Б.Даваасүрэн: LRT бол түгжрэл бууруулах гол шийдэл

2022 оны 04 сарын 26

“Нийслэл Улаанбаатар хотод жил тутамд 70-80 мянгаар өсөн нэмэгдэж буй автомашинтай уралдаж зам тавин түгжрэлийг бууруулах боломж үнэндээ байхгүй. Автобус, троллейбусыг хэдэн арваар нь худалдан аваад ч иргэдийг машинаас татгалзуулж чадахгүй. Тиймээс л масс транзит тээвэр буюу хөнгөн галт тэрэг LRT нь түгжрэл бууруулах гол шийдэл болж байгаа. Улаанбаатар хотын тухайд энэхүү хөнгөн галт тэргийг гүүрэн тулгууртай байх нь илүү оновчтой гэж тооцоолсон юм” хэмээн Гүүрэн тулгуурт хөнгөн галт тэрэгний ТЭЗҮ боловсруулах судалгааны багийн ахлагч, зөвлөх эдийн засагч Б.Даваасүрэн ярилаа. Түүнтэй ярилцсанаа хүргэе.


-LRT буюу хөнгөн галт тэрэгний төсөл Улаанбаатар хотод хэр хэрэгцээ, шаардлагатай вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

-LRT төслийн ТЭЗҮ судалгааны багийг ахалж ажилласан хүний хувьд, мөн хотын иргэний хувьд хэлэхэд энэ төсөл маш чухал ач холбогдолтой. Улаанбаатар хотод төвлөрөл, түгжрэл тулгамдсан асуудал болсон. Мөн шинэ дэд төвүүд, дагуул, хаяа хотуудыг холбох хэрэгцээ, шаардлага ч тулгарч байна. Энэ нөхцөлд их багтаамжтай тээврийн хэрэгсэл ашиглахгүй, хуучин шигээ автобус, хувийн машинаар тээврийн хэрэгцээгээ хангах боломжгүй. Тиймээс тээврийн тогтолцоонд том өөрчлөлт гаргах шаардлагатай байна. Манай улсад  хамгийн тохиромжтой, олон хүн багтаах тээврийн хэрэгсэл бол LRT  буюу хөнгөн галт тэрэг. LRT-г нэвтрүүлэхээс гадна бүх төрлийн тээврийн хэрэгслийн зохион байгуулалтыг шинэчлэн, шинэ тогтолцоогоор явах хэрэгтэй. Маш олон жилийн турш, хэд хэдэн төрлийн тээврийн хэрэгслийг судалсны эцэст LRT буюу хөнгөн галт тэргийг сонгосон.

-Улаанбаатар хотод LRT  биш, метро л тохиромжтой гэж үзэх хүмүүс бий. Нөгөө талаас иргэдийн дунд LRT нөгөө л метро шиг замхрах вий гэсэн болгоомжлол байна. Ер нь яагаад заавал LRT гэж. LRT метроноос ямар давуу талтай вэ?

-Өнгөрсөн жилүүдэд метро, дүүжин тээвэр, MRT, тусгай зориулалтын автобус, LRT гэх мэт олон судалгаа хийгдсэн. Мэдээж олон асуудлыг судалж, харьцуулж байж зөв шийд гарна. Эдгээр судалгааны үр дүнд нийтийн тээврийн даацтай, том өөрчлөлтийн эхлэлийг LRT буюу хөнгөн галт тэрэг тавьж чадах юм байна гэж үзсэн. Үүнд хэд хэдэн үндэслэл бий. Нэгдүгээрт, өртгийн хувьд метроны нэг км замд 150 сая ам.доллароос багагүй хөрөнгө зарна. Газар зүйн байрлал, хэр гүн тавихаас хамаараад энэ үнэ нэмэгдэнэ. Тэгэхээр метро бол манай өнөөдрийн эдийн засагт тохиромжгүй.

