“Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчлэл“ сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2022.02.16/ Шангрила зочид буудалд болж байна.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн хэрэгжилт.
Нэг.Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль хэрэгжихэд нөлөөлөсөн хүчин зүйлийн талаар.
Японы Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА” болон Монгол Улсын Дээд шүүхийн хооронд “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа 2010-2015 онд 2 үе шаттай хэрэгжин, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дууссан бөгөөд уг төсөл Монгол улсын эрх зүйн тогтолцоонд шүүхийн бус аргаар маргааныг шийдвэрлэх шинэ аргыг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой болсон юм.
Төслийн эхний шатанд Баянзүрх дүүргийн болон Дархан-уул аймаг дахь сум дундын шүүхийг загвар шүүхээр сонгон эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулсан нь амжилттай болж, сургагч багш болон эвлэрүүлэн зуучлагчийг бэлтгэх сургалт зохион байгуулах, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах журам батлан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлсэн болно. Харин энэхүү төслийн 2 дахь үе шатанд "Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх" хөтөлбөрийн дагуу Улсын Их Хурлаас шүүхийн багц хуулиуд баталсны нэг нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль бөгөөд энэ явдал тухайн төслийг бүрэн хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой болжээ.
Хоёр. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн хэрэгжилт.
Эвлэрүүлэн зуучлалын хуулиар эрх зүйн маргааныг шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зохицуулах ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, монгол улсад шүүх дэх болон төрийн байгууллага, төрийн бус байгууллага, мэрэгэжлийн холбоо дахь эвлэрүүлэн зуучлал гэсэн холимог загвар хэрэгжихээр болсон юм.
“Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл” нь иргэний болон гэр бүлийн хэрэг, маргаанд эвлэрүүлэн зуучлах аргыг хэрэглэх тогтолцоог улсын хэмжээнд нэвтрүүлэх зорилго дэвшүүлсэн бөгөөд энэхүү төсөл амжилттай хэрэгжиж, өндөр үр дүнтэй сайн хэрэгжсэн болохыг төсөл хэрэгжүүлэгч Японы Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА-ийн зүгээс өндрөөр үнэлсэн байна.
Шүүхийн ерөнхий зөвлөл Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд зааснаар иргэний хэргийн анхан шатны 38 шүүхэд ажиллах орон тооны 44 эвлэрүүлэн зуучлагчийг сонгон бүртгэж, шүүхийн тамгын газрын даргын тушаалаар тэдгээрийг томилсоноор шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа 2014 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 7 жилийн хугацаанд хэрэгжлээ.
Монгол Улсын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлал 2014 оны 02 дугаар сараас 2021 онд нийт 130098 өргөдөл, нэхэмжлэл хүлээн авсан бөгөөд шүүхээс иргэний хэрэг үүсгэхээс өмнө 165 өргөдөл, иргэний хэрэг үүсгэсний дараa 2944 нэхэмжлэл тус тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлэн ирүүлсэн байна. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан 130098 өргөдөл, нэхэмжлэлээс 94893 өргөдөл, нэхэмжлэлд ажиллагаа хийгджээ.
Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан 130098 өргөдөл, нэхэмжлэлээс 14654 өргөдөл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 10694 өргөдөл, нэхэмжлэлийг зохигч, өргөдөл гаргагч өөрийн хүсэлтээр эргүүлэн татаж, 94893 өргөдөл, нэхэмжлэлд ажиллагаа хийгдсэн байна. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн 94893 өргөдөл, нэхэмжлэлийн 63635 буюу 68.8 хувьд нь эвлэрэл амжилттай болж, эвлэрлийн гэрээ байгуулагджээ.
Нийт эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн 94893 өргөдөл нэхэмжлэлийн 71500 өргөдөл нэхэмжлэл буюу 73.4 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 472 өргөдөл, нэхэмжлэл буюу 0.7 хувь нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан, 23521 өргөдөл, нэхэмжлэл буюу 25.7 хувь нь гэр бүлийн холбогдолтой эрх зүйн маргаан тус тус эзэлж байна.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль хэрэгжснээр иргэн, хөдөлмөр, гэр бүлийн эрх зүйн маргааныг шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдэж, Монгол Улсын үндэсний эрх зүйн тогтолцоо “Эвлэрүүлэн зуучлал” хэмээх шинэ институцээр хүрээгээ тэлж, тухайн тогтолцоонд нутагшиж, тогтвортой хөгжиж байна.
