Монгол Улсын 2023 оны хөгжлийн төлөвлөгөөг цэгцтэй томьёолсон гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 05 сарын 11

“Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, гишүүдийн олонх нь дэмжлээ.

Гишүүдийн зүгээс өмнөх оны төлөвлөгөөний хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийсэн эсэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд хэрхэн анхаарсан зэргийг тодруулсан.

Харин Сангийн сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан хариултдаа, 2023 оны хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахдаа Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрүүдтэй уялдуулахын зэрэгцээ өмнөх жилүүдийн төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлсэн. Илүү цэгцтэй томьёолж оруулж ирсэн.

Тухайлбал, Монгол Улсын хөгжлийн 2021 оны төлөвлөгөө Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 15 хувь, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн 19 хувь, 2022 онд үндсэн чиглэлийн 38 хувь, мөрийн хөтөлбөрийн 42 хувь, 2023 онд үндсэн чиглэлийн 63 хувь, мөрийн хөтөлбөрийн 67 хувьд тус тус хүрнэ гэж тооцож, төлөвлөлтүүдээ хийсэн. Мөн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний дагуу 75 арга хэмжээг хэрэгжүүлнэ. Энэ бүгд иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэхэд чиглэж байна. Түүнчлэн “Эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр”-ийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлого хэрэгжинэ гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top