Мөн дэлхийн хандлагыг харах хэрэгтэй. Дэлхийн хотууд гурван саяас дээш хүн амтай болсон үед метро барьдаг. 1.5 сая хүнтэй Улаанбаатар хотод одоо метро барих нь тохиромжтой биш. Метро, LRT бол агуулгын хувьд ойролцоо, аль аль нь ямар ч саадгүй, тогтоосон хуваарийн дагуу иргэдэд үйлчилнэ. Нэг удаадаа 600-700 хүн зөөж, 2-3 минутын хугацаатай явна гэдэг бол унаа хүлээх, түгжрэх асуудал байхгүй болно гэсэн үг. Хүн хоёр цаг түгжрэх үү, 30 минутад тухайн газраа очоод, ажлаа амжуулах уу гэдэг нь тодорхой шүү дээ. LRT нь метроноос ялгарах зүйлгүй, тохилог, осол аваар гарахгүйгээс гадна эдийн засгийн хувьд ч олон давуу талыг олгож байгаа. LRT-гийн буудлууд байгуулна. Буудлуудыг дагаад эдийн засаг, бизнесийн орчин бүрдэх боломжтой. ТЭЗҮ-д үндсэн буудлыг төлөвлөхөөс гадна тээврийн маршрутыг сайн суулгаж өгсөн. Нийтийн тээврийн зохион байгуулалтыг хэрхэн өөрчлөх ерөнхий дүр зураг ч эндээс гарна.

-Бусад улс оронд хямд зардлаар боссон хөнгөн галт тэрэг яагаад Улаанбаатарт өндөр үнээр босох тооцоо гарав гэх асуудал хөндөгдөж байна. Тус төслийн өртөг, зардлын тооцоог танилцуулаач?

-Нийслэлийн Засаг даргын орлогчоор ахлуулсан Ажлын хэсэгт гадаад, дотоодын 110 инженер мэргэжилтэн 40 гаруй хоногт хамтарч ажиллаж, хөнгөн галт тэрэгний ТЭЗҮ-ийг  боловсруулж дууссан.  Хөнгөн галт тэрэг барих, түүний ТЭЗҮ боловсруулах ажлыг анх удаа хийж буй хэрэг биш юм. 2010 онд БНСУ-ын компани анх LRT хөнгөн галт тэрэгний ТЭЗҮ боловсруулахдаа нэг км замыг 56 сая ам.доллароор тооцсон байдаг. Дараа нь ЖАЙКА олон улсын байгууллага метроны төслийг боловсруулахдаа км замыг 118 сая ам.доллароор барина гэсэн тооцоолол гаргажээ. Гадаад, дотоодын зарим инженерийн тооцооллоор LRT км тутамдаа 73 сая ам.долларын өртөгтэй гарсан нь ч бий. Одоогийн ТЭЗҮ-д тусгасан км тутмын өртгийг өндөр байна гэж ярьж буй хүн байна. Ер нь бол төслийн өртгийг км-ээр тооцно гэдэг өрөөсгөл ойлголт. Харьцангуй ойлголт шүү дээ. Хот төлөвлөлт муутай, дэд бүтэц хийгдээгүй газарт LRT хөнгөн галт тэрэгний өртөг хямд гарна. Саяхан Вьетнам улс хөнгөн галт тэрэгтэй боллоо гэж мэдээлсэн. Тэрхүү галт тэрэгний өртөг 830 сая ам.доллароор хийгдсэн байдаг. 13 км замыг барихын тулд зөвхөн газар чөлөөлөлт болоод хот төлөвлөлтөд 200 сая гаруй ам.доллар зарцуулсан. Вьетнамд бүх газраа өмчилчихсөн байдгаас замын хажуугийн газрыг чөлөөлөхөд асар их зардал гарсан гэдэг. Яг үүн шиг манай Улаанбаатарт ч олон төрлийн зардал гарна. 15 буудал бүхий  18.1 км зам барихын тулд 926 сая ам.доллар зарцуулах тооцоолол бүхий төсөл. Газар чөлөөлөх зардлаас гадна өндөр хүчдэлийн шугам чөлөөлөх, зам өргөтгөх гэхчлэн бүх зардал багтаад 926 сая ам.доллар болж байгаа юм. Дээрээс нь магадлашгүй ажлын зардалд түүхий эдийн үнэ өсөх, валютын ханшийн өөрчлөлтийг ч багтаасан.

-18.1 км зам тавихын тулд чөлөөлөх шаардлагатай газрыг хэрхэн тусгасан бэ?

