Уул уурхайн биржтэй болсноор бодитой ханш тогтоно гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 04 сарын 06

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын шинэ гарц бий болгох чиглэлээр Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг Гашуунсухайт-Ганцмодны боомттой холбох цаашлаад Ханги-Мандал чиглэлийн төмөр замын төслүүдийг Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж байна гэж УУХҮЯ-наас мэдээллээ.

Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүний тээврийн зардал буурч, экспортын тоо хэмжээ, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх ач холбогдолтой. Эрдэс баялгийн бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн аргаар хийх, шударгаар үнэ тогтоох, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах зорилгоор уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан борлуулах бодлого баримтлан ажиллаж байна.

Энэ хүрээнд Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр Монгол улсын Үндсэн хууль, салбарын хөгжлийн баримт бичигт заагдсан зорилт хангагдаж, эрдэс баялгийн бүтээгдэхүүний нийлүүлэгч, худалдан авагчийг холбох найдвартай тогтолцоо бий болж, зах зээлийн бодитой ханш тогтох, арилжааны болон ханшийн мэдээлэл олон улсын зах зээлд нээлттэй зарлагдсанаар хөрөнгө оруулагчид найдвартай мэдээллээр хангагдах улмаар Монгол Улсын эрдэс баялгийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр “газрын хэвлийн баялаг нь төрийн нийтийн өмч бөгөөд уг баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх зарчмыг тунхагласан". Энэхүү заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Үндэсний баялгийн санг байгуулахдаа байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш, хүртээмжтэй хүргэж буй олон улсын сайн туршлагыг судалж тусгасан. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжөөс үндэсний баялгийн санд хөрөнгийн хуримтлалын тогтолцоог бий болгож, нийгэм, эдийн засгийн үр ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн гэж салбарын сайд танилцууллаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хэхэ(99.230.64.174) 2022 оны 04 сарын 19

Зөв байхаа,,

0  |  0
Top