Дээр дурдсан эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тоон үзүүлэлтээс харахад хэрэг, маргааныг эвлэрүүлэн зуучлах журмаар /аргаар/ шийдвэрлэх нь иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ачааллыг 18-25 хувь багасгасанаас гадна нийгмийн гишүүдэд зөвшилцөл харилцан итгэлцлийн зөв хандлага, ухамсар төлөвшүүлэх, шударга ёс, хүний эрхийг хамгаалах, улмаар үндэсний эв нэгдлийг хангах, иргэний ардчилсан нийгмийг хөгжүүлэхэд чухал хүчин зүйл болсон гэж үзэж байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс байгуулагдсан орон тооны бус Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн /цаашид Зөвлөл гэх/ үйл ажиллагааны зорилго нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх замаар шүүхийн бус аргаар эрх зүйн маргааныг хуульд заасан нөхцөл журмын дагуу явуулах, түүний хэвийн үйл ажиллагааг хангах, улмаар уг ажиллагааны үр дагавар болох эвлэрлийн гэрээ нь талуудын хүсэл зориг, сайн дурын үндсэн дээр хийгдсэн, нийгэм хүлээн авч болохуйц, хуульд харшлаагүй байхад чиглэгдсэн үйл ажиллагааг Монгол улсын үндэсний эрх зүйн тогтолцоонд нутагшуулахад зорьж, хуульд заасан чиг үүргийн дагуу дараах ажиллагааг хэрэгжүүлсэн болно. Үүнд:
1.Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг хэрэгжихээс өмнө ЭЗЗ-өөс Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журам, ЭЗЗ-ийн дүрэм, Зөвлөлийн хуралдааны дэг, Эвлэрүүлэн зуучлагчийн ёс зүйн дүрэм, Эвлэрүүлэн зуучлагчийн ёс зүйн зөрчлийг шалгах үйл ажиллагааны журам, Уулзалтын өрөөний стандарт, Шүүх дэх ЭЗА-д хэрэглэгдэх баримт, тэмдэглэлийн 13 төрлийн загвар, ЭЗА-ны албан хэрэг хөтлөлтийн загвар, Эвлэрүүлэн зуучлагчийг сонгон шалгаруулах, бэлтгэх, давтан сургах журам, Шүүх дэх орон тооны бус эвлэрүүлэн зуучлагчийн ажлын хөлс, зардал, урамшуулал олгох журам зэргийг боловсруулж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд мөдүүлэн ажиллаж байна.
2.Зөвлөл нь эвлэрүүлэн зуучлагчийг сонгон шалгаруулах, гэрчилгээ олгох, бэлтгэх, давтан сургах зэрэг ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлсэнээр шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хуульд заасан нөхцөл, журмын дагуу тогтмол, хэвийн ажиллаж ирлээ. Эвлэрүүлэн зуучлагчийн давтан сургалт нь тайлангийн хугацаанд жилд нэг удаа буюу 7 удаа явагдсан байна. Давтан сургалт нь шүүх дэх болон орон тооны бус эвлэрүүлэн зуучлагчдад хэрэг, маргааныг шийдвэрлэх процессийн ажиллагааны эрх зүйн зохицуулалт болон эвлэрлийн гэрээг боловсруулахад анхаарах асуудал, мөн эвлэрүүлэх ажиллагааг явуулахад эвлэрүүлэн зуучлагчийн эзэмшвэл зохих шаардлагатай онолын мэдлэг, чадвар, сэтгэл зүй, харилцаа хандлагын талаар гүнзгийрүүлэн судлах, түүнчлэн эвлэрүүлэн зуучлагчийн үйл ажиллагаанд баримтлах ёс зүй, улмаар тухайн цаг үед эвлэрүүлэн зуучлагчийн үйл ажиллагаанд тулгамдаж буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зэрэг асуудлыг шийдвэрлэх зорилготой байсан болно.
Сэтгэгдэл ( 0 )