Австралид дэлхийн хар хайрцгийг барина

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 06

Хүн төрөлхтний соёл иргэншлийн мэдээллийг бичдэг Дэлхийн хар хайрцгийг Австралийн Тасманийн арлын баруун эрэгт 2022 оны сүүлээр байрлуулахаар болжээ.

Тасманийн их сургуулийн эрдэмтдийн бүтээж буй энэ объект хүн төрөлхтнийг экологийн гамшигт хүргэсэн бүхий л алхмыг баримтжуулж, манай гарагийн ирээдүйн оршин суугчдад энэ соёл иргэншил ямар шалтгаанаар сөнөсөн талаарх мэдээллийг үлдээх юм.

Хэмжээгээрээ хотын автобустай ойролцоо энэхүү хар хайрцгийг 7.62 см зузаан ган лист төмрөөр хийх гэнэ. Хайр хайрцагт уур амьсгалын өөрчлөлтийн тухай мэдээлэл, агаар дахь нүүрсхүчлийн хийн түвшин, манай гарагийн бүс нутаг бүрийн жилийн дундаж агаарын температур зэрэг мэдээлэл цуглуулагч байх бол гадна талд нь нарны зайгаар тоноглож, хар хайрцгийг эрчим хүчээр хангах юм. Хар хайрцаг мөн интернет дэх дэлхийн дулааралтай холбоотой бүхий л мэдээллийг цуглуулж, бичих гэнэ.

Хэрэв манай гараг дэлхийн дулаарлын улмаас эргэлт буцалтгүй өөрчлөгдвөл энэ бат бах төхөөрөмж Дэлхий дээр юу болсон талаарх мэдээллийг хойч үед үлдээж, сургамж авахад нь тусална гэж төслийг санаачлагчдын нэг Жим Кертис ярьжээ.

Хар хайрцгийг бүтээх ажил 2022 оны дунд үеэс эхлэх ч мэдээлэл цуглуулах, бичих ажил арваннэгдүгээр сард Глазго хотноо болсон НҮБ-ын уур амьсгалын бага хурлаас эхэлжээ. Хар хайрцаг ирэх тавин жилийн мэдээллийг мөн цуглуулах ба үүнээс өмнө төслийг санаачлагчид мэдээллийн багтаамжийг нь нэмэгдүүлэх, бидний үр хойч тус хайрцагт цугларсан мэдээллийг тайлж, уншиж чадах эсэхийг тогтоохоор ажиллаж байна.

Эрдэмтэд мэдээллийг кодлох хэд хэдэн формат ашиглахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top