг аварч чадсан гэж ДЭМБ онцолсон байна.

Дэлхийн 60 улс 2010-2025 оны хооронд тамхины хэрэглээг 30 хувиар бууруулах зорилгодоо хүрэх хандлагатай байна. Хоёр жилийн өмнө ийм улсын тоо 32 байжээ. 2010-2020 оны хооронд Америкийн улс орнууд энэ чиглэлд томоохон дэвшил гаргасан байна. Эдгээр улсад тамхи хэрэглэдэг хүн амын тоо 21 хувиас 16 хувь болж буурсан дүн гарчээ.

Шинжээчдийн тооцоолсноор, тамхины эсрэг соён гэгээрүүлэх ажилд зориулж нэг хүнд 1.68 ам.доллар зарцуулахад 2030 он гэхэд 152 сая хүн хорт зуршлаасаа татгалзах магадлалтай.

ДЭМБ-ын тайлангаас үзвэл, 2020 онд дэлхийн нийт хүн амын 22.3 хувь тамхи идэвхтэй татдаг байжээ. Нийт эрэгтэйчүүдийн 36.7 хувь, эмэгтэйчүүдийн 7.8 хувь хорт зуршилтай. Тамхи татдаг эмэгтэйчүүдийн эзлэх хувь Европт хамгийн өндөр байна. Тус тивийн эмэгтэй хүн амын 18 хувь тамхи татдаг аж. Дэлхий дахинд нийт 231 сая эмэгтэй тамхи хэрэглэдгээс 55-64 насныхны дунд тамхины хэрэглээ илүү өндөр байна. Түүнчлэн, 38 сая 13-15 насны өсвөр үеийнхэн хорт зуршилтай болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top