-Нийтдээ 700 гаруй нэгж газрыг чөлөөлөхөөр тусгасан. Нисэх, “Буянт-Ухаа 2”  хороолол орчимд 110 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах юм. Тэнд метроны депо, томоохон худалдааны төвүүд, 25 мянган  автомашины зогсоол барина. Өмнөговь, Дундговиос орж ирж бараа тээвэрлэдэг автомашинууд тухайн орчноосоо бараагаа татаж аваад буцах, эсвэл тэндээ машинаа тавьчихаад метронд суугаад хотын төв рүү орох байдлаар тооцоолсон. Түүнчлэн Хөшигийн хөндий зүгт явдаг автобус метроны депо орчимд зорчигчдоо сэлгэх боломж бүрдэнэ. Шинэ Яармаг хороолол баригдаад дуусах үед зорчигч хөдөлгөөний эрчим нэмэгдэнэ.

-LRT хөнгөн галт тэрэгний үр ашгийн тооцоог хэрхэн гарсан бэ. Хөрөнгө оруулалтаа хэрхэн нөхөх вэ?

-Бид 2050 он хүртэлх судалгааг гаргасан. LRT хөнгөн галт тэрэгний төсөл бол арилжааны төсөл биш гэдгийг энд онцолъё. Ямар ч улс оронд нийтийн тээврийн төсөл арилжааны төсөлд ордоггүй. Тиймээс энэхүү төсөл нь нийгэм, эдийн засагт ямар нөлөөтэй вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Бидний судалсан маршрутын дагуу иргэд өдөрт 2.5 цагийг түгжрэлд өнгөрөөж байгаа. Үүнийг жилд дундажлаад тооцвол, иргэн 35 хоногийг машин дотроо өнгөрөөж байна. Дундаж наслалт 72 гэж тооцвол түүнийхээ 6.5 жилийн түгжрэлд өнгөрөөхөөр харагдаж байгаа юм.

Дээрээс нь хөдөлмөрийн бүтээмжийг харах нь зүйтэй. Нэг хүн 2.5 цагт 20.400 төгрөгийн бүтээмж алдаж байна гэсэн үг. Энэ маршрутын дагуу хувийн машин болоод нийтийн тээврээр зорчигчдын тоогоор үржүүлбэл, жилд 2.4 их наяд төгрөгийн эдийн засгийн хохирол амсаж байна гэсэн тооцоо гарсан. Автомашины түгжрэлд зогсохдоо шатааж  буй шатахууныг 2.5 мотортой машинаар дундажлаад тооцвол 3.46 литр бензин зарцуулж байгаа. Энэ нь 8400 төгрөг, жилийн турш 440 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирч буй юм. Жилд гурван их наяд гаруй төгрөгийн бодит хохирлоос гадна хүмүүсийн бухимдал, байгаль орчинд үзүүлэх сөрөг үр дагавар гээд бүгдийг ТЭЗҮ-д тооцож суулгасан.

-Хөнгөн галт тэрэг нэвтэрснээр түгжрэлийг хэдэн хувиар бууруулах вэ?

-Түгжрэлийг 25 хувиар бууруулна гэж тооцож байгаа.  18.1 км үргэлжлэх  маршрут нь “Буянт-Ухаа-2”-оос эхлээд Яармаг, Мишээл экспо, Ажилчдын ордон, Гэгээнтэн, И-март, Цэцэрлэгт хүрээлэн, Дүнжингарав, 13 дугаар хороолол, Зүүн 4 замаар дайран  Сансарын тойрог хүрэх хамгийн эрчим өндөртэй газруудыг дайрахаар төлөвлөсөн.

-LRT хөнгөн галт тэрэгний шугамын суурь бүтэц, галт тэрэгний насжилтын хувьд тооцоолол хийсэн үү?

-Ер нь бол 30 жил ашиглана гэж тооцоолж байгаа. Урт хугацаанд ашиглагдах учир хөрөнгө оруулалтын зардал харьцангуй өндөр байх талтай. Цаашилбал, төсөл хэрэгжсэнээс хойш 15-16 дахь жилээсээ шууд үр ашиг өгч эхэлнэ. Суурь дэд бүтэц, тулгуурт гүүр, төмөр замын тухайд 50-100 жилийн насжилттай гэсэн үг. Хөдлөх бүрэлдэхүүний хувьд 30 жилийн насжилттай. Тэгэхээр энэ бол 21 дүгээр зуунд Улаанбаатар хотын хөгжлийг тодорхойлно гэсэн үг.

