[БИДНИЙ НЭГ] 20 жил ач, зээгээ сургуульд зөөж байгаа ЖОЛООЧ ЭМЭЭ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 28

Хүүхдүүдээ өсгөж, хүний дайтай болгосны эцэст "чөлөөнд" гарахдаа тэднийхээ хүүхдийг харах "даалгавар" авдаг эмээ, өвөө нарын төлөөлөл П.Юмчмаа гуайтай уулзлаа. Түүний нэг өдөр тогоочийн ажлаас эхэлж, жолоочийн ажлаар дуусдаг.

Ээж, ааваасаа хол амьдарч байгаа ач нараа боловсролтой, хүмүүжилтэй хүн болгохын төлөө  амьдралынхаа 20 жилийг зориулж яваа түүнийг хараад өөрийн эрхгүй л бахархах сэтгэл төрнө. 

П.Юмчмаа эмээ дөрвөн хүүхдийн ээж. Бараа судлалын мэргэжилтэй тэрбээр худалдааны салбарт олон жил ажилласны эцэст 2003 онд тэтгэвэрт гарчээ. Түүнээс хойш ач, зээ нараа харж, цэцэрлэг, сургуульд нь зөөж байгаа. 

Түүний том хүү хоёр хүүхдээ ээждээ даатгаж үлдээн, эхнэрийн хамт БНСУ-ыг зорьжээ. Тухайн үед найман настай, ой хоёр сартай хоёр жаахан охиноо үлдээгээд явсан гэнэ. Түүнээс хойш охидоо хүний дайтай болгох гэж хичээлийнх нь хажуугаар бүжгийн дугуйлан, сургалт гээд хүссэн бүхэндээ суралцахыг нь дэмжиж, тусалсаар өнөөдрийг хүрчээ. П.Юмчмаа эмээ одоо бага ачтайгаа амьдардаг. Учир нь том нь ахлах сургуулиа төгсөөд, шалгалт өгч, АНУ-д суралцахаар явжээ. 

Гэсэн ч түүний өдөр хоног завгүй өнгөрдөг хэвээр. Өглөө охиноо хичээлд нь хүргэхээр эртлэн гарна. Сургуулийнх нь гадаа хичээл тарахыг нь хүлээж байгаад дараагийнх нь дугуйланд хүргэж өгнө. Дахиад л түүнийг нь тарахыг хүлээж байгаад авна. Ингэж явсаар 21.00 цагт зээ охиноо сүүлийн сургалтаас нь аваад, гэртээ харьдаг.

Тэрбээр “Ач, зээ нараа нялх балчраас нь л цэцэрлэг, сургуульд зөөж байна. Тэднийгээ боловсролтой болгочих юмсан гээд л хичээж явна. Хүүгийн маань бага охин нь ой хоёр сартай үлдсэн. Том нь гуравдугаар анги байсан. Хөхнөөсөө гараагүй үлдсэн болохоор эхэндээ бага нь их уйлдаг байсан. Хоосон мөөмийг минь хөхөөд л, хоол идэхгүй. Бараг жилийн турш ийм байдалтай байсан. Одоо ч гэсэн миний өвөрт унтдаг юм. Шөнөжин мөөм барьж хонодог. Ингэж хэлэхээр “Эмээ одоо юу яриад байгаа юм” гэж хэлээд, загнана шүү дээ” гээд инээв.
 


 

Тэдний өглөө 06:00 цагаас эхэлдэг. Хичээлдээ бэлтгэнэ, цайгаа ууна. Түүний зээ “Амжилт кибер” сургуульд сурдаг. Харин гэр нь Зургадугаар бичил хороололд байдаг аж. Тэд гэрээсээ 06:40 гэж гараад 08:00 цагийн хичээлд арай гэж л амждаг хэмээн ярьж байлаа.

Энэ тухайгаа “Охиноо цайгаа ууж, хичээлдээ бэлтгэх хооронд нь би гарч, машинаа халаадаг юм. Цагтаа амжиж гарвал яг 08:00 цагт очно. 10 минут хоцроод гарвал нам түгжрээнд хоцорно. Буцаад 09 цаг өнгөрөөгөөд харьдаг. Гэртээ очиж, цайгаа уучихааад, гэрээ цэвэрлэж байтал  тарах цаг нь болж, буцаад сургууль явна.

Ингээд хичээл нь тарахаар охиноо аваад “Ард” кино театрын хажууд бүжгийн дугуйланд хүргэж өгнө. Түүнийг нь тарахыг хүлээж байгаад 17:30-аас аваад, англи хэлний сургалтад нь хүргэнэ. Өдрийн ихэнх цаг машин дотор л өнгөрдөг дөө" гэлээ.

П.Юмчмаа эмээ 2003 онд жолоо барьж сурчээ. Тэрбээр 1980-аад оны үед залуу байхдаа ургац хураалтын ажилд дайчлагдан 30 машины тэвшин дээр сууж явах үедээ машин барьж сурах талаар боджээ. 

“Ургац хураалтын ажилд явж байх үед манай машины ард цагаан бээлийтэй ганган хүүхэн машин барьж байгаа харагдаад, цагаахан атаархал төрж байсан юм. Тэгээд л энэ эмэгтэй шиг машин барьж сурах юмсан гэж бодсон. Тэр мөрөөдөл минь хожим 2003 онд биеллээ олсон. Дөнгөж машин барьж сурч байх үед залуучууд их уурладаг байсан юм. “Холдооч, зайлаач” гээд л. Харин одоо бол хаана ч бариад явчихна шүү” хэмээн ярилаа.

Нэг ачийгаа хүссэн сургуульд нь оруулж чадсан болохоор тэр баяртай байгаа. Харин одоо хамгийн хайртай бага ач нь хүссэндээ хүрч, IT инженер болчихвол түүний санаа амарч, чөлөөндөө гарна гэсэн. 
 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.26.195.54) 2022 оны 02 сарын 28

Urt naslaj udaan jargaarai . Tom huu eejiigee ih bayarluuladag bailgui dee , huuhed harna gedeg Yun ajil hiihvee Hamaagui hetsuu ajil daa . Unendee l ydardag !!!! Ingej ch muu eejiigee zovooh gej de . Huurhii eej huuhduudee bodood l mash guriij baigaa sh dee . Tuunees bish huugiinhee ugsun munguur amarch aylaj suuh yostoison !!!! Eejiigee yvsan ued ni oilgoh horvoo doo

4  |  0
Z(202.9.46.91) 2022 оны 03 сарын 01

Мундаг эмээ

3  |  0
Top