15 настай Д.Хүчитбаатар хүүгийн зорчиж явсан автобусанд гэнэт гал гарчээ. Тэр үед автобусны урд талын жижиг хаалгаар сандран гүйж гарах хүмүүсийг хараад ганцаар гаралгүй, ахмад настан, балчир хүүхдүүдэд тусалсан байна.
Эргэн сануулахад, хоёрдугаар сарны 14-нд "Гачуурт-Жуков" чиглэлийн нийтийн тээвэрт техникийн саатал гарч, гал гарсан харамсалтай хэрэг болсон. Энэ үед зорчигчдыг автобуснаас гаргаж, галыг унтраахад тусалсан сурагчийн ачаар хэн ч гэмтээгүй юм.
Тэр "баатар" хүү бол ҮБХИС-ийн харьяа "Тэмүүжин өрлөг" ерөнхий боловсролын сургуулийн 9А ангийн сурагч Д.Хүчитбаатар. Насандаа баймгүй зориг гаргасан хүүг өнөөдөр (2022.02.21) Монголын сурагчдын холбооны дээд шагнал "ТЭРГҮҮНИЙ СУРАГЧ" медалиар шагналаа.
Д.Хүчитбаатар хүү гурван жилийн өмнө "Тэмүүжин өрлөг" сургуульд элсэн оржээ. Тэрээр сургуульд нь заадаг төлөвшлийн хичээл болон үлгэр дуурайлал үзүүлдэг ах нарыгаа харж, бусдад туслахын сайхныг ойлгосон байна. Түүнтэй айдастайгаа нүүр тулж, автобусны галыг унтраасан талаар нь цөөн хором ярилцлаа.
ШУУД ҮЗЭХ
-Юуны өмнө "Нийслэлийн тэргүүний сурагч" болсонд баяр хүргэе. Мөн зоригтой үйлдэл гаргаж, хүмүүст тусалсанд нь маш их баярлалаа. Үзэгч, уншигчдад маань сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Маш их баяртай, догдлолтой байна. Энэ шагналыг авах гавьяа байгуулсандаа өөрөөрөө маш их бахархаж байна. Намайг дэмжиж, тусалсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ар, гэрийнхэн найз нөхөд багш ажилчид, анги хамт олондоо бүгдэд нь хайртай шүү.
-Энэ сарын 14-нд "Гачуурт-Жуков" чиглэлийн автобусанд зорчиж яваад, гал гарах үеэр зорчигчдод тусалсан шүү дээ. Тухайн үед юу болсон бэ?
-Тийм ээ. Тухайн үед миний явж байсан автобусанд гал гараад хойд талын гарах хаалга нь хаалттай байсан. Автобусан дотор байсан зорчигчид урд талын жижиг хаалгаар сандраад гарахад нь ахмад настай хүмүүс болон бяцхан дүү нарыгаа гаргачихаад, өөрөө сүүлд нь гарсан. Тэгээд галыг унтраахад туслаад урьдчилан сэргийлсэн.
-Цахим сүлжээгээр чиний тухай мэдээлэл гарч, хүмүүс талархал илэрхийлж байна. Үүнийг хараад ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Тийм ээ. Миний талаар сошиалаар цацагдсан постуудыг харсан. Постны дор маш олон хүмүүс надад баярласнаа илэрхийлж, амжилт хүссэн байсан. Тэр бүх хүмүүст маш их баярлалаа.
-"Тэмүүжин өрлөг" сургуульд хэзээнээс суралцаж эхлэв? Ер нь багаасаа л цэргийн сургуульд сурч, цэргийн хүн болно гэж боддог байв уу?
-Бага ангидаа би ҮБХИС-ийн ойролцоо байдаг Нийслэлийн 53-р сургуульд сурдаг байсан. Хичээлээ тараад гэр рүүгээ явах бүртээ дүрэмт хувцастай ах нарыг хардаг байлаа. Тэдний хувцас, биеэ зөв авч яваа байдлыг хараад энэ сургуульд нэг суралцаад үзье гэж бодоод 6-р ангиа төгсөөд шалгалт өгсөн юм. Шалгалт өгч тэнцээд гурав дахь жилдээ "Тэмүүжин өрлөг" сургуульд суралцаж байна. Сургуулийн багш, хамт олон маань сурагчдадаа зөв төлөвшил, хүмүүжлийн талаар өдөр бүр зааж сургадаг.
-Өмнө нь танай сургуулиас баатарлаг үйлс хийсэн залуус олон байсан. Ах эгч нараасаа үлгэр дуурайлал авдаг уу?
-Өмнө нь бусдад туслаад шагнал авч байсан хүмүүсийг би хажуугаас нь хараад зогсож байсан. Тэр үед "Ийм сайхан зүйл гэж байдаг юм байна. Хар амиа бодоод ухрах биш, боломжоороо бага ч болтугай хүнд туслах хэрэгтэй юм байна" гэж бодож эхэлсэн. Түүнээс хойш чадахаараа л хүмүүст тусалж байгаа. Ах эгч нараасаа маш зөв үлгэр дуурайлал авсан гэж бодож байгаа.
-Нэг хүн хэл гэвэл ээжийгээ хэлнэ. Ээжээ тандаа хүү нь маш их хайртай шүү.
-Ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болох вэ?
-Сөрөг зүйл байхгүй, эерэг сайхан улсыг бүтээгээсэй гэж хүсэж байна. Тийм учраас түүнд хувь нэмрээ оруулмаар байна. "Далайд дусал нэмэр" гэдэг шиг эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө чадах бүхнээ хийх болно. Бас үр хойч, дүү нартаа зөв үлгэр дуурайлал үзүүлэхийг хүсэж байна.
-Баярлалаа. Амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 2 )
Temuujin orlog ireeduin eronkhiilogcniig beldej bna
Ямар сонин хужаа шиг форм вэ! Яг л хужаагийн улаан хамгаалагчид шиг юм. Хүү бол хөөрхөн хүү байнаа.