-Төсвийн байнгын хорооноос тодотголд оруулах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлт хэр үндэслэлтэй вэ. Төсвийн байнгын хороо төсөлтэй  хэр сайн танилцаж чадсан бол?

-Улаанбаатар хотод хөгжлийн асуудал тулгамдаж байгаа энэ үед харамсалтай л санагдаж байна. Гэхдээ ойлголцолд хүрэх болов уу. Төсөлтэй нарийн сайн танилцаж, УИХ-ын гишүүдийн саналыг сонсон шийдвэр гаргах хэрэгтэй. Өр зээл ихтэй байгаа үед хөрөнгө мөнгө их зарцуулах нь хүндрэлтэй ч улс оронд тулгамдаж буй хөгжлийн асуудлыг хойш тавьж болохгүй. Учир нь  Улаанбаатар хотын нэг ч болов асуудлыг шийдсэнээр хотын хөгжлийн эрчимжилт улсын эдийн засагт хувь нэмрээ оруулах болно.

Манайд “Оюутолгой”, “Тавантолгой” гэх мэт томоохон төслүүд хэрэгждэг. Улс орны хамгийн гол зорилго бол иргэдээ эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдруулах байдаг. Тийм болохоор тэр олж байгаа орлогоо яагаад иргэддээ зориулж, нэг халааснаас нөгөө рүүгээ шилжүүлж болохгүй гэж. Хамгийн гол зорилго бол иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулах биз дээ. Үүнээс хойш сууж, хөрөнгө мөнгө харамлаж суумааргүй санагдаж байна.

-Төсөл хэрэгжихгүй цаг алдсанаас үүдэн ажил товлосон хугацаанаасаа хожимдохоос гадна  өөр ямар сөрөг үр дагавар гарах вэ?

-Товлосон хугацаанаасаа хожимдох бол мэдээж хамгийн наад захын асуудал. Түүнээс гадна LRT төсөл дээр Хятадын зүгээс хамтран ажиллахдаа нааштай хандах магадлалтай байгаа.  Тиймээс хоёр хөрштэйгөө харилцахдаа сэтгэл хөдлөл, олон нийтийн хандлагаар  бус нарийн тооцоололд тулгуурлаж  нухацтай хандах хэрэгтэй.

 

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ӨВГӨН(124.158.65.121) 2022 оны 04 сарын 27

Зайлбаргүй хийх ажил, эхлэх үйл шүү дээ. Өнөөдөрөөр бүгдийг харж ирээдүйгээ хохироож болохгүй л байх. Төслийн баг сайн ажиллахад үр дүн хурдан гарна гэж бодоод байгаа. Мэргэн уншигчид, тооцоог шүүмжлэн мэтгэлзэгч Мэргэд мэдсү

0  |  0
ӨВГӨН(124.158.65.121) 2022 оны 04 сарын 27

Даваасүрэн нарын боловсруулсан энэ ТЭЗҮ-г мэргэжлийн хүний нүдээр харахад техник, технологи, нийгэм-эдийн засаг, хүрээлэн буй орчны хүчин зүйлсийг маш сайн харгалзан тооцсон, мэргэжлийн багийн сайн ажил болсон байна. Эсэргүүцээд байгаа хүмүүсийг бас ойлгох учиртай. Тэд хамгийн гол нь Хөрөнгө оруулалтын зардалд санаа зовоод байгаа юм шиг байна. \n

0  |  0
ӨВГӨН(124.158.65.121) 2022 оны 04 сарын 27

Даваасүрэнг ямар мэргэжилтэй хаанахын хүн бэ? гээд байна. Би мэдэх учир хариулья. 1979 онд МУИС-ийн Политехникийн дээд сургуулийг Аж үйлдвэрийн инженер- эдийн засагч мэргэжлээр төгссөн. Хожим нь Бүгд найрамдах Болгар улсад суралцан докторын зэрэг хамгаалсан. ШУТИС-д бүрэлдэхүүн сургуулийн захирал, МУИС-т санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд захирал хийж байсан. Одоо Улаанбаатар-Эрдэм Оюу их сургуулийн Ахисан түвшний хөтөлбөр хариуцсан захирал хийдэг хүн. Монгол улсын хөгжлийн үзэл баримтлал боловсруулахад оролцсон, туршлагатай, манай тэргүүлэх эрдэмтдийн нэг л дээ. \n

0  |  0
Туршлага(202.21.114.139) 2022 оны 04 сарын 27

Хөрөнгө мөнгө хязгаартай... дарааллын дагуу эхлээд Дархан УБ замаа дуусгая...дараа нь эхлээд турш...

