[БИДНИЙ НЭГ] Сонирхлоо дагасан шивээсчин бүсгүй ТӨМӨР НАР

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 02

"Биеэрээ битүү шивээстэй байлаа гээд муу хүн болчихгүй шүү дээ" хэмээн ярих энэ бүсгүйг Төмөр-Очирын Наранцацрал гэдэг. Тэрбээр холбооны инженер мэргэжилтэй ч сонирхлоо дагаж, 12 жилийн турш шивээс хийж байна.

Шивээс сонирхдог залуус түүнийг "Төмөр нар" гэх нэрээр илүү сайн мэднэ. Энэ нь аавынх нь нэрний эхний үе, өөрийнх нь нэрний эхний үе. Ийн нэрлэх болсны учрыг тэрбээр "Фэйсбүүк хаяг нээхэд нэр маань хэтэрхий урт санагдаад товчилчихсон. Түүнээс хойш нэг л мэдэхэд хүмүүс "Төмөр нар" гэж дууддаг болчихсон байсан" гэж тайлбарласан юм.

Төмөр нар багаасаа шивээстэй холбоотой клип, кино телевизээр гарахаар нүд салгахгүй шимтэн үзэж, сонирхдог байжээ.

Зургадугаар ангид байхдаа шивээс хийлгэх талаар ээжтэйгээ ярилцахад зөвшөөрөөгүй гэнэ. Гэсэн ч түүнээс хойш байнга сануулж, дахин дахин гуйсаар 18 нас хүрээд анхны шивээсээ хийлгэжээ. 

"Тухайн үед шивээстэй болно гэдэг л надад хамгийн сайхан байсан учраас өвдөлтийг нь ерөөсөө санадаггүй юм" хэмээн анх хийлгэсэн соёмботой шивээснийхээ талаар дурсан ярилаа.  

ВИДЕО ҮЗЭХ
 


Төмөр нар их сургуулиа төгсөөд шууд л шивээс хийж эхэлжээ. Дөрвөн жил сурсан мэргэжлээрээ ажиллахгүй, шивээс хийнэ гэхэд гэрийнхэн нь дурамжхан хүлээж авч байсан ч одоо түүний хамгийн сайн дэмжигч нь болсон гэнэ. Энэ тухайгаа тэрбээр "Дөрвөн жил мөнгө, цагаа үрж сурсан мэргэжлээрээ ажиллахгүй гэхээр аав, ээж маань мэдээж дургүй байх нь зөв. Гэхдээ бид сайн ярилцсаны эцэст хүссэнээ хийхийг минь зөвшөөрсөн. Энэ ажлаа санааг нь зовоохгүй, биеэ даагаад хийчихдэг болохоор одоо хүлээн зөвшөөрчихсөн. Аав маань бүр хэрэгтэй зүйл байвал хэлээрэй гээд маш их тусалдаг болсон" гэлээ.  

Өнөөгийн нийгэмд хүмүүсийн гаргадаг маш олон буруу хандлага байгаа ч Төмөр нар нэг л зүйлийг илүү өөрчлөхийг хүсэж байгаа. Тэр нь шивээстэй хүнийг "муу хүн" гэж хардаг хандлага.

Тэр "Манай Монголд ажилд орох гэхээр шивээс нь хүний өмнөөс ажил хийдэг юм шиг шивээстэй хүн авахгүй гэх хандлагатай байдаг. Шивээс хийлгэнэ гэдэг бол зүгээр л тухайн хүн өөртөө үлдээмээр байгаа зүйлээ арьсан дээрээ буулгаж байгааг хэлнэ. Тэгэхээр хүний үзэл бодлыг хүндэтгэж, зөвөөр хүлээж авах хэрэгтэй" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.57.95.193) 2022 оны 05 сарын 02

natsist yum uu ene

0  |  0
Top