ЧУУЛГАН: УБТЗ-ын ₮43.7 тэрбумын өрийг улсын төсвөөс төлөх тухай хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 18

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Хуралдаанаар  “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.11.03-ны өдар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэж эхэллээ. 

Төслийн танилцуулга: 

Япон Улсын Засгийн газраас “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн суурь бүтцийг шинэчлэх, хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх, дохиолол холбооны байгууламжийг сайжруулахад зориулан 1993, 1995 онд нийт 7.9 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсын Засгийн газарт олгосон.Сангийн яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хооронд “МОН-П1”, “МОН-П2” дамжуулан зээлдүүлэх гэрээг эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр 2000 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан.Тус зээлийн хөрөнгийг зам, засварын тоног төхөөрөмж, тухайлбал зам төмрийн ивүүр, зам төмөр тайрах, нүхлэх машин сэлбэгийн хамт, хос дугуй, 457 ш хагас болон битүү вагон, чингэлэг тээвэрлэгч тусгай вагон, бензин ба усны цистерн, 30 ш суудлын вагоныг сэлбэгийн хамт, ДАШТ-7 серийн 2 зүтгүүр сэлбэгийн хамт, Зүтгүүрийн депогийн өргөтгөлийн тоног төхөөрөмжүүд, дохиолол холбооны систем, компьютерийн тоног төхөөрөмж, сервер, 1400 км шилэн кабел зэргийг худалдан авах, суурилуулахад зарцуулсан. “Улаанбаатар төмөр зам” ХНН нь 2007 хүртэл зээлийн гэрээний хуваарийн дагуу зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг Сангийн яаманд цаг хугацаанд нь төлж байсан бөгөөд мөн оноос эхэлсэн дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэн бий болсон үнийн хөөрөгдөл, ачаа, зорчигч тээврийн хэмжээний огцом бууралт, валютын ханшийн өөрчлөлтөөс үүссэн санхүүгийн алдагдал зэрэг нь тус нийгэмлэгийг санхүүгийн нэн хүнд байдалд оруулсны улмаас 2007-2014 онд зээлийн гэрээний хуваарьт заасан дүнгээр зээл, зээлийн хүүгийн төлбөрийг дутуу төвлөрүүлж, 2014 оноос зээл, зээлийн хүүгийн төлбөрийг огт төлөөгүй байна.Монгол-Оросын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын 2013, 2014 оны 17, 18 дугаар хуралдааны тэмдэглэлд: “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хэрэгцээнд Монгол Улсад оруулж ирсэн дизель түлшний онцгой татварыг хууль бусаар ногдуулж байгаад Оросын тал анхаарлаа хандуулж өмнө төлөгдсөн онцгой татварыг буцаан олгоход Монголын Засгийн газраас нааштай шийдвэр гаргуулахад Монголын тал дэмжлэг үзүүлэхийг санал болголоо. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хэрэгцээнд Монгол Улсад оруулж ирсэн дизель түлшний онцгой татвартай холбоотой асуудлаар, үүний дотор ойрын үед “MОН-П1”, “MOН-П2” зээлийн өглөгийг бууруулах замаар зохицуулалт хийх арга хэмжээг Монголын тал авах болно.” гэж тус тус тусгасан байдаг. “Улаанбаатар төмөр зам” ХНН нь 1998-2015 онд өөрийн хэрэгцээнд импортолсон дизелийн түлшний онцгой албан татварт 73.8 тэрбум төгрөгийг төлсөн бөгөөд уг хэмжээгээр “МОН-П1”, “МОН-П2” зээлийн гэрээний дагуу тооцсон алданги,хүү, үндсэн төлбөрөөс суутган тооцох тухай Улсын Их Хурлын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоол гарч, уг тогтоолыг хэрэгжүүлэх хугацааг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр гэж тогтоосон. Суутган тооцолтыг дээрх тогтоолын дагуу алданги, хүүгийн төлбөр, үндсэн төлбөр гэсэн дарааллаар тооцсон тооцоолол дараах байдалтай байна. Үүнд: д/д Үзүүлэлт Иен Төгрөг

1 Алданги 1,881,661,953.90 47,361,431,379.66

2 Хүүгийн төлбөр /хугацаа хэтэрсэн/ 760,852,645.85 19,150,661,096.04

3 Үндсэн төлбөр 5,493,728,415.26 138,277,144,212.09 Суутган тооцохын өмнөх нийт өр төлбөрийн үлдэгдэл /2019.12.31/ 8,136,243,015.01 204,789,236,687.80

4 УИХ-ын 52 дугаар тогтоолын суутгах дүн ( 2,930,246,770.39 ) ( 73,754,311,210.72 ) Суутан тооцсоны дараах үндсэн төлбөрийн нийт үлдэгдэл /2020.01.01/ 5,205,996,244.62 131,034,925,477.09

