Монголын хөрөнгийн зах зээлийг гадны хөрөнгө оруулагчид хэр сонирхдог талаар олж мэдэхээр БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Л.Хишигбаяртай ярилцлаа.
-Монголын хөрөнгийн биржид гишүүнчлэлтэй хэд хэдэн гадаадын хөрөнгө оруулалттай үнэт цаасны компани байдаг юм байна. Танай компани тэдгээр компаниудын нэг. Та компанийхаа талаар товч танилцуулахгүй юу?
-Тиймээ, манай компани нь БНСУын хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч “Мирэ Эссет Секьюритис” ОУ-ын санхүүгийн групп компанийн Монгол дахь салбар компани юм. Толгой компанийн хувьд нийт 650 тэрбум ам долларын хөрөнгө удирддаг Солонгосдоо төдийгүй Азид тэргүүлэх үнэт цаасны компани бөгөөд дэлхий даяар 13 улсад салбар компани , 2 улсад төлөөлөгчийн газраа байгуулан үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа. Бидний хувьд СЗХны тусгай зөвшөөрлийн дагуу Монголын хөрөнгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа бөгөөд ялангуяа гадаадын болон дотоодын зах зээлд бондын арилжаанд зуучлах болон андеррайтерийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр түлхүү анхаарч ирсэн.
-Сүүлийн үед танай компани дээр ямар ажлууд хийгдэж байна?
-Саяхан бид ОУын блүүмберг терминалаар дамжуулан гадаад зах зээлийн арилжааг шууд гүйцэтгэх дэд бүтцэд холбогдлоо. Өмнө бид гадаад зах зээл дэхь арилжааг ОУ дахь салбар компаниудаараа дамжуулан гүйцэтгэдэг байсан бол одоо өөрсдөө шууд арилжаа хийдэг болсноор хөрөнгө оруулагчдыг илүү хямд үнээр гадаад зах зээлээс бонд гэх мэт үнэт цаас худалдан авах, худалдах боломжоор хангаж байна гэсэн үг юм.
Мөн удахгүй системийн нөлөө бүхий банкууд хувьцаагаа нээлттэй гаргах бөгөөд энэ нь МХБийн түүхэнд байгаагүй томоохон IPO –ууд болох хүлээлттэй байна. Тиймээс бидний хувьд ч дотоод бэлтгэлээ ханган ажиллаж байгаа бөгөөд онлайн үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Ингэснээр харилцагчид маань үнэт цаасны данс нээх болон хувьцааны арилжаа хийх, анхдагч зах зээлийн захиалга өгөхдөө онлайнаар үйлчилгээгээ авах боломжтой болох юм.
-Монголын томоохон банкуудын IPO ихээр анхаарал татаж байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчид энэ талаар хэрхэн харж дүгнэж байгаа бол ?
-Энэ удаагийн банкны тухай хуулийн өөрчлөлтөөр нөлөө бүхий банкууд олон нийтэд нээлттэй болох үүргийг хүлээсэн. Энэ нь банкны салбарт төдийгүй хөрөнгийн зах зээлд томоохон шинэчлэлтийг бий болгоно гэж харж байгаа. Манай компаний харилцагчид дунд гадаадын хөрөнгө оруулагчид цөөнгүй бий. Ялангуяа Солонгосын Монгол Улсад оршин суугч болон оршин суугч бус иргэд, байгууллагын хөрөнгө оруулагчид тодорхой хувийг эзэлдэг. Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд системийн нөлөө бүхий банкуудын олон нийтэд нээлттэй болох үйл явцыг анхааралтай ажиглаж мэдээллийг байнга авч байгаа бөгөөд банкны хувьцаанд хөрөнгө оруулалт хийхээр бэлтгэлээ хангаж эхэлсэн нь ажиглагдаж байна. Ялангуяа Солонгосын хөрөнгө оруулагчдын хувьд өөрийн Улсдаа томоохон компаниудынхаа хувьцаанд хөрөнгө оруулалт хийгээд сурчихсан, тэндээсээ ашиг өгөөжээ хүртдэг туршлагатай тул манай Улсын томоохон корпораци болон компаниудын хувьцаанд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байдаг. Гадаадын гэлтгүй дотоодын Хөрөнгө оруулагчдын хувьд ч банкуудын IPO нилээдгүй хүлээлтийг бий болгоод байна.
-Саяхан “Монголын эдийн засгийн чуулган 2022” ЭЗ-ийн форумын үеэр Банкны IPO хугацааг хойшлуулах тухай яригдаж байгаа талаар дурдагдсан, танд энэ талаар мэдээлэл байна уу.
-Банкны IPO хугацааг хойшлуулах тухай албан шийдвэр хараахан олж хараагүй байна. Хэрэв хугацааг хойшлуулах болвол хуульд өөрчлөлт оруулж байж энэ нь боломжтой болно. Гэвч хуулийн хэрэгжилтийн хугацаа тун дөхсөн байгаа, өөрөөр хэлбэл энэ оны 6 дугаар сарын 30ний өдөр. Тэхээр банкуудын хувьд хуулийн үүргээ биелүүлэхээр аль эрт ажил эхэлсэн. Миний мэдэж байгаагаар ХААН, ГОЛОМТ, ХАС банкууд андеррайтер компаниудаа сонгон “Банкыг нээлттэй болгох төлөвлөгөө”-гөө Монгол банк болон Санхүүгийн Зохицуулах Хороонд хүргэж батламжлуулах ажлыг аль өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн. Энэ төлөвлөгөөний хүрээнд ажил өрнөөд явж байгаа гэж ойлгож байгаа. Бусад 2 банк буюу Худалдаа Хөөгжлийн Банк, Төрийн банкны хувьд нээлттэй мэдээлэл байхгүй байгаа тул мэдэхгүй байна. Тэхээр банкыг нээлттэй болгох ажил эхэлчихсэн гэдэг маань зүгээр нэг эхэлсэн гэсэн үг биш юм. Үүний цаана маш их зардал, олон талын мэргэжлийн оролцогч компаниуд болох үнэлгээ, аудит, хууль, андеррайтер зэрэг компаниудын нөр их ажил өрнөж байгаа гэж ойлгож болно. Хамгийн чухал нь хөрөнгийн зах зээлийг сонирхдог, оролцдог хөрөнгө оруулагчдын хувьд банкны IPO ихээхэн хүлээлтийг бий болгосон байгаа гэдгийг дахин онцолмоор байна. Магадгүй зарим банкуудын хувьд хуулийн хугацаанд амжих эсэх нь эргэлзээтэй байгаагаас үүдэн хугацааг хойшлууж болох ч аль хэдийнэ бэлтгэлээ хангасан байгаа банкуудын хувьд төлөвлөсөн хугацаандаа хувьцаагаа гаргаад явах болов уу гэж харж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл ( 4 )
Angiin ohind amijilt husiy
Маш сайхан ярилцлага болжээ. Одоо доллараар хөрөнгө оруулалт хийхгүй бол ханш нилээн эрсдэлтэй байнадаа
Маш сайхан ярилцлага болжээ. Одоо доллараар хөрөнгө оруулалт хийхгүй бол ханш нилээн эрсдэлтэй байнадаа
Saihan yriltslaga bna Edin zasgaa nemegdvvleh Dotood munguni ursgalig idevjvvleh chuhal sedev hunduj Odoo tsagt vl hudluh geheesee ilvv bond Hurungin zah zeelin ariljaa chubal amjilt khvsie