Үнийн өсөлтөөс улбаатай залуусын нэгдсэн жагсаалын үр дүнд төрийн байгууллагууд хэмнэлтийн горимд шилжихээр зэхэж байна.
Ингэхдээ цаашид суудлын том оврын албаны автомашиныг төрийн албан хаагчид нийслэл Улаанбаатар хотод ашиглахгүй, хөдөө орон нутагт нэгдсэн журмаар дуудлагын автомашин хэрэглэнэ гэдгийг Ерөнхий сайд мэдэгдсэн.
Тэгвэл суудлын том оврын автомашин ашиглахгүй боллоо гээд жижиг оврын, тэнгэрт хадсан үнэтэй Benz-ний цуглуулга болох вий гэсэн болгоомжлол байна.
Үүнээс гадна төрийн байгууллагад өрөөний хэмжээг тогтоож, шинээр тавилга худалдаж авахгүй, дарга удирдлагын тоог цөөлөх зэрэг хэмнэлт хийх төлөвлөгөөг УИХ, Засгийн газар гаргаад байгаа.
Эрх баригчид хэмнэнэ гэдэг үгийг амны уншлага мэт хэлдэг ч бодит байдал дээр том жийп унаж, тансаг томилолтод явсан тухай мэдээлэл цацагдсаар ирсэн билээ.
Хамгийн ойрын жишээ гэхэд л 2019 онд Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа 360 сая төгрөгийн үнэтэй, 2017 онд үйлдвэрлэсэн, 0101 УБҮ дугаартай цоо шинэ “Лексус 570” автомашин хөлөглөпдөг нь олон нийтийн шүүмжлэлд өртөж, асуудал дагуулж байсан.
Гэр хорооллын зарим иргэд гэдэс цувдаагаа ч авч чадахгүй нохойны хоолоор өдөр хоногийг өнгөрүүлж байгаа тухай жагсаалд оролцсон иргэн хэлж байсан.
Үнийн өсөлт иргэдийн нуруун дээр маш том дарамт үзүүлж байна. Гэтэл эрх баригчид нь жижиг, дунд үйлдвэрийн мөнгийг хуваагаад авчихдаг. Улсынхаа нэрийг барьж авсан бондын мөнгийг Хөгжлийн банкаараа дамжуулж хүүгүй шахуу хувааж аваад, буцааж төлдөггүй гэх мэт байдлаа таслан зогсоож, хэмнэлтийг дүр эсгэж биш, дөмөгхөн хийхийг дахин дахин сануулж байх ёстой.
Сэтгэгдэл ( 0 )