Хүүхдээ өөрөө асран хамгаалдаггүй ч хүүхдийн мөнгө авдаг эцэг, эхчүүд цөөнгүй байдаг аж. Ийм асуудлыг хэрхэн зохицуулж байгаа талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тайлбар өглөө.
-Хүүхдээ хүчирхийлсэн эцэг, эхийн дансанд хүүхдийн мөнгө олгохгүй гэж та мэдэгдээд байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Хүүхдийн мөнгө олгох журамд 2021 оны долдугаар сард өөрчлөлт оруулсан. Яг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа журмын дагуу хүүхдээ үл хайхарсан, асрамжийн газарт үлдээсэн, түр хамгаалах байранд байгаа хүүхдүүдийн хувьд хүүхдийн мөнгө тухайн хүүхдийн нэрийн дансанд байх ёстой гэдэг байр суурийг баримталж байгаа. Нөгөө талдаа хүүхдээ нөхөр дээрээ юм уу, ээж аавдаа орхичихсон атлаа хүүхдийн мөнгө аваад явдаг хүн олон байна. Хүүхдийн мөнгө хүүхдэд л зориулагдах ёстой. Хүүхдийн мөнгө бол тухайн эцэг, эхийн амьжиргааг дэмжиж байгаа зүйл биш. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэс болгон мэдээлэл авч, хүүхдээ хажуудаа байлгаж байгаа эсэх хүүхдийн мөнгийг хэн авч байгаад хяналт тавьж байгаа. Ингэхдээ тухайн хүүхдийн нэрийн дансанд олгох, эсвэл тухайн хүүхдийг асран хамгаалж байгаа хүнд олгох зэрэг арга хэмжээ авна. Үүнд хүүхэд хохирч байгаа асуудал байхгүй. Олгогдоогүй эсвэл, тухайн зогсоосон хугацаанаас үргэлжлүүлэн олгоно.
-Эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдийнхээ эрхийг зөрчих, тэжээн тэтгэхээс татгалзах тохиолдол гардаг байх. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Тухайн хүүхдийн мөнгийг барьцаалж зээл олгохгүй, зээл суутгахгүй гэдэг өөрчлөлт орсон. Аливаа дүрэм,журам хэрэгжиж байгаа эсэх асуудлаар мэргэжлийн хяналтад гомдол гаргах боломжтой. 2021 онд хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой 871 өргөдөл гомдол хүлээж авсан. 483-ыг нь шуурхай шийдэн, бусад өргөдөл дээр ажиллаж байна. Эдгээрээс 131 тохиолдолд эцэг, эх нь сураггүй алга болсон, 214 эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдийнхээ эрхийг зөрчсөн, 520 нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй зэрэг шалтгаантай байсан.
2022 онд 338 өргөдөл ирсэн. 220 өргөдөл гомдлыг шийдээд, 116-г нь яг ордоо судалж байна. Энэ бол бидэнд мэдэгдэж байгаа тоо. Үүнээс гадна маш олон эцэг эх, асран хамгаалагч хүүхдээ орхиж явсан ч хүүхдийнхээ мөнгийг авдаг тохиолдол байна.
Сэтгэгдэл ( 0 )