"Цэцэрлэг барих газарт 16 давхар орон сууц барьж байна"

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 09

Цэцэрлэгийн газраа булаалгасан гэх 1000 хүүхдийн эцэг, эхийн төлөөлөл суулт зарлах талаар өнөөдөр мэдээллээ. (2022.05.09)


Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 9-р хороонд 3300 орчим хүүхэд амьдардаг ч цэцэрлэгийн хүртээмж маш муу байгаа аж. Гэтэл цэцэрлэг барихаар төлөвлөсөн талбайд 130 айлын 16 давхар орон сууц барихаар төлөвлөж, барилгын суурийг цутгаж эхэлжээ. Улмаар эцэг, эхчүүдийн төлөөлөл энэ асуудлыг шийдэхгүй бол суулт зарлахаа мэдэгдлээ. 

Эцэг, эхчүүдийн төлөөлөл "Сүхбаатар дүүргийн 9-р хороонд сургуулийн өмнөх боловсролын буюу 0-5 насны 3300 орчим хүүхэд амьдарч байгаа. Гэтэл улсын хэмжээний ганц ч цэцэрлэг байдаггүй. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүүхдийн суурь боловсролыг үнэ төлбөргүй эзэмших эрхийг ноцтойгоор зөрчиж байна. 

Тус хороонд улсын цэцэрлэг байхгүй учир бусад цэцэрлэг харьяаллын бус гээд авахгүй. Боломжтой нь төлбөртэй цэцэрлэгт өгч, боломжгүй нь ажил хийхгүй гэртээ хүүхдээ асарч байна. Нөгөө талаас хүүхэд цэцэрлэгт хамрагдаагүй учир сургуульд ороход бэлэн бус байна. Цэцэрлэгт явсан, яваагүй хүүхдийн ялгаа маш их. 

9-р хорооны удирдлагууд "Цэцэрлэг барих газар байхгүй" гэдэг. Тус хорооны нутаг дэвсгэрт байрлах 293 дугаар байрны хойно цэцэрлэг, эмнэлэг барина гээд зураг үзүүлж байсан. Гэтэл өнөөдөр тэр жижигхэн талбайд 130 айлын 16 давхар орон сууц барихаар суурийг нь цутгаж эхэлсэн байна.

Энэ хороонд оршин суудаг эцэг, эхчүүдийн төлөөлөл болох 1000 гаруй хүний гарын үсгийг цуглуулсан байгаа. Хэрэв хотын дарга цэцэрлэг барьж өгөхгүй бол бид дараагийн арга хэмжээ  буюу суулт зарлахаа мэдэгдэж байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top