"Цаатан" гутлын дэлгүүр худалдан авагчдынхаа дундаас азтан шалгарууллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 25

Годон гутлын худалдааны томоохон сүлжээ дэлгүүр болох "Цаатан" дэлгүүр худалдан авагчдынхаа дундаас гурван супер азтан шалгарууллаа. 

Тодруулбал, Өнгөрсөн арваннэгдүгээр дүгээр сараас энэ оны гуравдугаар сарын хооронд гутал худалдан авсан иргэддээ сугалаа олгож, азтан шалгаруулсан юм. Ингэхдээ Үйлчлүүлэгчдээ гутал худалдан авсан сараар нь ангилан сар тус бүрээс 25 үйлчлүүлэгчийг шалгаруулжээ. Ийн шалгарсан 125 хүнээс гурван супер азтан шалгаруулж, автомашин, мотоцикл, хүссэн нэг гутлаа авах эрх бэлэглэлээ. 

"Цаатан" годон гутлын дэлгүүрийн хамт олон дээрх сугалаат худалдааг жил бүр уламжлал болгон зохиодог бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд хэд хэдэн ажлыг хийжээ. Тухайлбал, Цар тахлын үед хүнд нөхцөлд ажиллаж байсан ХӨСҮТ-ийн эмч, ажилчдад годон гутал бэлэглэж байжээ. Мөн Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт нярайн зүрхний аппарат бэлэглэж байсан ч удаатай аж. 

Сугалааг шударга явуулах үүднээс азтан шалгаруулахдаа сугалаанд оролцож буй үйлчлүүлэгчдээ биечлэн ирэхийг шаардаж, ирсэн хүмүүсийн дундаас супер гурван азтанаа шалгаруулсан талаар зохион байгуулагчдын зүгээс онцолж байсан юм. 

Сугалааны эхэнд хүссэн годон гутлаа авах эрхийн азтан шалгаруулав. Энэ эрхийг Хөвсгөл аймгийн Тариат сумын иргэн П.Батжаргал авлаа. Тэрбээр одоогоор Тариат сумандаа байгаа тул түүнийг төлөөлөн найз нь ирж бэлгийг нь авсан юм. 

Харин үүний дараа мотоциклын азтанг шалгаруулахад мөн л хөдөө орон нутгаас тодорлоо. Азтай бүсгүйг Б.Болортунгалаг гэдэг. Тэрбээр Дорнод аймгийн Гурванзагал сумын малчин аж. Мөн л орон нутагтаа байгаа тул түүнийг төлөөлөн найз нь ирсэн юм. 

Сугалааны супер хонжвор болох "Subaru" маркийн автомашины эзнээр ээждээ гутал авч өгсөн Өмнөговь аймгийн залуу Н.Мөнхжаргал тодров. Тэрбээр шагналаа эхнэрийн хамт баяртайгаар гардан авлаа. 

Автомашины эзэн болсон талаар түүний сэтгэгдлийг сонсоход "Би өнгөрсөн 12 дугаар сард ээждээ гутал авч өгсөн юм. Тэр үед дөрвөн сугалаа аваад өнөөдөр азтан боллоо.

Ээж маань жил жилийн өвөлд годон гутал өмсдөг. Энэ өвөл гутал нь муудчихсан гэхээр нь хот орж ирэхэд нь шинэ гутал авч өгсөн юм. Ээж өмнө нь “Цаатан” годон гутлын дэлгүүрээс гурван ч удаа гутлаа авч байсан.

Би өмнө нь сугалаанд оролцож байгаагүй л дээ. Анх удаагаа сугалаанд ороод супер азтан болсондоо маш их баяртай байна. Энэ сугалаанд оролцсон хүмүүс өөрсдөө биечлэн ирж, оролцдог учраас шударга явагддаг юм байна. “Цаатан” дэлгүүрийг сонгож үйлчлүүлдэг маш олон хүн байдаг юм билээ. Ээж бид хоёрыг очиж гутал авахад дэлгүүр нь маш олон үйлчлүүлэгчтэй байсан. Тийм болохоор дөрөвхөн сугалаатай юм чинь азтан болохгүй байх гэж бодож байсан. Харин шилдэг 125 хүнд шалгарсан байна гэж холбогдоход нэлээд итгэл төрж, баярласан" хэмээн ярьсан юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top