Дэлхийн эдийн засаг “муудна” гэсэн хүлээлт газрын тосны үнийг хазаарлах төлөвтэй

2022 оны 05 сарын 09

Oilprice.com-ийн мэдээллээр дэлхийн зах зээл дээр Брэнт төрлийн цэвэр тосны үнэ баррель нь 113.2 ам.доллар, WTI тосны үнэ 110.4 ам.долларын үнэтэй байна.

“Reuters”-ын мэдээллээр, ОХУ, Украины нөхцөл байдал болоод цар тахлын тархалтыг дахин алдахгүй  гэсэн БНХАУ-ын хорио цээрийн чангаралттай холбоотойгоор дэлхийн эдийн засгийн өсөлт буурна гэсэн хүлээлт зах зээлд давамгайлж байна. Тэрдундаа дэлхийн эдийн засгийн бууралтыг даган газрын тосны эрэлт хумигдсанаар, үнэ нь буурна гэсэн хүлээлт Азийн зах зээлд давамгайлах хандлагатай байна гэж мэдээллээ. Мөн нөгөө талд ОХУ-д тавих ээлжит хоригуудын талаар Европын холбоо хэлэлцэж буй нь зах зээлд оролцогчдын анхаарлыг татаж байна. “CMC Markets”-ийн зүгээс мөн глобаль эдийн засгийн бууралт болон БНХАУ-ын хорио цээрийн асуудал газрын тосны эрэлтэд нөлөөллөө үзүүлэх талаар байр суурь илэрхийлээд байна.

Ерөнхийдөө гадаад зах зээлийн нөхцөл байдлыг аваад үзэхэд, газрын тосны хэрэглээгээ тогтвортой байлгах, үнийг бууруулахын тулд улс орнууд стратегийн нөөцөөсөө хэрэглэх шийдэлд хүрсэн. Тодруулбал, Олон улсын эрчим хүчний агентлагийн гишүүн орнууд олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны зах зээлийн үнэ ханшийг тогтворжуулах, эрчим хүчний зах зээл дэх тасалдлыг нөхөхийн тулд стратегийн нөөцөө ашиглаж байна.  Гишүүн орнуудын зөвлөлдөх уулзалтаар нийт 120 сая баррель газрын тос гаргахаар өнгөрсөн сард шийдвэрлэсэн.

Үүний 50 хувь буюу 60 сая баррель газрын тосыг АНУ,  Япон улсууд гаргах бол  БНСУ 7.23 сая баррель газрын тос гаргахаар шийдвэрлэсэн юм. АНУ стратегийн нөөцөөсөө  нэг өдөрт  1 сая баррель газрын тос зах зээлд нийлүүлэхээ мэдэгдсэн нь тус улсын газрын тосны стратегийн нөөцийг 1984 оноос хойших 40 жилийн хугацаанд түүхэн доод хэмжээнд хүргэх шийдвэр юм.

Ерөнхийдөө дэлхийн зах зээл дээр газрын тосны үнийн өсөлтийн эрчим багагүй хугацаанд хадгалагдах төлөвтэй байгааг шинжээчид хэлж буй. Гадаад зах зээлээс шатахуунаа импортлон авдаг манай тухайд үнийн өсөлт хадгалагдах хугацаа уртсах тусам сөрөг нөлөөлөл дагуулна.

Гэхдээ ирэх зургаадугаар сарыг дуусталх хугацаанд АИ-92 автобензиний үнэ одоогийн 2390 гэсэн үнэ дээрээ байх төлөвтэй гэж УУХҮЯ-наас мэдэгдээд байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайд О.Батнайрамдал дөрөвдүгээр сарын сүүлээр ОХУ-д ажилласан талаараа өнгөрсөн долоо хоногт /2022.05.03/ мэдээлэл хийсэн. Мэдээллийн хүрээнд,  ОХУ-д ажиллахдаа хийсэн хэлцлүүд болоод  салбарын нөхцөл байдлын талаар мэдээлсэн юм.

ОХУ-ын холбогдох албаныхантай хийсэн уулзалтын үеэр тус улсаас Монгол Улсад  нийлүүлэх түлш, шатахууны үнэд хөнгөлөлт үзүүлэх боломж болон түлш, шатахууны төлбөрийг хийх нөхцөлийн талаар санал солилцсон.  Энэ хүрээнд манай талаас дэвшүүлсэн тодорхой саналуудыг "Роснефть" компани судалж, ойрын хугацаанд хариу өгөхөө мэдэгдсэнийг хэлсэн.

Тодотгоход, Монгол Улсын Засгийн газар АИ-92 автобензиний үнийн өсөлттэй холбоотой Гаалийн албан татварыг  2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн он дуустал ТЭГЛЭХ шийдвэр гаргасан.

Онцгой албан татварыг 2018 оноос эхлэн ТЭГЛЭСЭН нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй. УУХҮ-ийн сайд Г.Ёндон гуравдугаар сард “Роснефть” компанитай хэлцэл хийсний үр дүнд АИ-92 автобензиний үнэ тонн тутамд 1110 ам.доллароос буурч, манай улс тонныг нь 840 ам.доллараар худалдан авч, импортолж байна.

Хэрэв Онцгой албан татвар болон Гаалийн албан татварыг тэглээгүй бол, мөн Роснефть компанитай хэлцэл хийхгүйгээр Сингапурын биржийн дөрөвдүгээр сарын газрын тосны бүтээгдэхүүний үнийн дундаж үнээр борлуулвал өнөөдөр АИ-92 автобензин литр нь 3330 төгрөгт хүрэх байсан.

Харин дээрх арга хэмжээний үр дүнд литр тутамд нэмэгдэх байсан нийт 940 төгрөгийн өсөлтөөс сэргийлж, ойрын гурван сард үнэ тогтвортой байх боломжийг бүрдүүлсэн гэсэн мэдээллийг УУХҮЯ-наас өгч буй юм.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотод АИ-92 автобензиний жижиглэнгийн үнэ 2390 төгрөг байгаа. Дэд сайдын хэлж буйгаар “Роснефть”-тэй хийсэн хэлцлийн хүрээнд АИ-92 автобензиний үнийг зургадугаар сар хүртэл энэ хэмжээнд барих нөхцөл бүрдэж буй аж. 

Мөн тэрбээр “Роснефть”-ийн удирдлагуудтай хийсэн энэ удаагийн уулзалтаар АИ-92 автобензинээс гадна дизелийн түлшийг хямдралтай үнээр авах санал тавьснаа хэлсэн.  Засгийн газраас уул уурхай, газар тариалан, бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл эхлэх энэ үед дизель түлшний үнийг өнөөгийн түвшинд тогтвортой хадгалах, хангамжийг тогтвортой байлгах хүрээнд дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бууруулж, тонн нь “O” төгрөг болгосон.

Дөрөвдүгээр сард дизель түлшний үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдсэн. Гэхдээ Онцгой албан татварыг тэглэхгүйгээр Сингапурын бирж дэх үнээр борлуулсан бол 3714 төгрөгт хүрэх байжээ. Харин Онцгой албан татварыг  нь тэглэснээр дизель түлшний үнийг литр тутамд 235 төгрөгийн өсөлтөөс сэргийлсэн гэж мэдээллийг салбар яамнаас өгч буй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top