Дээрх зээлийн үлдэгдлийг Сангийн яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН, Зам, тээврийн хөгжлийн яам хамтран тооцоход 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл тооцсон алданги болон хүүгийн төлбөрийг дизелийн түлшний онцгой албан татварын 73.8 тэрбум төгрөгт суутган тооцсоны дараах зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 5,205,996,244.62 иен буюу “Монголбанк”-ны 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн ханшаар 131,034,925,477.09 төгрөг байна. Улмаар зээлийн үлдэгдлийн дүнгээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх асуудлыг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 13, 19-ний хуралдаанаар хэлэлцэн дэмжсэний дагуу Улсын Их Хурлын Эдийн засаг Төсөв болон гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны хурлаар хэлэлцүүлж дэмжүүлсэн болно /22 дугаар тэмдэглэл/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2019 оны 12 дугаар сард ОХУ-д хийх айлчлалын үеэр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн сангийн хөрөнгийг өсгөх тухай санамж бичгийг байгуулахыг чиглэл болгосон хэдий ч Оросын талаас зээлийн үлдэгдэл төлбөрийн талаар санал нийлэхгүй байсан тул уг санамж бичиг байгуулагдаагүй болно. ОХУ-ын талтай хийсэн хэлэлцээний үр дүнд ОХУ-ын Тээврийн яамны орлогч сайд В.А.Токареваас “МОН-П1”, “МОН-П2 зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүйн алдангийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээр 2021-2025 онуудад ижил хэмжээгээр хуваан төлүүлэх, 2020 оноос хойш аливаа хүү, алданги тооцохгүй байх, зээлийн үлдэгдэл төлбөрийг “Монголбанк”-ны 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн иенийн төгрөгтэй харьцах хаалтын ханшаар царцаах, ингэснээр зээлийн төлбөрийн үлдэгдэл 81.9 тэрбум төгрөгөөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг хоёр талаас тус бүр нэмэгдүүлэх саналыг 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр ирүүлсэн. Оросын тал “Монголбанк”-ны 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ханш буюу 24.9 төгрөгөөр урьдчилсан тооцоо хийсэн байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд зээлийн алданги, хүүгийн төлбөр нэмж тооцогдсоор байгаа бөгөөд Өрийн удирдлагын тухай хуулийн 30.7, 32.2 болон 32.3-т тус тус заасны дагуу дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний ерөнхий нөхцөлийг  өөрчлөх, гэрээний хүүгийн төлбөрөөс чөлөөлөх зэрэг асуудлууд нь Өрийн удирдлагын тухай хуулиар Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарна. Иймд Улсын Их Хурлын тогтоолын төсөлд зээлийн үлдэгдлийн тодорхой хэсгээр дүрмийн санг нэмэгдүүлэх, үлдэх хэсгийг боломжит нөхцөлөөр 2021-2025 онд улсын төсөвт эргэн төлөх нөхцөлөөр төлөх, зээлийн үлдэгдлийг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөр царцааж, иенийг төгрөгт шилжүүлэх болон тус өдрөөс хойш үүссэн хүү, алдангийн төлбөрөөс чөлөөлөх, тусгасан. Өөрөөр хэлбэл зээлийн үлдэгдэл төлбөрөөс 3,324,334,290.72 иентэй дүйцэхүйц валютаар дүрмийн санг нэмэгдүүлэх, зээлийн үндсэн үлдэгдэл төлбөр болох 1,881,661,953.90 иен буюу 47,361,431,379.66 төгрөгийг 2021-2025 онд улсын төсөвт төлөх гэрээг байгуулахаар тус тус оруулсан. /Иенийг “Монголбанк”-ны 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн албан ёсны ханш 25.17 төгрөгөөр тооцов./ Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хилийн боомтуудын үйл ажиллагаа доголдож, улс хоорондын авто тээвэрлэлт хязгаарлагдмал болсон энэ үед Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг дээд хүчин чадлаараа ажиллаж экспорт, импортын тээврийн хэрэгцээг хангаж байна. Энэ үед төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэн сайжруулмнаар тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөгжүүлэх, нийгэмлэгийн санхүүгийн чадамжийг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай бөгөөд үүний тулд эхний ээлжинд “МОН-П1”, “МОН-П2” зээлийн үлдэгдлийн асуудлыг бүрэн шийдвэрлэх нь зүйтэй байна. Уг асуудлыг шийдвэрлэснээр нийгэмлэгийн зүгээс улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд болон хоёр орны хамтын ажиллагаанд бодит түлхэц үзүүлэх юм. Мөн Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд хоёр улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагаа, хэрэгжүүлэх томоохон төсөлд тээг болж буй дээрх зээлийн үлдэгдлийн асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх айлчлалаас өмнө шийдвэрлэх зорилгоор Улсын Их хурлын тогтоолын төсөл болон Засгийн газрын тогтоолын төслийг тус тус боловсруулсан болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top