Marvel-ийн шилдэг бүтээлүүдийн нэг "Хар ирвэс" киноны найруулагч Риан Куглер Атланта дахь өөрийн данснаасаа их хэмжээний мөнгө авах гэж байгаад цагдаа нарт саатуулагджээ.
Тэрээр нэгдүгээр сарын 7-ны өдөр банкинд очиж, теллерийн хажууд зогсон мөнгө өгөхдөө болгоомжтой байхыг сануулсан бичиг өгсөн аж.
10.000 ам.доллар данснаасаа авах хүсэлт тавьсан түүнийг теллер бүсгүй банк дээрэмдэхийг завдаж байна хэмээн ойлгон, 911-т дуудлага өгч, тэр даруй саатуулжээ.
Цагдаа нар банкны гадаа ирэхэд хар өнгийн Lexus маркийн машин хаалганы гадаа зогсож байсан нь тун ч сэжигтэй санагдсан гэнэ. Тэд чухам ямар шалтгааны улмаас машин асаалттай байгааг лавлахад "Дотогш орсон хүнийг хүлээж байна" гэх тайлбарыг жолооч нь өгсөн байна.
Удалгүй банкин дотроос гараа гавлуулсан найруулагч Риан Куглер гарч ирсэн бөгөөд өөрийнхөө данснаас мөнгө авах зорилготой яваагаа учирлажээ.
Цагдаа нар тэр дор нь түүний гавыг тайлан, бүх зүйл теллер бүсгүйн алдаа байсан гэдгийг албан ёсоор мэдэгдэж, энэ төрлийн дуудлага, мэдээлэл ирсэн тохиолдолд заавал шалгах ёстой байдгийг учирлан, уучлалт хүсжээ.
Харин Куглер хэлэхдээ "Эмч маань төлбөрөө бэлэн авахыг илүүд үздэг учраас банкнаас мөнгө авах шаардлагатай болсон. Их хэмжээний мөнгө авах байсан тул теллерт энэ бүхнийг нууцаар хийж өгөхийг хүссэн төдий. Мөнгө тавиур дээр гаргаж ирээд хүмүүсийн анхаарлыг татахыг хүсээгүй. Хэн ямар дуудлага хийснийг мэдэхгүй ч өөрийнхөө данснаас мөнгө авахын тулд буу тулгуулж үзлээ" хэмээн бухимджээ.
Харин теллер бүсгүй "Тэр дебит картаа өгөөд мөнгө авахыг хүссэн. Асуулт асуухад хариулахаас татгалзан цаасруугаа заагаад байсан. Би түүний биеийн байцаалтыг шалгахыг хүсэхэд Калифорния мужийн биеийн байцаалт өгсөн. Энэ нь надад хачирхалтай санагдаж шууд л дотор харанхуйлж эхэлсэн" гэжээ. Бие давхар байсан бүсгүй энэ тухай менежертээ мэдэгдэн 911-т дуудлага өгсөн нь энэ ажээ.
Сэтгэгдэл ( 0 )