[БИДНИЙ НЭГ] Охиноо ойлгож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байр бэлдсэн ээж

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 09

Хөдөлмөр эрхлэхийг хүссэн ч хөгжлийн бэрхшээлтэйгээсээ болоод ажил хийж чадахгүй байгаа олон хүн бий.

Үүнийг олж харсан Г.Цэнд-Аюуш бүсгүй удаан бодсоны эцэст тэдэнд туслах арга олжээ. Тэр хэрчсэн гурилын цех худалдан авч, тэнд ажиллахыг хүссэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулахыг зорьжээ. 

Тэр дөрвөн хүүхдийн ээж. Нэг охин нь хэт хоцрогдол, хэт хөдөлгөөнтөх өвчтэй гэнэ. Түүний охин одоо зургаан настай ч яг л хэлд орж байгаа жаахан хүүхэд шиг. Аав, ээж гэх мэт гарын арван хуруунд багтахаар цөөн хэдэн үгийг л хэлж чаддаг аж.

Охиныхоо энэ байдлыг харсан ээж нь хөгжлийн бэрхшээлтэй хүний бусдаас гадуурхагдаж, нийгмээс түлхэгддэг гэдгийг маш сайн ойлгожээ. Тиймээс дөрвөн жилийн өмнөөс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусалж, хүмүүнлэгийн ажил хийж эхэлсэн байна.

Г.Цэнд-Аюуш эгч биеийн тамирын багш мэргэжилтэй. Ялгаагүй л хүүхэд сургах болохоор мэргэжил нь тус болж, илүү дөхөм байж магадгүй гээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өдөр өнжүүлэх, сургах төв ажиллуулах гэж үзсэн удаатай аж. Гэтэл мэргэжлийн бус хүнд хүүхдээ даатгаад үлдээх хүн олддоггүй юм байна лээ хэмээн ярьсан юм.

Удаан бодсоны эцэст Г.Цэнд-Аюуш хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, цаашлаад олсон ашгаасаа бусдад туслах боломжтой нэгэн арга олсон нь хэрчсэн гурилын цех.



Тэрбээр яагаад заавал гурилын цех ажиллуулах болсон талаараа "Гарын ур дүйтэй хүн олон байдаг ч тийм бүтээл хийлгэхээр манай нийгмийн өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал муу байгаа болохоор борлуулалт муу байх юм шиг санагдсан. Хүнсний бүтээгдэхүүн бол хүний байнгын хэрэгцээ учраас үүн дээр тулгуурлаад хэрчсэн гурилын цех ажиллуулахаар шийдсэн. Цехээ илүү өргөжүүлээд гэдсээр бууз, банш хийх бодолтой байгаа. 

Хөгжлийн бэрхшээлтэйгээс нь болоод ажилд авах газар олдохгүй, гэртээ зүгээр сууж байгаа цөөхөн хүнд ч болтугай тусалж, ажлын байр бий болгоё гэж бодсон юм. Ингээд тэд хамт олонтой болно шүү дээ. Ядаж л ямар нэгэн баяр болоход инээлдэж, аз жаргалыг мэдрэх хамт олонтой байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажилгүйгээс болоод орчноос тусгаарлагдаж, ганцаарддаг юм. Охин маань хөгжлийн бэрхшээлтэй болохоор энэ зовлонг маш их мэдэрдэг" хэмээн ярьж байсан юм.  

Хэрчсэн гурилын үйлдвэр нь одоо түүнтэй нийлээд гурван ажилтантай байгаа. Нөгөө хоёрын нэг нь тэргэнцэртэй тул савлагаа зэрэг суугаагаар хийж болох ажлыг хийдэг аж. Харин нөгөө нь машин барих боломжтой учраас түгээлтэд гардаг гэнэ. 

Тэдний үйлдвэрлэсэн хэрчсэн гурил "СУВД" нэрээр худалдаалагдах аж.

Өрсөлдөгч олонтой энэ салбарт хүч үзэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслахыг хүссэн түүний сэтгэлийг ойлгож, өөрийгөө голж, зүгээр суугаагүй залуусыг дэмжиж "Сувд" хэрчсэн гурилыг хэрэглээрэй. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(66.181.161.13) 2022 оны 02 сарын 09

Сайхан бүсгүйн, сайхан санаачлагатай ажил үйлсэд нь амжилт хүсье, бурхан чамайг шагнанаа

0  |  0
зочин (64.119.24.45) 2022 оны 02 сарын 09

ямар ухаантай бүсгүй вэ ажилд нь амжилт хүсье

0  |  0
Top