Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдаж салбарын эрх зүйн орчин бүрэлдсэн ч виртуал хөрөнгийн үйлчилгээнд хамаарах үйл ажиллагааны үр дүнд үүссэн хохирлыг төр хариуцах боломжгүй гэж СЗХ-ноос мэдэгдлээ. Мэдэгдэлд:
Өнгөрсөн хоёрдугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулиар "виртуал хөрөнгө"-ийг аливаа улсын албан ёсны мөнгөн тэмдэгт, үнэт цаасны дижитал хэлбэр, эсхүл Монголбанкны зөвшөөрөлтэй цахим мөнгөнөөс бусад дижиталаар шилжүүлэх, арилжаалах боломжтой төлбөрийн, эсхүл хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглагдах үнэ цэнийн дижитал илэрхийлэл бүхий эдийн бус хөрөнгийг хэлнэ хэмээн тодорхойлсон.
Хэдийгээр улс орнууд виртуал хөрөнгийг өөрийн орны эрх зүйн орчинд нийцүүлэн харилцан адилгүй тодорхойлсон ч үүний эрсдэл өндөр, үнийн хэлбэлзэл ихтэй, аливаа биет хөрөнгөөр баталгааждаггүй бөгөөд дэлхий дахинаа шинээр зохицуулалтад орж буй салбар тул хэрэглэгч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалт дутмаг байдлыг нийтлэг хүлээн зөвшөөрч анхааруулга, мэдэгдлүүдийг гаргаж байна. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сарын 17-ны өдөр Европын банкны хяналтын газар, Европын үнэт цаас, зах зээлийн хяналтын газар болон Европын даатгал, хөдөлмөрийн тэтгэврийн газраас криптовалютын эрсдэлийн талаар хамтарсан мэдэгдэл, анхааруулгыг гаргасан байна. Энэхүү анхааруулгад виртуал хөрөнгөнд хөрөнгө оруулах гэж буй этгээдүүд нь оруулсан бүх хөрөнгө мөнгөө алдах эрсдэлтэй гэдгээ бүрэн ухамсарлах, олон нийтийн цахим сүлжээгээр явж буй худал, төөрөгдүүлсэн мэдээлэлд автахгүй байх, хурдан хугацаанд өндөр өгөөж амласан хөрөнгө оруулалтуудаас болгоомжлохыг онцолжээ. Мөн Европын холбооны өнөөгийн зохицуулалтын орчны хүрээнд крипто хөрөнгө болон холбогдох бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой асуудлаар хэрэглэгч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах боломж хомс байгааг анхааруулсан байна.
Санхүүгийн зохицуулах хорооноос ч мэдэгдэл, анхааруулга, сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд зориулан тасралтгүй хүргэсээр байна. Хэдийгээр Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдаж салбарын эрх зүйн орчин бүрэлдсэн ч виртуал хөрөнгийн үйлчилгээнд хамаарах үйл ажиллагааны үр дүнд үүссэн хохирлыг төр хариуцах боломжгүй билээ. Иймд, иргэд Та бүхэн аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийхдээ тухайн хөрөнгийн бодит шинж чанар, үүсэж болзошгүй эрсдэлийн талаар бүрэн дүүрэн мэдээлэлтэй байхын зэрэгцээ холбогдох судалгаа, шинжилгээг хийж, хохирлоос урьдчилан сэргийлж ажиллахыг зөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )