Номхон далай дахь Хунга-Тонга-Хунга-Хаапай галт уул МЭ 1100 оноос хойш бүртгэгдэж буй хамгийн хүчтэй галт уулын дэлбэрэлт хэмээн үзэх үндэслэлтэй гэж Оклэндийн их сургуулийн профессор, галт уул судлаач Шейн Кронин дүгнэжээ.
Эрдэмтдийн тооцоолсноор, галт уулын том хэмжээтэй калдера тогоо мянган жилд нэг удаа дэлбэрдэг байна. Хамгийн сүүлд ийм дэлбэрэлт МЭ 1100 онд болж байжээ. Үүнээс үзвэл энэ сарын 15-нд болсон Хунга-Тонга-Хунга-Хаапай галт уулын дэлбэрэлтийн томоохонд тооцох үндэслэлтэй гэж профессор Кронин ярьжээ.
Номхон далайн өмнөд арлын Тонга улсад Хунга-Тонга-Хунга-Хаапай галт уул энэ сарын 14-нөөс эхлэн дэлбэрч, цүнами үүсгэсэн. Үүний улмаас усан доорх кабел гэмтэж, арлын Тонга улсын Манго, Фоной хоёр жижиг арал гадаад ертөнцтэй холбоо тасраад байна. Холбоог сэргээхэд хүнд байгаа бөгөөд цаг хугацаа шаардана гэж мэргэжилтнүүд тодруулжээ.
Австрали, Шинэ Зеландын зэвсэгт хүчнээс тус арал руу хийсэн тандалтын нислэгийн үеэр авсан гэрэл зургууд хараахан гараагүй байна. НҮБ-ын мэдээллээр, хиймэл дагуулаас авсан Номуку арлын гэрэл зургуудаас үзвэл тус арлын бүхий л барилга, байгууламжууд үнсэнд хучигдаж, 40 орчим хувьд эвдэрчээ. НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газар нам дор байрладаг Манго, Фоной жижиг арлын оршин суугчдын хувьд заяа санаа зовоож байна гэж мэдэгджээ. Манго арал дээр 36 хүн амьдардаг бол Фоной арал 69 оршин суугчтай.
НҮБ-ын системийн байгууллагууд 100 мянга орчим хүн амтай арлын улсад тусламж үзүүлэхээр шуурхай ажиллаж байна.
Галт уулын дэлбэрэлтээс үүссэн цүнами давлагаа Аляскт хүрч, Япон, АНУ, Перугийн эрэг орчмын бүс нутгийг усанд автуулжээ. Перуд цүнамигийн улмаас хоёр хүн амиа алдаад байна.
Хунга-Тонга-Хунга-Хаапай галт уул нь далайн ёроолоос 1.8 мянган м өргөгджээ. Галт уулын радиус нь хоёр орчим км. Калдера тогоо нь зургаан км өргөн, 150 гүн. 2014 болон 2015 онд болсон дэлбэрэлтүүдийн улмаас усны гадаргуугаас дээш 100 м өндөр конус бий болж, Хунга-Тонга болон Хунга-Хаапай арлуудыг хооронд нь холбожээ.
Сэтгэгдэл ( 0 )