-Эхнэр бид хоёр хоёулаа халамж авдаг. Гэхдээ зүгээр суухгүйгээр мөнгөний гахай хийдэг юм. Одоо цагт дан ганц халамж хараад суудаг хүн ховор байх. Архи уудаг хүн хүртэл уух архиныхаа мөнгийг олохын тулд хөдөлмөрлөж л байгаа шүү дээ...
"Амьдрал хэцүү байна, төр засаг бүтэхгүй байна" гэж өөрөөс биш өрөөлөөс 100 хувь буруу хайж суугаа хүн цөөнгүй бий. Тэгвэл бид энэ удаад халамж авдаг ч хажуугаар нь хөдөлмөр эрхэлж, ажлын байр бий болгосон хөдөлмөрч гэр бүлийг БИДНИЙ НЭГ буландаа онцоллоо. Д.Эрдэнэбаяр 2000 оны үед Солонгост ажиллаж байхдаа үйлдвэрийн ослоор баруун гараа гэмтээжээ. Улмаар эх орондоо эргэн ирсэн байна.
Д.Эрдэнэбаярын гэргийг О.Эрдэнэтуяа гэдэг. Тэд 2011 онд танилцаж, эхнэр нь мөнгөний гахай хийхийг нөхөртөө заажээ. Улмаар 2012 онд "Бондгор гахай" гэх гэр бүлийн бизнес эрхэлж эхэлсэн байна. Тэд одоо таван хүний ажлын байр бий болгож чадсан. Хүү, бэрээ ажиллуулна. Бас нэг хүнийг цалинжуулна. Энэ гуравтаа өөрсдөө зааж, зөвлөж ажиллана.
Тэд одоогийн байдлаар 14 төрлийн мөнгөний гахай үйлдвэрлэж байгаа гэнэ. Мөн захиалгаар мөнгөний гахайн дээрээ хүссэн үгийг нь бичиж өгдөг аж. Мөнгөний гахайны талаар яриа өрнүүлэх үед тэрбээр "Би мөнгөний гахайны төрлүүдээс "Пороро" хийх илүү дуртай. Учир нь хүүхдүүд маш их авдаг юм. Энэ мөнгөний гахайнуудыг харсан л бол заавал нэг "Пороро" авдаг.
Айл гэрт аз жаргал бэлэглэдэг учраас мөнгөний гахайгаа хийх дуртай. Хүүхэд гэлтгүй 40 гарсан хүн хүртэл гахай авдаг. Дараа нь мөнгө хийгээд дүүрсэн гахайгаа хагалж байгаа зургаа явуулдаг. Тэрийг нь л харах хамгийн сайхан байдаг юм" хэмээн ярилаа.
ВИДЕО ҮЗЭХ:
Д.Эрдэнэбаяр, О.Эрдэнэтуяа хоёр хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй тул халамж авдаг. Д.Эрдэнэбаярын хувьд дээр дурдсанчлан үйлдвэрийн ослоор гараа гэмтээсэн бол эхнэр О.Эрдэнэтуяа нь төрөлхийн тагнай цоорхой, сонсголын бэрхшээлтэй аж. Гэхдээ тэд төрөөс өгөх халамж харж, зүгээр суухыг хүсээгүй. Хөдөлмөр эрхэлж, хүсэл тэмүүлэл дүүрэн амьдрахыг хүссэн.
Тэд энэ бизнесээ өргөжүүлж, илүү олон ажлын байр бий болгохыг хүсэж байгаа гэнэ. Энэ тухайгаа Д.Эрдэнэбаяр "Халамжийн улс болох гээд байна гэж хүмүүс ярьдаг юм. Миний бодлоор хүн болгон л хөдөлмөрлөж байгаа. Зөвхөн тэтгэврээ аваад амьдарч байгаа хүн хараагүй ээ. Архи уудаг хүн хүртэл уух архины мөнгөө олохын тулд хөдөлмөрлөж байгаа шүү дээ.
Гадуур орох оронгүй хүн зөндөө байна. Бид энэ бизнесээ илүү өргөжүүлэн ажлын байр нэмж, орох оронгүй хүмүүсийг дэмжихийг хүсдэг. Ажил хийх боломжтой гэр бүлийн хоёр хүнийг тогтмол ажлын байртай болгочихвол амьдрал нь өөрчлөгдөх байх гэж боддог" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 3 )
88644353
Холбогдох утас байна уу.
Утас нь байна уу