0  |  0
Зочин(203.217.139.240) 2022 оны 04 сарын 27

Машинтай хүмүүс машинаа л унах зорилготой болно. Хэзээ ч нийтийн тээврээр явахгүй шүү дээ . Гэхдээ турших хэрэгтэй ялангуяа хот Ниэх Яармагийн хооронд

0  |  0
зочин(66.181.191.207) 2022 оны 04 сарын 27

Энэ төсөл ямар ч хэрэггүй галт тэрэг явсан ч яваагүй ч хүмүүс машинаа унасаар л байх болно. Ийм хүнд үед юуугаа яриад байгаа амитад вэ?

0  |  0
ЗОЧИН (202.55.191.194) 2022 оны 04 сарын 27

МОНГОЛД ӨРТӨГ НЬ ДЭЛХИТЙД БАЙХГҮЙ ӨНДӨР ГАРААД БАЙДАГ НЬ СОНИН ШҮҮ

0  |  0
дамчаа(103.57.94.203) 2022 оны 04 сарын 26

ийм ажлыг бөх, эдийн засагч ахалж хийдэггүй, инженер, архитекторуудын баг хийх ёстой.

0  |  0
Шийдэх арга(192.82.84.12) 2022 оны 04 сарын 26

Ийм өндөр өртөгтэй онц ач холбогдолгүй зүйлд хөрөнгө мөнгө гаргах шаардлага байхгүй. Улаанбаатар хотыг түгжрэлгүй болгох цор ганцхан л арга бий. Элдэв хэрэггүй юманд хөрөнгө оруулалт нэрээр цацах гэж өндөр хүүтэй зээлж өр ширэнд баригдаж байгаа олон тэрбум долларынхаа өчүүхэн хэсгээр иргэдийнхээ оршин суугаа хороолол бүрд өөр тийш хүүхдээ зөөх шаардлагагүй болтол нь сургууль цэцэрлэгээ л барь. Шинээр барилга барих газаргүй байгаа бол тэр хавьд нь байгаа байр савыг улс худалдаж ав. Их мөнгө орохгүй. Ингээд л түгжрэлээс шийд. Өөр арга байхгүй.

0  |  0
зочин (43.228.130.188) 2022 оны 04 сарын 26

сумьяабазар дундаас нь Банкаа босгох мөнгө шаах санаатай болтой .... LRT төсөл бол дандаа ашиггүй байсан төсөл хэзээ ч өртөгөө нөхдөггүй

0  |  0
зочин (43.228.130.188) 2022 оны 04 сарын 26

Энэ нөхөрт эдийн засагчийн сэтгэл огт алга,,,үүний оронд Хотын дундуур явсан төмөр зам, ба Туулын гол дээгүүр 20 гүүр бариад Шинэ нисэхийн тэнд шинэ хотын Дэд төвийг байгуулахад LRT -ийн зардлааас 5 дахин бага зардал гарна... УБ-ын түгжрэл үндсэндээ шийдэгдэнэ... \n

0  |  0
Хотын иргэн (150.129.140.126) 2022 оны 04 сарын 26

Буруу, ашиггүй хөрөнгө оруулалтыг ийм хэцүү үед зээл авч хүчээр хэрэгжүүлэх гээд байгааг учир юу вэ?Одоо бидэнд валютын орлого олдог мега төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй болохоос валют байтугай төгрөг ч олдоггүй ажил хэнд хэрэгтэй юм бол? Түгжрэлийг бууруулах маш олон арга байгаа.

0  |  0
Зочин(202.9.46.177) 2022 оны 04 сарын 26

Энэ бол зоригтой эхлүүлэх бүтээн байгуулалт.ТЭЗҮ -ийн багийн ахлагчаар Даваасүрэн ажилласан нь зөв байлаа.Юмыг олон талаас хардаг хүн байна лээ..МУИС- ийн дэд захирал байсан санагдана.

0  |  0
содов(103.57.94.203) 2022 оны 04 сарын 27

энэ хүн ямар мэрэгжилтэй, хаана юу хийж байсан хүн вэ?

1  |  1
Top