“Эрхэт Монгол” группийн үүсгэн байгуулагч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Х.Мандахбаяр улс төрийн албан тушаал хашиж буйтай холбогдуулан тус группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Раднаагийн Наранбаярыг томиллоо.
Раднаагийн Наранбаяр нь ХААИС-ийг эдийн засагч, математикч мэргэжлээр төгсөж, Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуульд эконометрикс, “Идэр” дээд сургуульд социологич мэргэжлээр магистрын зэрэг тус тус хамгаалсан. Тэрбээр боловсрол, хэвлэл мэдээлэл, бизнесийн салбарт 22 жил ажилласан туршлагатай. “Идэр” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, “Говь” ХК-д PR менежер, Дотоод борлуулалтын албаны дарга, "Эрхэт Монгол" ХХК, “Бест компьютерс” ХХК, “МММ-ийн хүрээлэн” ТББ, “Үндэсний мэдээ” сонины Гүйцэтгэх захирал зэрэг хариуцлагатай албан тушаалуудыг хашиж байсан бөгөөд “Эрхэт Монгол” группийн бүтээн байгуулалтын төслүүдийн ерөнхий гүйцэтгэгч “Зиндаа констракшн” ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байгаад Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар томилогдоод байна.
Энэ онд 20 жилийн ой тохиож буй "Эрхэт Монгол" групп нь хэвлэл мэдээлэл, барилга бүтээн байгуулалт, барилгын материалын үйлдвэрлэл, гадаад худалдаа, төслийн менежментийн салбарт 310 хүнийг шууд ажлын байраар ханган ажиллаж байна. “Эрхэт Монгол” групп нь ТВ8 телевиз, өдөр тутмын "Өглөөний сонин", "Зиндаа" сэтгүүл, "Гранд" сэтгүүл, zindaa.mn мэдээллийн сайт, "Чингис" олон улсын мэдээллийн агентлаг зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагыг эрхлэн ажиллуулж байна.
Барилга бүтээн байгуулалтын салбарт Улаанбаатар хотод "Гранд Маршал" 550 айлын тансаг зэрэглэлийн хаус хотхон, 2224 айлын “Хайрын хот” хаус хороолол, 650 айлын “Сити резиденс” залуу гэр бүлд зориулсан орон сууцны хотхон, Өмнөговь аймагт "DZ RESIDENCE" 600 айлын өндөр чанартай орон сууцны төслийг хэрэгжүүлж байна.
Мөн “Мегавүүд” ХХК-тай хамтран “Хонхор” барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн паркийг ашиглалтанд оруулж байгаа юм.