"Бид одоо 2009 оны төлбөрөөр барилга барьж чадахгүй"

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 21

Улсын төсвөөр барилга барьж буй компаниудын төлөөлөл өнөөдөр (2022.03.21) хэвлэлийн хурал хийж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Сангийн сайд Б.Жавхлан нарт хугацаатай шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ. 

Тодруулбал, Коронавирусний цар тахлаас үүдэн эдийн засгийн хүндрэл үүсэж, барилгын материалын үнэ өссөн. Үүнтэй холбоотойгоор улсаас гаргаж буй төсвөөр барилгын ажил явуулахад хүндрэлтэй байгаа талаар 21 аймаг, 9 дүүрэг дэх барилгын компаниудын төлөөлөл үнийн өсөлтийг шийдвэрлэхгүй бол өлсгөлөн зарлах талаар мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар барилгын салбарт 8000 гаруй аж, ахуй нэгжид 150 мянга гаруй хүн ажиллаж байгаа аж. Барилгын материалын үнийн өсөлтийг шийдвэрлэж, төсөвт тодотгол хийгээгүй учраас эдгээр ажилчид барилгын ажлаа  цаашид хийх боломжгүй болсон талаар хэлсэн юм. 

Барилгын компанийн төлөөлөл "Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ажил хийж байгаа компаниудын үйл ажиллагаа маш хүндрэлтэй нөхцөл байдалтай нүүр тулсан. Барилгын салбар 100 хувь хувьчлагдсан. Бид улсын ажлыг төсвийн хязгаартай хийдэг. Харамсалтай нь ажил батлагдсан төсөвт өртөгтөө багтахаа больсон. Үнийн суурь өсөлтийн тарифыг шинэчилж өгөөгүйгээс болоод барилгын компаниуд алдагдал хүлээж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй боллоо.

Одоогийн байдлаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 21 аймаг, есөн дүүрэгт баригдаж байгаа эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төв, спорт заал, нутгийн удирдлагын ордон зэрэг барилгын бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэхэд 600 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна. 

2021 оны аравдугаар сард үнийн өсөлтийн талаар 20 гаруй хоног жагссаны үр дүнд Улсын Их хурлын 88 дугаар тогтоолыг батлуулсан. Үүнээс хойш таван сар гаруйн хугацаа өнгөрч байхад энэ тогтоол огт хэрэгжээгүй. Засгийн газар ажлаа хийхгүй байна. Энэ нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ажил хийж байгаа компаниудын хувьд маш хүндрэлтэй болж эхэлж байна. 

Үнийн суурь өсөлтийг одоог хүртэл шинэчлээгүйгээс үүдэн 2019 оноос эхлэн барилгын ажил төсөвт өртөгт багтахгүй болсон. 

Барилгын салбарынханд 2009 оны тарифт цалин мөрдөгдсөн хэвээр байна.

Засгийн газраас 1 метр квадратыг 860 мянган төгрөгөөр барь гэж биднийг шахаж байна. Энэ ямар ч боломжгүй. Тиймээс үүнийг 20-30 хувиар өсгөж өгөөч гэдгийг л бид шаардаж байна. Бид одоо 2009 оны төлбөрөөр барилга барьж чадахгүй" гэсэн юм. 

Барилгын компаниудын дунд хийсэн судалгаагаар, компаниудын 97.7 хувь нь хил, гаалийн асуудал, үнийн өсөлтөөс шалтгаалан алдагдалд орж, 66.2 хувь нь нийгмийн даатгалд өртэй болсон байна. Мөн ихэнх компани өнгөрсөн жилийн үнийн өсөлтөөс болоод санхүүгийн чадамжгүй болжээ.

Барилгын компаниудын засгийн газарт хүргүүлж буй шаардлагад дараах дөрвөн асуудлыг тусгасан байна. Үүнд: 

  • Улсын их хурлын 88 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулж, 88 дугаар тогтоолын 4,5 дугаар зүйлд барилгын материалын үнийн индексийг тооцож, магадлал хийх ажлыг түргэн шуурхай хангуулах, хяналт тавих;
  • БХБЯ-наас гаргаж өгсөн үнийн индексийн тооцоолол болон магадлалын түр журмыг сангийн сайдад үүрэг өгч, яаралтай батлуулах;
  • 2021-2022 хэрэгжиж байгаа улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлуудыг БХБЯ-ны сайдын 2019 оны арванхоёрдугаар сарын 30-ны тогтоолын хүрээнд 2021 онд хийгдсэн тариф цалинг ялгаварлахгүйгээр нэмэгдүүлэх;
  •  Улсын төсвийн хөрөнгө оруулалттай ажил хийдэг барилгын компаниудын нэгдлээс Монгол улсын Ерөнхий сайдтай уулзаж, тулгараад буй асуудлын талаар нөхцөл байдлыг танилцуулах

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top